4000 км замыг дугуйгаар туулахаар Ховд аймгаас хөдөлсөн аялагч Д.Цэрэндорж 62 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын нутаг дэвсгэрийг тусгай маршрут гаргаж, унадаг дугуйгаар ганцаараа тойрох аяллыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж "Би монгол эх орны хүү" уриатайгаар эхлүүлсэн.
Тэрбээр өдгөө 62 настай
бөгөөд Ховд аймгийн "Монгол алтай" дугуйн холбооны тэргүүнээр ажиллаж
буй.
Энэхүү дугуйн аяллыг өнгөрсөн оноос эхлэн төлөвлөсөн. Эхний ээлжинд Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар гурав, дөрөвдүгээр сард дугуйн аялал хийсэн аж. Улмаар коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан түр хугацаанд аяллыг завсарласан. Ингээд цаг үеийн нөхцөл байдал, халдварын тархалт багассан учраас аялаа тавдугаар сарын 19-нд дахин эхлүүлжээ.
Аялагч Д.Цэрэндоржийн "Алтай таван богд"-оос Дорнод аймаг хүрэх дугуйн аялал амжилттай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, 4000 км замыг дугуйгаар туулахаар Ховд аймгаас хөдөлсөн Д.Цэрэндорж гуай одоо 1480 км замыг найман шөнө, есөн өдрийн хугацаанд туулж Улаанбаатар хотод ирсэн гэж мэдээллээ.
Ховд аймгаас Улаанбаатар
хот чиглэлд явахад замд тааралдаж туслалцаа үзүүлсэн иргэд, зарим дугуйн
холбооны гишүүд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Шүүхийн
шинжилгээний албаны хамт олонд тэрбээр талархал
илэрхийллээ.
Аяллын хугацаандаа олон бэрхшээлийг даван туулж эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил гарган яваа аялагч
Д.Цэрэндорж Canondale trail7 гэх дугуйтай явж байна.
Түүний дугуйн аялал нь хууль эрх
зүйн салбарын олон тэмдэглэлт ойг угтаж эхэлснээрээ онцлогтой. Мөн өсвөр үе, залуучуудад эх оронч
үзлийг төлөвшүүлэх, дугуйн спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахаар зорьж буй.
Түүний аяллын хоёрдугаар маршрут Сэлэнгэ аймгаас Замын-Үүд чиглэлд үргэлжлэх аж.
