Сумдын хэсгийн төлөөлөгчдийн мэдээлэл солилцоо ердөө гар утасны түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-07 09:48:46
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага, иргэдийн оролцоог сайжруулъя ” сэдэвт аймгийн зөвлөлгөөнийг анх удаа зохион байгууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд тус аймаг малын хулгай гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Сумдын хэсгийн цагдаа, төлөөлөгчид техник, тоног төхөөрөмж хангалтгүй, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа муу, хяналтын постгүй учир авто машины замуудад хяналт тавих боломжгүй зэрэг нь малын хулгайн гэмт хэрэг өсөх гол шалтгаан болж байгаа. Тиймээс цаашид аймгийн Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллана гэв.
2017 онд аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс, орон нутагт хамгийн их үйлдэгддэг малын хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд ажил, арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ хүрээнд аймгийн Цагдаагийн газраас, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл /ГХУССЗ/, ИТХ, бүх сумдын малчин иргэдийн төлөөлөл гээд нийтдээ 100 гарй хүнийг оролцуулсан томоохон зөвлөлгөөнийг хийлээ.
“Орон нутгийн цагдаагийн байгууллагуудын хийдэг гол ажлуудын нэг бол малын хулгайн гэмт хэрэг байдаг. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Гол шалтгаан нь Сүхбаатар аймаг маань тал хээрийн бүс нутаг учир авто замын хөдөлгөөнд хяналт тавих боломжгүй, тээврийн хулгайн зам ихтэй. Нөгөө талаар манай сумдын хэсгийн төлөөлөгч нар үнэхээр гар мухар байна. Унах унаагүй, ямар ч мэдээлэл сүлжээнд холбогдож чадаагүй. Мэдээлэл солилцох ажил ердөө өөрсдийнх нь гар утасны түвшинд байгаа юм. Энэ нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байгаа нь үнэн. Тиймээс бид цаашид төр захиргааны байгууллага, ард иргэдийн тусламж дэмжлэгийг авч, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар дээрх гэмт хэргийг бууруулж, иргэдэд учирсан хохирлыг төлж барагдуулахад анхаарч ажиллах болно. Үүний талаар өнөөдрийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж байна. Төр ямар үүрэгтэй байхав, ГХУССЗ нь ямар үүрэг гүйцэтгэх юм, иргэд нь хэрхэн үүргээ биелүүлж эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах вэ гэдгийг тодорхойлж байна гэж ойлгож болно. Үүний үр дүнд малын хулгайн гэмт хэрэг буурна гэж үзэж байгаа...”хэмээн аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т.Ганзориг хэллээ.
Одоогоор аймгийн Цагдаагийн газар нь мал мах түүний гарал үүслийн баталгаажуулалтад хяналт тавих, замуудад байнгын болон түр постуудыг ажиллуулах, сэжигтэн яллагдагч нарыг бүртгэж байнгын хяналтанд байлгах, малын ээмэгний дугаарыг мессежээр шалгах, мал нядалгаа мах худалдаалах цэгүүдэд хяналт тавих, малчдад малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг тогтмол мессежээр өгөх зэргээр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна.
Харин цаашид Улаанбаатар хотруу явж буй Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумын төв замд цагдаагийн алба хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн ажиллаж амрах боломжтой, мах хураан шалгах эрүүл ахуйд нийцсэн цэгтэй, хяналтын камер, машин журамлах хашаатай, иргэд амрах бололцоо олгосон хэсэгтэй цагдаагийн хяналтын пост байгуулж, 24 цагаар ажиллуулж хүн автомашины хөдөлгөөн, байгаль орчны эсрэг болон малын хулгайн гэмт хэрэгт хяналт тавьбал урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.
Т. Одончимэг


 
関連ニュース