БУЛГАН: Кёнги аймгийн төлөөлөгчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-20 11:36:16

Булган, тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн хойд бүсийн Скаутын холбооны төлөөлөгчид Булган аймагт тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зочиллоо. 





Монголын Скаутын холбооны Булган аймаг дахь салбар зөвлөл Кёнги аймгийн хойд бүсийн холбоо нь хоёр орны скаутын зөвлөлийн удирдагчид болон албаны хүмүүс скаутын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд найрамдалт харилцааг тогтоон ажиллаж байгаа юм.


Энэ ажлын хүрээнд Хойд Кёнги аймгийн зөвлөл сайн дурын ажлыг хийж гүйцэтгэхээр Булган аймагт 25 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ.


Кёнги аймгийн хойд бүсийн ерөнхий зөвлөх Жан Ёон Вон нарын төлөөлөл тус аймгийн удирдлагуудтай санал солилцож, цаашдын гадаад харилцааны чиглэлээр Булган аймгаас Кёнги аймгийн Шинхан их сургуульд суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх, 2023 онд 20 оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар хүлээн авсан бол энэ намар 40 оюутан хүлээн авах боломж байгааг онцоллоо.




Кёнги аймгийн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Булган аймгийн “Сансар-2" сааданд аймгийн cкаутуудын холбооны гишүүдийн хамтаар мод тарьж, Хөгжимт бүжгийн театрт Солонгосын ардын урлагийн тоглолтоо Булганыханд хүргэсэн байна.  


関連ニュース