Ховдод шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил 79.3 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-29 18:17:22

Ховд /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 27-29-ний өдөр Ховд аймагт ажиллав.


Энэ үеэр тус аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа.

Мөн аймгийн Онцгой комиссын хурал зохион байгуулж, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын дарга нарт хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.

Тодруулбал, цаашид шүлхий өвчнийг таслан зогсоох, тэмцэх, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг зөвлөв. Ингэхдээ аймаг, сум хоорондын малын шилжилт, хөдөлгөөн, мал, махны худалдаа, тээвэрлэлтэд хяналт тавих, малчид, мал бүхий иргэдтэй “хариуцлагын гэрээ” байгуулж ажиллах, сум, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн “Хурдан морины уралдаан”-ы хугацааг хойшлуулах шийдвэр гаргах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын аяныг Ховд аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.

Тус аймгийн 17 сумын 87 багийн 205100 үхэр, 272 гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад хамруулах ёстой.

Өнөөдрийн байдлаар 4853 өрхийн 163250 үхэр, 120 гахай гээд нийт 163370 толгой мал, амьтныг дархлаажуулалтад хамруулж, 79.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

 

 

関連ニュース