Гал түймэр унтраах дадлага сургууль хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-15 11:19:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн хамт олон тактикийн сургуулийг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулжээ. 

Энэ хүрээнд тус сумын газар нутаг дэвсгэрт "Газар хөдлөлт болсны улмаас гал түймэр гарч байна" гэх цагийн байдал, жишээний дагуу ажиллаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх дадлага хийсэн байна.

Мөн "Гал түймрийн аюул”-аас урьдчилан сэргийлэх, "Газар хөдлөлт”-ийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвийн дагуу холбогдох мэргэжилтнүүд танхимын сургалт явуулжээ.

Түүнчлэн Булган сумын "Соёлын ордон"-ны нэгдүгээр давхарт утаанд хордсон нэг иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж, анхны тусламж үзүүлэх сургууль хийсэн байна.

Мөн “Соёлын ордон”-ы авто машины зогсоолд байсан Mazda маркийн автомашинд гарсан галыг унтраах ажиллагаа явуулах, ослын үед хоёр давхар барилгаас буух зэрэг үзүүлэх сургууль хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

関連ニュース