Дэлхийн аварга Р.Варан хөлбөмбөгчний замналаа дуусгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-25 17:31:24

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 25 /РИА Новости/. Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж байсан Рафаэл Варан мэргэжлийн тамирчны замналаа дуусгаж байгаагаа мэдэгдсэнийг Le Parisien сонинд мэдээлжээ.


Гэхдээ тэрбээр Италийн “Комо” багт үлдэж, тоглогчийн бус үүрэг гүйцэтгэх бололтой.  


Өдгөө 31 настай хамгаалагч Р.Вараны Английн “Манчестер Юнайтед” багтай байгуулсан гэрээ нь энэ зун дуусгавар болсон тул тэрбээр Италийн аварга шалгаруулах тэмцээний дээд дивизионд анх удаа тоглож буй “Комо” багтай хоёр жилийн гэрээ байгуулсан юм. Гэвч наймдугаар сарын дундуур болсон Италийн цомын тэмцээний тоглолтын үеэр Варан өвдгөндөө хүнд гэмтэл авсан тул Сери А-гийн тэмцээнд оролцох хөлбөмбөгчдийн мэдүүлэгт түүний нэр алга байлаа.


“Би мянган удаа унаж босож байсан, энэ удаад яах аргагүй хөл бөмбөгийн гутлаа өлгөх цаг иржээ. Ингэснээр талбайн гаднах миний шинэ амьдрал эхэлж байна. Гэхдээ би “Комо”-д үлдэнэ. Зүгээр л шаахайгаа өмсөхгүй гэсэн үг. Та бүхэнтэйгээ шинэ мэдээ хуваалцах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр Инстаграм хуудсандаа бичжээ.


Р.Варан Францын “Ланс”, Испанийн “Реал” багуудын бүрэлдэхүүнд тоглож байхдаа Аваргуудын лигийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж байсан юм. Мөн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-нд түрүүлж, 2022 оны Катарын ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж байв. 

関連ニュース