Турк улс Баянхонгорт жижиг дунд, үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:30:24

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз энэ сарын 12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт албан айлчлал хийлээ. Тус айлчлалаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол эрүүл мэнд, дэд  бүтэц зэрэг салбаруудад хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцжээ.

Ноён Мурат Карагөз аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо болон бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан санал солилцож зөвшилцсөн байна. Турк улсын эдийн засгийн гол хүчин зүйл нь жижиг дунд үйлдвэрлэл байдаг бөгөөд тэр ч утгаараа Баянхонгор аймагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан юм. Ингэхдээ тус салбарыг хэрхэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар зөвлөмж өгч, тэдэнтэй харилцан санал солилцсон.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу 13-ны 09.00 цагт Политехник коллежийн зааланд оюутнуудтай уулзаж Турк улсад суралцах боломж, засгийн газрын тэтгэлэг зэргийн талаар мэдээлэл өгсөн байна. Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улсад сурах сонирхолтой оюутан залуус сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг тэрбээр хэлж байна. Оюутан сурагчдын хувьд тус улсад суралцах, мөн сурангаа ажиллах, цаашид амьдрах гээд олон талын боломж байгааг мөн онцолсон. Түүнчлэн Их, Дээд сургуулиудын төлбөр Монгол Улсын Их, Дээд сургуулиудаас бага буюу 350-400 орчим доллар болохыг хэлж байлаа.

Б.Мөнхзул

関連ニュース