Ераванд автобус дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЕРЕВАН. /BBC/. Армений нийслэл Ереван хотод даваа гарагт автобусанд тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас дэлбэрэлт болсон гэж тус улсын Цагдаагийн газрын дарга Владимир Гаспарян мэдэгджээ.
Түүний хэлснээр, тэсрэх төхөөрөмж автобусны баруун талын хоёр дахь эгнээний суудалд дэлбэрсэн бөгөөд бутардаг бөмбөг биш аж. Гэхдээ тэрбээр тэсрэх төхөөрөмжийн талаар болон хэрхэн дэлбэлсэн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Дэлбэрэлт болсны дараа гал гараагүй гэж Армений Цагдаагийн газрын даргын зөвлөх Нарек Малян ярилаа.
“Автобус шатаагүй “хуурай” дэлбэрэлт болсон бөгөөд хөдөлгөөнд оролцож байх үед нь дэлбэрсэн. Тэсрэх төхөөрөмж бутардаг бус хийн хүчээр дэлбэрдэг бөмбөг байсан” гэж тэрбээр “Facebook” дэх хуудсандаа бичсэн байна.
Одоо цагдаа нар ажиглалтын камерын бичлэгийг нарийвчлан үзэж байгаа аж. Бөмбөгийг автобусанд суурилуулсан эсвэл зорчигчдын нэг нь авч явж байсан эсэх талаар цагдаа нарт одоогоор мэдээлэл байхгүй байгаа аж.
Одоогоор болсон хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Уг дэлбэрэлт нь халдлага байсан эсэхийг хэргийн газарт үзлэг хийж дууссаны дараа мэдээлэх аж.
Ереван хотын төвд даваа гарагийн орой “Богдан” маркийн зорчигч тээврийн автобус дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, наад зах нь долоон хүн гэмтэж шархаджээ. Өсвөр насны хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна.
Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд чимээ нь зэргэлдээх хороололд сонсогджээ.
Д.Жаргал