Онгоцны ослоос амьд үлдсэн хөлбөмбөгчин талбайдаа дахин гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-12-03 12:33:16

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Энэ долоо хоногийн даваа гарагт Колумбад болсон онгоцны ослоос амьд үлдсэн таван хүний нэг болох Бразилын хөлбөмбөгчний бие тэнхэрч байгаа тухай түүний аав нь хэлээд “хүү маань дахин талбайдаа гарч магадгүй” гэв.

Эмч нарын хэлснээр, Бразилын хөлбөмбөгийн "Шапекоэнсе" багийн хамгаалагч, 31 настай Хелио Хермито Зампиер Нетогийн биеийн байдал тогтвортой байна. Тэрбээр уушги, өвдөг, бугуй болон толгойн тус газартаа гэмтэл авчээ.

Захиалгат нислэг үйлдэж байсан нисэх онгоцонд 77 хүн, тэдний дотор  "Шапекоэнсе" багийн тамирчид сууж явснаас ердөө таван хүн амьд үлдсэн билээ.

Түлш дууссаны улмаас онгоц осолдсон гэсэн дүгнэлтийг Колумбын албаны хүмүүс гаргаад байгаа юм.

"Шапекоэнсе" багийнхан өөрсдийн түүхэн дэх хамгийн том тэмцээн буюу Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байжээ.

Г.Доржханд

関連ニュース