Урианхай мөсний шагайн харваагаар 20 гаруй хүн өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-22 09:22:56

Ховд /МОНЦАМЭ/. Ардын тоглоом наадгайг өвлөн уламжлагч Д.Чулуунбаатар санаачлан “Урианхай мөсний шагайн харваа тэмцээнийг Ховд аймгийн төвд зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь олон нийтийн дунд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, шагайн наадгайн мартагдаж буй төрлийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилготой байв.

Тэмцээнд 20 гаруй хүн ганцаарчилсан төрлөөр оролцсон бөгөөд энэ сарын 20-ны өдөр мөсөн талбайд тусгайлан бэлдэж, эгнүүлэн тавьсан зээр, бөг (бог малын шагай)-ийг 15 мeтр зайнаас сум (бод малын шагай)-аар харван онож, цэц мэргэнээ сорилоо.

Ингэхдээ оролцогчид зээр оновол нэг оноо, бөг оновол хоёр оноогоор тооцож, эцсийн дүнг гаргажээ.

Улмаар Ховд их сургуулийн багш Б.Батсайхан тэмцээний тэргүүн байрт шалгарсан бол спортын мастер З.Баярсайхан дэд байр, Капитрон банкны ажилчин П.Түвшинчулуун гуравдугаар байрт шалгарч, шагналаа гардан авсан байна. 

関連ニュース