Ховдод 36 залуучуудын хөгжлийн зөвлөл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-28 19:40:12

Ховд /МОНЦАМЭ/. “New story” хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа Ховд аймагт амжилттай үргэлжилж байна.

“Шинэ түүх - New Story” хөгжлийн хөтөлбөрийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлж байгаа юм.   

Уг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Ховд аймагт Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг чадавхжуулах, идэвхжүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Энэ үеэр салбар зөвлөлүүдийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэлийн талаар танилцуулж, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн сайн туршлагыг танилцуулав.     

2021 оны байдлаар улсын хэмжээнд 436 залуучуудын хөгжлийн зөвлөл ажиллаж байна. Үүнээс 36 хөгжлийн зөвлөл нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 500 гаруй гишүүн, тэргүүлэгчтэй.

Яг өнөөдрийн үйл ажиллагаанд тэдний төлөөлөл болох 17 сумын 100 гаруй залуус оролцож байна. Аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаараа онцлогтой.

Энэ үеэр залуусыг орон нутагт нь ажлын байраар хангах нэг гарц бол сумын залуучуудын зөвлөлийн дэргэд “Ажлын байрыг дэмжих хоршоо” байгуулах гэж үзэж байна. Орон нутагт ажлын байр бага. Мөн залуусын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ багагүй бий. Энэ нь ажлын байраа алдах нэг тулгамдсан асуудал болж байна. Иймээс энэ удаагийн үйл ажиллагаанд оролцогчид архинаас татгалзах уриалга гаргаж, өөрөө өөртөө ажлын байр гарган оролцоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.

Үүнээс гадна "New story" хөгжлийн хөтөлбөр хүрээнд ерөнхий болосвролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг өрнүүлж, мэргэжлээ хэрхэн сонгох, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах шинэлэг боломжуудын талаар лекц, мэдээлэл танилцууллаа. Үүнд 600 гаруй сурагч оролцож, хөдөлмөрийн зах зээлийн талаарх бодит ойлголт, ирээдүйн чиг хандлагын талаарх мэдлэгээ өргөжүүллээ.  

 

 

関連ニュース