Улсын аварга малчин Х.Балдан мал сүргээ эрүүлжүүлэхэд тогтмол анхаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Х.Балдангийн гэр бүл энэ жил Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа хүлээн авлаа.
"Хайстын арын
хашаа" гэх газар хаваржиж буй энэ гэр бүл анх эцэг, эхээс өмч болгон өгсөн
300-гаад толгой малтай өрх тусгаарлаж байсан бол одоо 2200 гаруй толгой малтай
болжээ.
Малчин Х.Балдан нь 1970 онд төрсөн. Эхнэр, таван хүүхдийн хамт
амьдардаг бөгөөд тасралтгүй 34 жил мал
маллаж байна. Мал сүргээ 2015 оноос хойш малын
индексжүүлсэн даатгалд хамруулсан ба өсгөн үржүүлж байгаа Алтайн улаан ямаа нь
2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 873 толгойд хүрсэн байна.
Тэрбээр мал сүргээ эрүүлжүүлэх
ажилд байнга анхаарч,
жил бүр сумын мэргэжлийн байгууллагаар малынхаа ашиг шимийг тогтоолгож байгаа
аж. Стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч үржилд ашиглаж байна. Дунджаар
эм ямаанаас 400-420 гр, эр ямаанаас
700-930 гр ноолуур, нэг хониноос 1.8 кг ноос авсан нь ашиг шимийн дундаж
үзүүлэлтээс дээгүүр үзүүлэлт гэж сумын мэргэжилтнүүд онцоллоо.
Эднийх Халтар хар,
Бултамгай, гурван түнгэ, Зангийн тоом хэмээх газарт өвөлжөө, хаваржаатай. Үүндээ саравч, хашаа
хороог сэргээн
засварлаж, тохижуулсан бөгөөд энэ хавар 600-700 төл мал хүлээн авахаар байна.
Шинээр Улсын аварга
малчин цол хүртсэн Алтай сумын Алтангадас багийн малчин Х.Балдан, гэргий Ч.Цагаанхичиг нарын шагналыг ХХААХҮ-ийн
сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Ховд аймгийн Засаг дарга
Б.Дүгэржав нар гардуулан өгч, баяр хүргэв.
10 орчим залууг малжуулжээ
“Х.Балдан нь бэлчээрийн бүс нутгийг хамгаалахын тулд
хуваарьтай ашиглан байгаль хамгаалах төлөвлөгөөг малчдын хоршоогоороо хэлэлцэн
баталж, мөрдөн ажилладаг ба “Мерси
кор” олон
улсын байгууллагатай хамтран Шүүрэгтэйн худгийг сэргээн засварлахад нэг сая
төгрөгийн хандив өгч,
хамгаалалт хийж хүн, мал,
амьтдын ундны усны хэрэгцээнд ашиглаж байгаа. Өтөг бууцаа жилийн дөрвөн улиралд халваргүйжүүлдэг. Энэ мэт арга туршлагаараа сум орон нутагтаа тэргүүлдэг малчин” гэж сумын удирдлагууд хэллээ.
Мөн малчин Х.Балдангийн гэр бүл өвөлжилт, хаваржилтын
бэлтгэл хангах зорилгоор жил
бүр 3-10
тонн хадлан, 0.5-2 тонн гар тэжээл, 0.2- 4 тонн хужир шүү бэлтгэдэг аж.
Тэрбээр малч ухаан, нүүдэлчин соёлоо хадгалж, Д.Баатарсүрэн, Н.Хүрлээ, Ч.Түмэндэмбэрэл нарын залуу малчидтай хамт отор нүүдэл хийж, тэдэнд болон
нутгийн иргэдэд мал маллах арга
туршлагаа хуваалцаж явна.
Одоогоор 10 орчим залууг
малжуулсан гэнэ. Үүнээс онцлоход, цөөн
тооны малтай байсан Ч.Түмэндэмбэрэлийг малжуулсан ба тус малчин 2020 онд
Аймгийн аварга малчин цолны болзол хангасан байна.
Мөн жил бүр 80-165 хүртэл
толгой үржлийн малыг залуу малчдад ажлын
байр бий болгох зориулалтаар хямд үнээр худалдах эсвэл хандиваар өгч малаа
эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм.