ДОРНОД: Жирэмсэн үеийн эрсдэл 20 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-24 08:33:02

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн насны эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдийг torch халдварын шинжилгээнд хамруулж, илэрсэн халдварыг эмчилж байна. Үүний үр дүнд зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил жилд 20 хувиар буурчээ.


Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нярайн скрининг, дөнгөж төрсөн нярайд элэгний В вирусний вакцин хийж байгаа юм. Скрининг шинжилгээ нь нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр эмчилгээнд цаг алдалгүй хамруулдаг үр дүнтэй. Ийнхүү эрт үеийн эндэгдэл, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж нэмэгдэж байна.


Дорнод аймагт жилд хоёр мянга орчим эх амарждаг. Тэдний 10-13 хувь нь элэгний В вирусний халдвартай эхчүүд байдаг учраас төрсөн нярайд элэгний В вирусний эсрэг вакцин хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломж бүрдэж байна.

関連ニュース