Зүүмэл даавуун бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-17 14:20:26

Ховд /МОНЦАМЭ/. Ажилгүй, зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, даавууны жижиг хэсэг, ашиглахгүй байгаа хувцас зэргийг хаяхгүйгээр хэрэгцээт бүтээгдэхүүн шинээр урлах арга зүй эзэмшүүлэх зорилготой гурван өдрийн сургалт Ховд аймагт боллоо   

Энэхүү сургалтыг Германы хамтын ажиллагааны (GIZ) байгууллага, SPACES буюу тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь төслийн дэмжлэгтэй Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, "Шинэ замнал" ТББ-ын дэргэдэх "Зүүмэл урлал"-ын төв хамтран зохион байгуулсан аж.    

Сургалтад Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн сумаас 30 гаруй эмэгтэй оролцож, зүүмэл даавуун бүтээгдэхүүн урлах, эсгүүр гаргах арга зүйд суралцжээ.  

Улмаар энэ сарын 16-нд гарын доорх матeриал ашиглан хийсэн бүтээгдэхүүнээ танилцуулах зорилго бүхий үзэсгэлэн гаргалаа. Энд цүнх, бээлий, хантааз, дэрний уут зэрэг гэр ахуйн болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн байна.  


Энэ удаагийн сургалтад оролцогчид цаашид бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулах замаар хамтран ажиллах, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж

Мөн цаашид сум орон нутгийн зүгээс эдгээр эмэгтэйг ажлын байртай болгох, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, тeхник тоног төхөөрөмж нийлүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамруулах чиглэлд анхаарч ажиллах юм.  

Өмнө нь (10 дугаар сардхөдөөгийн сумын эмэгтэйчүүдэд зориулсан "Ховд брэнд" гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн сургалт болж байсан. Сургалтын үр дүнд эмэгтэйчүүд даавуун тор, бусад төрлийн гар урлалын бүтээгдэхүүн оёж, худалдан борлуулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. 

Уг ажил нь аймаг, сум орон нутгийн эдийн засаг, байгаль орчинд мөн эeрэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд хэллээ.   


関連ニュース