ДАРХАН-УУЛ: Арванзургаан сүм, хийдийн зөвшөөрлийг сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 24 дүгээр хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Буянхишиг зөвшөөрлөө сунгах хүсэлт өгсөн сүм, хийдийг танилцуулж, холбогдох бичиг, баримтыг төлөөлөгчдөд өгөв.
Төлөөлөгчид холбогдох бичиг баримттай танилцаж, үйл ажиллагаа явуулахаар материалаа өгсөн дараах 16 сүм, хийдийн зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.
Үүнд “Есүсийн тосгон” сүм, “Нэг довныхон холбоо” сүм, Долоо дахь өдрийн Адвентист сүм /Шинэ амьдрал/, Самъяа хийд, Дархан-Эзэний цуглаан, Есүсийн алдар сүм, Дархан христийн чуулган, Номун далай дацан, Лэгшад донгойлон төв, Хөвөгч авдар Есүсийн хайр сүм, Шинэчлэл холбоо сүм, Христийн чуулганы Итгэл сүм, Бал Сажа Нарохажид хийд, Дархан амьд үг, Ywam darkhan Mongolia төв , Мэргэн даяанчийн Гэлэгпэлжээлин хийд зэрэг сүм, шашны байгууллагын зөвшөөрлийг сунгалаа.
Одоогоор аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2018 оны 11/02 дугаар тогтоолоор баталсан “Сүм хийдийн үйл
ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг мөрдөн ажиллаж
байгаа ажээ. Дархан-Уул аймагт Будда, Христос, Мусалман шашны зэрэг нийт 33 сүм,
хийд үйл ажиллагаа явуулдаг аж.
Аймгийн Нийгэм, цахим бодлогын
хөгжлийн хорооны Төлөөлөгчид болон Засаг даргаас томилсон ажлын хэсэг
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын үйл ажиллагаатай
газар дээр үзэж танилцсан бөгөөд Хуралдаанаар хяналт шалгалтын ажлын тайланг танилцуулав.