ХОВД: Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-31 13:21:53

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2025 оны зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Зургаадугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь алтайн өвөр говиор +20+24 градус, бусад нутгаар +13+19 градус дулаан байдаг. Харин тухайн сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нутгийн өмнөд хэсгээр 10-20 мм, бусад нутгаар 20-50 мм ордог. 


Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.


Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд, ирэх сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. 


Агаарын температурын хувьд зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-2 градус хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч,  гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан байх төлөвтэй байна. 


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй.  


関連ニュース