С.Лавров Монголд айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭУЛААНБААТАР. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын удирдлагуудтай хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Тэрбээр Улаанбаатарт албан ёсоор айлчилж байгаа юм. Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцааны цаашдын хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэнэ. Сайд бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлууд, янз бүрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Лавров мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, нийгэм-улс төр, шинжлэх ухааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхээр төлөвлөжээ.
Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах, мөн хоёр орны төрийн тэргүүн нарын 2014 оны есдүгээр сард хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажлыг хэлэлцэх нь айлчлалын гол үйл явдал болно гэж Оросын ГХЯ-ны мэдээлэлд онцлон дурдсан байна. “Уг баримт бичиг нь цогц шинжтэй бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбар болон олон улсын тавцанд цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.
Эн тэргүүний чиглэл
Монголыг чиглэсэн бодлого бол ОХУ-ын гадаад бодлогын эн тэргүүний чиглэлүүдийн нэгд тооцогддог. Лавровын хэлснээр, хэдийгээр хэсэг хугацааны өмнө тасалдсан байсан боловч хоёр орны харилцаа тогтворжиж байна. “Одоо өндөр, дээд түвшинд яриа хэлцээ хийж байна, парламентын гишүүд, янз бүрийн яамд, байгууллагуудын хооронд нягт хэлхээ холбоо тогтоосон. Энэ бол бидний харилцааны том давуу тал гэж бид үзэж байна” гэж тэрбээр Монгол, Япон болон Хятадад айлчлахынхаа өмнө эдгээр орны хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Түүнчлэн 2014 онд нэвтрүүлсэн визгүй зорчих журам нь хоёр орны солилцоог эрчимжүүлэхэд ихээхэн нөлөөлснийг онцлон тэмдэглэсэн байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломж
ОХУ-ын эрх баригчид худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Дэлхийн эдийн засгийн таагүй байдлын улмаас сүүлийн жилүүдэд хоёр орны бараа эргэлтийн хэмжээ буурчээ. 2015 оны эцсийн байдлаар энэ үзүүлэлт 23 хувиар буурч 1.16 тэрбум доллар болсон байна. “Энэ бол цаг зуурын үзэгдэл гэж би бодож байна. Бидэнд бараа эргэлтийн хэмжээг тогтвортой өсгөх голдиролд нь оруулах маш сайхан боломж бий” гэж Оросын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Талууд эрчим хүч, тээвэр зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа юм. “Монголд нийлүүлэх тээвэр болон эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, Монголын дэд бүтцийн болон уул уурхайн олборлох салбарын төслүүдэд Оросын компаниудын оролцоог нэмэгдүүлэх таатай боломж бий” гэж ГХЯ онцлон тэмдэглэлээ.
ОХУ олон улсын интеграцийн үйл явц, юуны өмнө Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ хамтын ажиллагааны хүрээнд худалдааг чөлөөлөх асуудалд гол анхаарлаа хандуулж байна.
Олон улсын асуудлууд
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 2014 оны есдүгээр сарын 11-нд Душанбед хийсэн Орос-Монгол-Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эхлүүлсэн гурван орны хамтын ажиллагааны механизм” гол үүргийг гүйцэтгэж байна. Владимир Путин, Ц.Элбэгдорж, Си Зинпин нарын 2015 оны долдугаар сарын 9-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурж баталсан Орос, Хятад болон Монголын дунд хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Замын зураг болон бусад баримт бичгийн заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улсын хамтын ажиллагаанд шинэ үе шатыг эхлүүлэх зорилготой” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны тайлбарт дурдсан байна.
Орос-Хятад-Монголын эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөрийг зөвшилцөхөөр 2015 оны 12 дугаар сард тусгай ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ баримт бичгийг батлах асуудлыг энэ оны зургадугаар сард Ташкент хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр уламжлал ёсоор хийхээр төлөвлөж байгаа гурван орны өндөр дээд түвшний гурав дахь уулзалтын үеэр хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байна" гэж тус яамны мэдээлэлд дурджээ.
Москва болон Улаанбаатар НҮБ-ын хүрээнд нягт хамтран ажилладаг болохыг Лавров дурджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын гаргасан олон санаачилгыг Монгол Улсын зүгээс Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагын хүрээнд дэмжсэнд талархаж байна. “Бидний хувьд Монгол улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлтийг дэмжиж байлаа. Олон улсын энэ байгууллагын хүрээнд хоёр тал үйл ажиллагаагаа нягт зохицуулна хэмээн найдаж байна” гэж сайд хэллээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсныхаа дараа Япон улсыг зорино. Түүний Токиод хийх айлчлалын гол зорилгуудын нэг бол хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсоны дагуу Орос-Японы өндөр дээд түвшинд хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэх юм.
Д.Жаргал