Ирак даяар 3 хоногийн гашуудал зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /Xinhua/. Иракийн нийслэл Багдад хотод өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон автомашины дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад өчигдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарлажээ. Уг халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 166 болж нэмэгдээд байна.
Иракийн ДХЯ-ны эх сурвалжийн мэдээлснээр, Багдад хотын өмнөд хэсгийн Каррада-Дахил дүүрэгт ням гарагт амиа золиослогч автомашин дэлбэлсний улмаас наад зах нь 166 хүн амиа алдаж, 225 хүн шархаджээ.
Лалын шашны шиит урсгалыг дагагсад голдуу амьдардаг дүүрэгт болсон энэ халдлагыг “Лалын улс”-ын цэрэгжсэн бүлэглэл үйлдсэн юм.
Тус улсын Ерөнхий сайд Хайдер Аль-Абади дэлбэрэлт болсон газарт очсоныхоо дараа гурав хоногийн гашуудал зарласан байна. Ард түмнээ хамгаалж чадахгүй байна гэж засгийн газрыг буруушаан бухимдсан хүмүүс Ерөнхий сайдын автомашины цуваа руу дайрчээ.
Шархадсан олон хүний бие тааруу байгаа учир амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй байна.
НҮБ-ын Иракт туслах хүчний гаргасан тайлан мэдээнээс үзвэл, тус улсын хэмжээнд энэ оны зургадугаар сард гэхэд терроризм, хүчирхийлэл болон зэвсэгт мөргөлдөөний улмаас 662 хүн амь үрэгдэж, 1457 хүн шархаджээ.
Г.Доржханд