ТОКИО-2020
Паралимпын тосгонд Монголын багийн штаб ажиллаж эхэллээ

Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэлд болох "Токио-2020" зуны паралимпын XVI наадамд оролцохоор очсон, Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Паралимпын тамирчдын тосгонд Штабын байраа тохижуулаад байна.


"Токио-2020" паралимпын тосгоны 20 дугаар байрны 2 дугаар давхрын 202 тоотод байрлах Монголын багийн штабт, тус наадамд өрсөлдөх Монголын баг тамирчид цуглаж өдөр тутмын ажил, тэмцээн уралдааны бүх асуудал, цаг үеийн байдлыг ярилцан зөвшилцөж, аливаа асуудлыг шийдвэрлэж байх юм.



"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар 2021 оны 8 дугаар сарын 27-ны 9.00-12.00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.


Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.ЯдамдоржB3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана.


Түүнчлэн энэ өдрийн 14.00-17.00 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.















Паралимпын баг тамирчид бэлтгэлээ Токиод үргэлжлүүлж байна

Токио /МОНЦАМЭ/. Япон улсад"Токио-2020" зуны Паралимпын XVI наадамд өрсөлдөхөөр очоод байгаа Монголын паралимпын үндэсний шигшээ багийн тамирчид тус тусын заал, танхим, талбайдаа очиж бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүллээ.


Өнөөдөр жүдо бөх, байт харваа болон хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэлээ хийгээд тамирчдын тосгондоо ирээд амарч байна.



Пара жүдо бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 60 кг-д С.Ядамдорж, эмэгтэй жүдоч Н.Алтанцэцэг -70 кг жинд, байт харваагаар Н.Мөнхбаатар /эрэгтэй/, Д.Сэлэнгээ /эмэгтэй/, хөнгөн атлетикийн төрлөөр Д.Саруултөгс /бөөрөнцөг шидэлт/, П.Энхманлай /100 метр тэргэнцэртэй гүйлт/ нар паралимпын наадамд хүч, хурд, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.


Жүдо бөхийн дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Б.Нарантуяа, Т.Мөнгөнтуяа нар ажиллаж байгаа бол байт харвааны байт харвааны тамирчдыг Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Д.Баатаржав, түүний хүү Б.Золбоо нар  ажиллаж байна. Харин хөнгөн атлетикийн тамирчдыг Б.Батдорж, Б.Энхбаатар нар дасгалжуулж байгаа юм.



Мөн пауэрлифтингийн тамирчин, паралимпын хүрэл медаль, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Д.Баттулга  ажиллаж байгаа бол буудлагын дасгалжуулагчаар Д.Сонгохбаяр, таеквондогийн тамирчдыг Л.Отгонбаатар, О.Хосбаяр нар дасгалжуулж байна.


Ташрамд дуулгахад, Япон улсын нийслэл Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслол 2021 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар цагаар 19-22 /20:00-23:00 JST (UTC+9) цагт болно.



















“Токио-2020” паралимпын Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана

Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмыг зохион байгуулна.


Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцож байгаа юм.



Паралимпын XVI наадамд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.


Монголын үндэсний паралимпын хорооны тамирчдаас "Сидней-2000", "Афин-2004" зуны паралимпын наадмуудад гавьяат тамирчин Жамбалын Лхагважав, "Бээжин-2008" зуны паралимпын наадамд гавьяат дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн, "Лондон-2012" зуны паралимпын наадамд гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, "Рио-2016" зуны паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын алтан медальт Дамбадондогийн Баатаржав нар Төрийн далбаагаа өргөн жагссан түүхтэй.



Ташрамд сонирхуулахад, 2013 оны 9 дүгээр сарын 7-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон Олон улсын олимпын хорооны 125 дугаар чуулганаар “Токио-2020” оны XXXII олимп, паралимпын XVI наадмыг зохион байгуулах хотоор сонгогдсон юм. Ийнхүү 2020 оны олимпын наадмыг Токиод өгөх шийдвэрийг Япон даяараа баяр хөөрөөр дүүрэн угтсан бөгөөд 1964 оны Токиогийн наадамд ард түмнийг цочроосон сэтгэл хөдлөл, эрч хүчийг өгсөн үйл явдал 56 жилийн дараа дахин давтагдаж байгаа билээ.

Паралимпыг зохион байгуулагчдын дундаас халдварын 101 тохиолдол илэрчээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нд эхлэх Паралимпыг зохион байгуулахад оролцож буй хүмүүсийн дунд коронавирусний халдварын нийт 101 тохиолдол бүртгэгджээ. 


Энэ тухай "Токио-2020” цахим хуудсанд  нийтлэгдсэн тайланд мэдээлсэн байна.


Зохион байгуулагчид наймдугаар сарын 12-ноос эхлэн халдварын статистик мэдээллийг гаргаж эхэлжээ. Халдварын хамгийн олон тохиолдол (67) наадмыг зохион байгуулахаар хөлсөлсөн ажилтнуудын дунд бүртгэгдсэн байна. Өдөрт бүртгэгдсэн хамгийн олон буюу 18 шинэ тохиолдол наймдугаар сарын 18-нд илэрчээ.


Японд сүүлийн долоо хоногуудад өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын 20-нд 25 876 тохиолдол бүртгэгдсэн нь  өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 


Халдварын тархалтыг хязгаарлахын тулд Японы Засгийн газар Токио болон таван мужид зарласан онцгой байдлын хугацааг есдүгээр сарын 12 хүртэл сунгажээ. Үүнээс  гадна, онцгой байдлын дэглэмийн хамрах хүрээг өргөжүүлж, долоон мужийг хамруулсан байна.


Токиогийн Олимпын долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болж, ихэнх тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан билээ. Харин Паралимпын наадам Японы нийслэл хотод наймдугаар сарын 24-нд эхэлж есдүгээр 5-нд хаалтаа хийнэ. Паралимпын наадмыг мөн танхимын үзэгчгүйгээр явуулна.


Паралимпын наадамд оролцох баг тамирчдад Элчин сайд Х.Кобаяши  амжилт хүслээ

Токио /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 26-нд зуны Паралимпын наадмын бамбар асаж паралимпын тамирчид хурд хүчээ сорихоор товлосон ч дэлхий дахинд нүүрлэсэн Ковид-19” цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдсон билээ.


Харин жилийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд Токио хотноо болох Паралимпын XVI наадамд Монгол Улсаа төлөөлж буй баг тамирчдын эхний хэсэг өнөөдөр /2021.08.20/ Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Япон улсын нийслэлийг зорилоо.



Энэ удаагийн Паралимпын наадамд Монголын шигшээ багаас таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.



Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Монголын баг тамирчдыг үдэн гаргаж, амжилт хүслээ.



“Токио-2020” паралимпын наадамд оролцох эрхээ авч Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын амжилтын тухай сурвалжлагыг эрхэм спорт сонирхогч та бүхэндээ Токио хотоос толилуулахаар сэтгүүлчдийн баг энэ өдөр баг тамирчдын хамт явж байна.


Энэ удаагийн Паралимпын наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн багт МҮОНТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан, япон судлаач Д.Төмөрбаатар, Япон улсад ажиллаж байгаа сэтгүүлч Н.Базарсүрэн, МҮОНТ-ийн зураглаач С.Сүхбаатар нар багтжээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улс одоогоос 5 жилийн өмнө “Рио-2016” зуны XXXI олимпын наадамд оролцсон түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчнаа оролцуулсан билээ. Алсын Америк тивд болсон энэ олимпын наадмаас Монголын жүдоч Д.Сумъяа /мөнгө/, боксчин Д.Отгондалай /хүрэл/ хоёр л эх орондоо олимпын медальтай ирсэн нь монголчуудын сэтгэл ханамж тийм ч өндөр байгаагүй.


Тиймээ, Риогоос манай ард түмний хүлээлт их байсан энэ үед олимпын наадмын үргэлжлэл болсон “Рио-2016” паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман тамирчнаас хоёр хүрэл медаль, шагналт IV, V байрт шалгарсан амжилт гаргаж, 2016 оны зуны олимп, паралимпын наадамд оролцсон нийт баг тамирчдын амжилтын буухиаг үргэлжлүүлэн баяр бахархлыг нь төрүүлсэн билээ. Манай пара спортын шигшээ багаас жүдо бөхөөр Б.Ууганбаяр, пауэрлифтинг спортын төрлөөр Э.Содномпилжээ нар паралимпын хүрэл медалийг эх орондоо авчирсан.


Монгол Улсад 2018 оны албан ёсны статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга гаруй иргэн байгаагийн 55 хувь нь эрэгтэйчүүд, 45 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол Улс энэ иргэдийнхээ эрхийг хангаж, биеийн тамир спортоор хичээллүүлж дэлхийн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн адил спортын амжилт үзүүлж, эрүүл чийрэг, урам зориг дүүрэн амьдруулах үүрэгтэй. Тиймээс ч Монголд пара спортын олон төрлийг амжилттай хөгжүүлж олон улс, тив, дэлхий, паралимпын дэвжээнд манай тамирчид амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлсээр байгаа билээ. Тэдний энэ амжилт, ялалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их урам зориг, эрч хүч өгч, түгэн дэлгэрсээр байна.



Паралимпын үүсэл, хөгжлийн түүхэн замналын тухай товчхон танилцуулахад, Пара спортын хөгжил нь 1880 оноос эхэлсэн түүхтэй ч 1945 оноос нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх үйл явц нь Паралимпын хөдөлгөөнийг жинхэнэ утгаараа хөгжих үндсийг тавьсан гэж судлаачид үздэг.


Дэлхийн II дайны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд том дэвшил гарсан нь 1936 онд Германы нацист үзэлтнүүдээс дайжин Англи улс руу дүрвэсэн мэс засалч Людвиг Гютманы /1899-1980/ оруулсан хувь нэмэр онцгой юм. Тэрбээр спортоор дамжуулан тахир дутуу болсон өвчтөний сэтгэл санааг түргэн хугацаанд өргөх, физиологийн нөхөн сэргээлт, сэтгэл зүйн болон хувь хүнийг өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд биеийн тамир, спорт маш чухал ач тустайг нотолсон байна.



Л.Гютман Англи улсын Сток Мандевилли хотын эмнэлэгт нөхөн сэргээх онол болон практикийг бүхэлд нь спортод түшиглэн өөрчилсөн юм. Энэ нь удалгүй спортын хөдөлгөөн болон өрнөж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортоор гаргаж болох дээд амжилтуудыг харах боломжийг нээжээ.


Улмаар 1948 оны Лондонгийн олимпын наадамтай зэрэгцэн профессор Л.Гютман Сток Мандевиллийн наадмыг анх зохион явуулсан түүхтэй. Тус наадамд 1952 онд Англи болон Нидерландын ахмад дайчид оролцсоноор олон улсын наадам болж өргөжсөн түүхтэй.



“Паралимпын наадам” /Paralympic Games/ гэдгийг “Сөүл-1988” паралимпын наадмаас эхлэн албан ёсны нэр болгосон байна. Paralympic Games нь грекийн үгийн санд байдаг угтвар үг болох “Para” буюу “зэрэгцээ” гэсэн утга санаатай үгнээс улбаатай юм. Аль ч нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал жирийн хүмүүсийн адил “зэрэгцээ” оршдог тул энэ хүмүүсийн нийгэмд хүргэх дуу хоолойг спортын агуу баяр “Паралимпын наадам”-аар дамжуулан дэлхий нийтэд хүргэх, бэрхшээл зовлонг хамтдаа туулах, эвлэлдэн нэгдэх боломжийг бүрдүүлдэг. Мөн наадамд оролцсон улс орон бүр ХБИ-дээ эх дэлхийдээ сайхан амьдрах боломжийг бий болгож, хийсэн бүтээсэн зүйлээ паралимпын өв хөрөнгө болох хүмүүнлэгийн үйлсийн үнэ цэнийг улс бүхэнд түгээн дэлгэрүүлэх олон талын ач холбогдолтой наадам юм.



Өвөл, Зуны олимпын наадам зохион байгуулах эрх авсан улс орон Паралимпын наадмыг өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай, хүртээмжтэй орчин бий болгох үүргийг хүлээж, нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарал тавих болсон юм. 1990 онд паралимпын спортын холбоод нэгдсэнээр 1992 /09.22/ онд Германы Бонн хотноо Олон улсын Паралимпын хороо /ОУПХ/ албан ёсоор байгуулагдаж Төв оффис нь тус хотод үйл ажиллагаагаа явуулах болжээ.


ОУПХ байгуулагдсанаар бүтэц, зохион байгуулалт нь шинэчлэгдэж, анхны ерөнхийлөгчөөр Канад улсын иргэн, доктор Роберт Стедвард сонгогдож тус хорооноос өвөл, зуны паралимпын наадмыг зохион байгуулах, Үндэсний Паралимпын хороодыг удирдан чиглүүлэх, пара спортын олон улсын холбоодтой хамтарч ажиллах олон ажлыг Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны үйл ажиллагааны жишгийн дагуу явуулж эхэлсэн.


Харин 2002 онд шинэ ерөнхийлөгчөөр Сэр Филипп Грейвен сонгогдож ОУПХ-ны “Хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж “Пара спортын тамирчдын дээд амжилт гаргах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэх, тэдний спортын ур чадварыг дэлхий нийтэд гайхан бишрүүлэх, урам зориг өгөх” гэсэн уриа дэвшүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд БТС-оор анхан шатнаас хичээллэхээс эхлэн онцгой анхаарч, цаашид өндөр зэрэглэлийн тэмцээн, наадамд оролцоход бүх шатны байгууллага, спортын төрийн ба ТББ-ын оролцоо нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бөгөөд ОУПХ-ны төв штабт 20 шахам орны 70 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм.


ОУПХ-ны дээд байгууллага Ерөнхий Ассамблей бөгөөд Бүс хариуцсан байгууллага, Удирдах зөвлөл, Байнгын хороо /Допингийн эсрэг, боловсрол, санхүү-аудит, эдийн засаг, ёс зүй, Паралимпын наадмыг зохион байгуулах, спортын судалгаа, эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, эмэгтэйчүүд ба спорт, өвчний бэртэл гэмтэл тогтоох/-д ажилладаг. Мөн Тамирчдын зөвлөл, Олон улсын спорт хороодын зөвлөлүүд гэсэн бүтэц зохион байгуулалттай байдаг.


Олон улсын Спортын гэмтлийн ангилал тогтооно гэдэг нь пара тамирчдыг тэмцээнд оролцохоос өмнө тухайн тамирчны бэртэл гэмтэл нь тэмцээнд оролцох боломжтой эсэхийг эмч нарын нарийн үзлэг хийж тогтоодог. Ангилал тогтоохын үндэслэл нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ижил түвшинд шударга өрсөлдөөний зарчмаар тэмцээнд оролцох явдал юм. Паралимпын спортод хөгжлийн бэрхшээлийн 10 төрлийн ангиллыг багтаасан байдаг.


Тухайлбал, булчингийн хөгжил дутуу, хөдөлгөөн сааталтай, биеийн мөчний аль нэг хэсэг нь тайралттай, урт богино хөлтэй, одой хүмүүс, нуруу нугасны гэмтэлтэй, харааны бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй гэж ангилдаг.


Монгол Улсад 30-аад жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортоор хичээллүүлж эхлэх гараа тавигдаж, 2000 оны Сиднейн паралимпын наадамд анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй.


Монголчуудын 44 жил хүсэн хүлээсэн олимпын аварга “Бээжин-2008” зуны олимпын XXIX наадмаас төрсөн бөгөөд жүдоч Найдангийн Түвшинбаяр олимпын алтан медалийг анхлан хүртэж, 10 хоногийн дараа боксчин Энхбатын Бадар-Ууган хос алт болгож монгол зон олноо баярлуулж байв. Энэ сайхан амжилтын буухиаг үргэлжлүүлэн “Бээжин-2008” паралимпын наадмаас байт сурын төрлөөр паралимпын аварга болсон Дамбадондогийн Баатаржавт олимпын аваргуудын адил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан юм. Тэрбээр одоо 6 дахь паралимпын наадамдаа дасгалжуулагчаар оролцож байгаа юм.



Улмаар “Рио-2016” паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдаас жүдо бөх, пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртэж паралимпын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн. “Токио-2020 паралимпын XVI наадам өрсөлдөх Монголын баг тамирчиддаа амжилтын буухиаг үргэлжлүүлэн алт, мөнгө, хүрэл медальтай цөөнгүй тамирчид эх орондоо ирэх биз ээ.  















Токиод Паралимпын бэлгэ тэмдгийг байршуулжээ

ТОКИО. /Teller Report/. Токиогийн Паралимпын наадам ирэх мягмар гарагт эхлэх гэж буйтай холбогдуулан тус наадмын бэлгэ тэмдгийн аварга том хөшөөг Токио хотын далайн паркад байршууллаа.


Токиогийн “Одайба” далайн паркад баасан гаргийн өглөө байршуулсан улаан, хөх, ногоон өнгийн бэлгэ тэмдгийн хөшөөний өргөн 23 метр, өндөр нь 17 метр ажээ.


Энэхүү хөшөөг Паралимпын наадмын хаалтын ёслолыг дуустал буюу есдүгээр сарын 5 хүртэл байршуулах бөгөөд оройн 19 цагаас 05 цаг хүртэл гэрэлтүүлнэ.


Гэвч Токиогийн засаг захиргааны төлөөлөгчид бэлгэ тэмдгийг заавал биечлэн ирж үзэхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан үзэхийг уриалж байна.


Токиод "COVID-19" халдварын тархалтыг хязгаарлахын тулд онцгой байдал тогтоосон хэвээр байгаа юм. Үүний зэрэгцээ сүүлийн үед халдвар хурдацтай тархах болсны улмаас орон нутгийн эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдэх болоод байна.

"Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдын эхний ээлж Япон улсыг зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын наадамд оролцох баг эхний ээлжийн тамирчдын баг 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Токиог зорьж байна.


Монголчууд энэ удаагийн паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таеквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпын наадам энэ сарын 24-нөөс ирэх сарын 5-нд явагдах бөгөөд 4 400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

Паралимпын хотхонд халдварын анхны тохиолдол илэрчээ

ТОКИО. /BBC/. Токиогийн Паралимпын наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй энэ үед тамирчдын хотхонд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрлээ гэж тус наадмын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлжээ.


Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тухайд тамирчин, Японы иргэний аль аль нь биш гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдэгдсэн байна.


Өнөөдрийн байдлаар Паралимпын наадамтай холбоотой халдварын 70 гаруй тохиолдол илэрсний дийлэнх нь гэрээт ажилтан, арын албаны ажилтнууд байгааг зохион байгуулагчид мэдээлээд буй юм.


Токиогийн Паралимп наймдугаар сарын 24-нд буюу таван хоногийн дараа албан ёсоор эхлэх бөгөөд энэхүү наадамд 160 орчим багийн 4400 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.


Тамирчид Олимпын наадмынхтай адил өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдахаас гадна тамирчдын хотхонд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөх ажээ.  


Токиод онцгой байдлын дэглэмийг дөрөв дэх удаагаа тогтоогоод буйтай холбогдуулан зохион байгуулагчид наадмын тэмцээнүүдийг Олимпын адил танхимын үзэгчгүйгээр явуулах шийдвэрийг саяхан гаргасан билээ.


Японд сүүлийн үед өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 20 мянга давж буй нь улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болоод байгаа юм. 

Тамирчдын хотхоныг дахин нээлээ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн наадмын тамирчдын хотхоныг өнөөдөр буюу Паралимпын наадам эхлэхээс нэг долоо хоногийн өмнө нээлээ. Харин коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн улмаас нээлтийн ёслол болон өөр бусад үйл ажиллагааг зохион байгуулаагүй байна.


Паралимпын наадамд 160 улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцох төлөвтэй байгаа ч өнөө өглөөний байдлаар тамирчид хараахан ирээгүй байна.


Паралимпын тамирчдыг тэмцээнээ эхлэхээс долоо хоногийн өмнө ирэхийг зөвшөөрөөд байгаа нь Олимпын тамирчдад олгосон хугацаанаас хоёр хоногоор урт гэсэн үг юм. Мөн тэд тэмцээндээ оролцсоноосоо хойш хоёр хоногийн дотор хотхоныг орхин явах шаардлагатай.


Японы баг тамирчдын хувьд лхагва гаргаас хотхонд байрлаж эхлэх төлөвтэй байна. Паралимпын тэмцээнүүд энэ сарын 25-наас буюу нээлтийн ёслолоосоо нэг хоногийн дараа эхлэх юм.


Зохион байгуулах хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, Паралимпын наадамд оролцох тамирчдын тоо Олимпынхоос 50 гаруй хувиар бага тул тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй тамирчдад орон зай бий болгох үүднээс хоолны газрын ширээ, сандлын тоог цөөрүүлжээ.


Өнгөрсөн ням гарагт протез засах төв болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг хотхонд ажиллуулж эхэлсэн бөгөөд ийм төрлийн үйлчилгээг наадмын үеэр үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. 

Паралимпын наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулна

ТОКИО. /Nikkei/. Токиогийн Паралимпын наадмыг энэ сарын 8-нд өндөрлөсөн Олимпын наадмын нэгэн адил танхимын үзэгчгүйгээр явуулахаар боллоо.


Энэхүү наадмыг зохион байгуулагчид нийслэл Токио хот болон хөрш зэргэлдээ оршдог Сайтама, Чиба мужид “COVID-19” халдварын улмаас онцгой байдал тогтоогоод буйтай холбогдуулан ийнхүү шийдвэрлэжээ.


Харин сурагчдад Паралимпын тэмцээнүүдийг үзүүлэх хөтөлбөрийг орон нутгийн засаг захиргаа, сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүдийн санал бодлыг харгалзан хэрэгжүүлэх ажээ.


“Бид Олимпын наадмын үеэр хуримтлуулсан туршлагаа ашиглан энэхүү наадмыг зохион байгуулна” гэж “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото мэдэгджээ.


Наймдугаар сарын 24-нөөс эхлэх Паралимпын наадамд 4400 гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар, энэхүү наадамтай холбоотой 31 хүний шинжилгээний хариу эерэг гарсны 80 хувь нь Японы иргэд байна. 

Токиогийн Олимпыг сурвалжилсан гадаадын гурван сэтгүүлчээс халдвар илэрчээ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмыг сурвалжилсан гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын гурван ажилтны коронавирусний шинжилгээний хариу Японыг орхин явснаас нь хойш 14 хоногийн дотор эерэг гарлаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос ням гарагт мэдээлжээ.


Зохион байгуулагчид халдварын ийм тохиолдлуудын талаар анх удаа мэдээлж буй нь энэ юм. Гэвч тэдгээр ажилтан аль улсын иргэд болох гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


Үүний зэрэгцээ Токиогийн Паралимпын наадамтай холбоотой халдварын найман шинэ тохиолдол ням гарагт илэрсний дунд тамирчид байгаагүй гэдгийг зохион байгуулагчид мөн мэдээлжээ.


Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн Олимп, Паралимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 576-д хүрсэн байна. 

Паралимпын үеэр халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг нягт нямбай хэрэгжүүлэхийг уриалжээ

ТОКИО. /NHK/. Японд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрээд буйтай холбоотойгоор Паралимпын үеэр халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг нягт нямбай хэрэгжүүлэхийг Олон улсын паралимпын хороо /ОУПХ/ уриалжээ.


Токиогийн Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм.


“Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Олимпын наадам аюулгүй зохион байгуулагдсанд миний бие баяртай байна. Паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах боломжтой гэдгийг энэхүү наадам харууллаа” гэж ОУПХ-ны тэргүүн Эндрю Парсонс мэдэгджээ. 


Гэвч санаа амарч болохгүй гэдгийг Паралимпын наадамд оролцох хүмүүст анхааруулаад, Японд болон Токиод бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудыг харгалзан сонор сэрэмжтэй байж, Олимпын гарын авлагад тусгасан халдвар хамгааллын бүх дэглэмийг чанд мөрдөхийг бүх хүнд уриалсан байна.


Мөн Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулах нь бүх талд, түүнчлэн Японы ард түмэнд ч өндөр ач холбогдолтой болохыг Э.Парсонс онцлон хэлжээ. Тэрбээр Токиод даваа гарагт хүрэлцэн ирэхээр товлоод байгаа юм.


Токиогийн Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин өрсөлдөх төлөвтэй байна. 

Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ

КАМПАЛА. /Anadolu/. Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени “Токио-2020” зуны Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ автомашин, байшин бэлэглэнэ гэдгээ мэдэгджээ.


Й.Мусевени Олимпын наадмаас медаль хүртэн эх орондоо эргэн ирсэн тамирчидтай уулзаж, шагнал гардуулсан талаар “Daily Monitor” сонинд мэдээлсэн байна. 


Тодруулбал, Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчид сар бүр таван сая Уганда шиллинг буюу 1420 ам.долларын цалин, автомашин авахаас гадна гэр бүлд нь зориулан байшин барих ажээ.


Харин мөнгөн медаль хүртсэн тамирчдад сар бүр гурван сая Уганда шиллинг буюу 852 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчдад нэг сая Уганда шиллинг буюу 284 ам.доллар тус тус олгохоор болжээ.


Уганда улсын тамирчид Токиогийн Олимпоос хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тухайлбал, гүйлтийн тамирчин Жошуа Чептегей эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд түрүүлснээр алтан медаль, 10 мянган метрийн гүйлтийн төрлөөс мөнгөн медаль хүртжээ.


Угандагийн хоёр дахь алтан медалийг Перут Чемутай эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлснээр эх орондоо авчирсан байна. Харин Жейкоб Киплимо эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ. 

Токио дахь Олимпын бэлгэ тэмдгийн хөшөөг буулгажээ

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо 17 өдөр үргэлжилсэн Олимпын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөсөнтэй холбоотойгоор Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох таван цагаригийн хөшөөг лхагва гарагт буулгажээ.


Нийт 33 метр өргөн, 15 метр урттай хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн таван цагаригийн оронд Паралимпын наадмын бэлгэ тэмдгийг тун удахгүй байрлуулах ажээ. Энэхүү наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болох юм.


“Цар тахал дэгдээд буй энэ цаг үед Олимпын наадам зохион байгуулах гэж буйд эхэндээ санаа зовниж байсан боловч залуу тамирчид өндөр амжилт гаргахыг хараад наадмыг зохион байгуулсан нь зөв шийдвэр байсныг ойлгосон” гэж 58 настай иргэн Хирото Сато хөшөөг буулгахыг харж зогсох үеэрээ хэлжээ.


Шөнийн цагаар гэрэлтдэг таван цагаригийн хөшөөг анх өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцуулан байрлуулсан боловч Токиогийн Олимпыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсны дараа буулгасан юм. Тийнхүү өнгөрсөн 12 дугаар сард дахин байрлуулсан билээ. 

БНАСАУ-ын телевиз Токиогийн Олимпын тэмцээнийг нэвтрүүлж эхэлжээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын төрийн мэдлийн телевиз Токиогийн Олимпын наадмыг хаалтын ёслол нь болсноос хоёр хоногийн дараагаас нэвтрүүлж эхэлжээ.


Тодруулбал, мягмар гарагт Солонгосын төв телевиз Их Британи, Чилийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн тоглолтыг уг тэмцээн болсноос гурван долоо хоногийн дараа нэвтрүүлжээ. Телевизийн хөтөлбөрөөс үзэхэд, Хятад, Бразилын өөр нэгэн тоглолтыг мөн үзүүлэх төлөвтэй байна.


Солонгосын төв телевиз Олимпын наадмын тэмцээнүүдийг нээлтийн ёслол нь болсноос хэдхэн хоногийн дараа ихэвчлэн нэвтрүүлдэг юм. Харин энэ удаагийн Олимпын тоглолтуудыг ийнхүү хойшлуулан үзүүлсэн нь цар тахлын улмаас тус наадамд баг тамирчдаа илгээгээгүйтэй нь холбоотой бололтой байна.


Ингэснээр БНАСАУ Сөүлийн Олимпоос хойш буюу 33 жилийн хугацаанд анх удаа зуны Олимпын наадмыг алгассан юм. Бразилын Рио-де-Жанейро хотноо 2016 онд болсон зуны Олимпыг Солонгосын төв телевиз нээлтийн ёслолоос нь хойш дөрвөн хоногийн дараа нэвтрүүлж байжээ. 

Олимпод зориулсан Барбийн цуглуулгад Азийн төлөөлөл байхгүй байгааг шүүмжилжээ

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн хамгийн алдартай хүүхэлдэй болох Барбиг бүтээгчид “Токио-2020” Олимпын наадамд зориулсан цуглуулгадаа Ази төрхтэй Барби оруулаагүйнхээ төлөө олон нийтийн шүүмжлэлд өртжээ.


Барби хүүхэлдэй үйлдвэрлэдэг “Mattel” компани Олон улсын олимпын хороо болон Токиогийн Олимпыг зохион байгуулагчидтай хамтран тусгайлан бүтээсэн Барби хүүхэлдэйн шинэ цуглуулга гаргана гэдгээ өнгөрсөн оны хоёрдугаар сард зарлаж байсан юм.


Мөн энэхүү цуглуулгад Олимпын наадамд шинээр нэмэгдсэн бейсбол/софтбол, спорт авиралт, каратэ, скейтбординг, серфинг гэсэн таван спортын төрлийг төлөөлсөн хүүхэлдэйнүүдийг багтаажээ.


"Токиогийн Олимп нь спортоор дамжуулан дэлхийн улс орнуудыг нэгтгэж, бүх насныханд урам зориг өгдөг чухал үйл явдал юм. Олимпын наадамд зориулсан цуглуулга нь эдгээр спортыг хүндэтгэхийн сацуу шинэ үеийнхэнд урам зориг өгөх болно” гэж тус компани мэдэгдэж байжээ. 


Харин өнгөрсөн сард хүүхэлдэйн цуглуулгыг сурталчлах үеэр Ази Барби байхгүй байгааг олон хүн анзаарсан байна. Үүнтэй холбогдуулан тэд Ази хүүхэлдэйг санамсаргүй эсвэл санаатай эсэхээс үл хамааран орхигдуулсан “Mattel” компанид сэтгэл дундуур байгаагаа “Twitter”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээгээр илэрхийлж эхэлжээ. 

Ж.Байден Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэд Токиогийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ.


Хоёр орны удирдагчид Японы цагаар өнөө өглөө утсаар ярих үеэр Ж.Байден энэ сарын сүүлээр эхлэх Паралимпын наадмыг зохион байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.


Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Токиогийн Олимпыг коронавирусний цар тахлын улмаас хязгаарлалтууд тогтоосон онцгой үед зохион байгуулсан юм.


Дэлхий дахин цар тахлаас бүрэн ангижраагүй байгаа энэ үед спортын томоохон тэмцээнийг зохион байгуулахад санаа зовниж буйгаа зарим хүн илэрхийлж байгааг үл харгалзан Ж.Байден Олимпыг "аюулгүй" зохион байгуулах Японы төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


“Мөн Ж.Байден Олимпод оролцсон бүх тамирчинд баяр хүргээд, Япон, АНУ-ын тамирчдын амжилтыг онцлон сайшаасан” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Японы нийслэл Токио хотод одоо Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буй юм.


С.Ёшихидэ АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд, талууд Хятадын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буй энэ цаг үед чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон гэдгийг мэдэгджээ. 

Тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадам ням гарагт өндөрлөсөнтэй холбоотойгоор тус наадамд оролцсон тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна. 


Тодруулбал, даваа гаргийн өглөө хотхоноос тээврийн хэрэгсэлд суусан ачаатай хүмүүсийн цуваа тасраагүй байна. 


Токиогийн оршин суугчид амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хотхоны гарах хэсгийн ойролцоо цуглажээ.Тэдний зарим нь тамирчдын гэрэл зургийг авч байгаа бол зарим нь тамирчдаас улс орных нь дурсгалын эд зүйлийг бэлгэнд авчээ.


Тухайлбал, бага сургуулийн нэгдүгээр ангийн нэгэн хүү Бразилын далбаа бүхий энгэрийн тэмдгийг бэлгэнд авсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлээд, тамирчдыг Японд дахин ирээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлжээ. 


Мөн 50 гаруй насны нэгэн эрэгтэй цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед Олимпын наадамд хүч чадлаа сорин хүмүүст урам зориг өгсөн тамирчдад талархаж буйгаа илэрхийлсэн байна. 


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, тамирчдын хотхоныг лхагва гарагт хаах ажээ.

Австрали Токиогийн Олимпод оролцсон тамирчдадаа талархал илэрхийлжээ

ТОКИО. /Xinhua/. Австралийн Олимпын хороо Токиогийн Олимпын наадамд "гайхалтай" амжилт үзүүлсэн тамирчдадаа талархал илэрхийлжээ. 


Энэ удаагийн Олимпын наадамд Австралийн 486 тамирчин оролцсон бөгөөд спортын 15 төрөлд 46 медаль хүртсэн нь тус улсын түүхэн дэх гурав дахь өндөр үзүүлэлт болжээ.


Австрали нь 2004 оны Афины Олимпоос улсынхаа түүхэнд хамгийн олон буюу 17 алтан медаль хүртэж байсан бөгөөд үүнтэй адил тооны алтан медалийг Токиогийн Олимпоос авч, түүний дотор есөн алтан медалийг усан сэлэлтийн төрөлд хүртсэнээрээ онцлог юм.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпын наадмын хаалтын ёслол ням гарагт болсон юм. Үүнтэй зэрэгцэн Австралийн Олимпын хорооны дэд ерөнхийлөгч Иэн Честерман улсынхаа тамирчдад хүндэтгэл үзүүлжээ.


"Австраличууд энэхүү баг тамирчдаа олон арван жилийн турш дурсан санах болно. Тэдний гүйцэтгэл, тоглолтын талбайд болон түүнээс гадуур биеэ авч яваа байдал нь гайхалтай байсан. Миний бие эдгээр залуусаараа маш их бахархаж байна. Бид уян хатан чанар, зорилготой, шийдэмгий байдлын тухай ярьдаг бол тэдэнд эдгээр чанар агуулагдаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн И.Честерман, “Хүнд хэцүү цаг үетэй нүүр тулгаран гэртээ байгаа олон хүнд Австралийн тамирчид үлэмж их баяр баяслыг бэлэглэлээ. Хэдийгээр Токиогийн Олимп бусад наадмуудаас огт өөр байсан ч бүх спортын төрлийн тамирчид бие биенээ дэмжиж байсан нь Австралийн багийн бүх гишүүний хувьд мартагдашгүй сайхан туршлага боллоо" хэмээн нэмж хэлсэн байна. 

Парисчууд Олимпын далбааг хүлээн авснаа тэмдэглэжээ

ПАРИС. /NHK/. Токиогийн Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр Олимпын далбааг Франц улсад гардуулан өгсөнтэй холбогдуулан тус улсын олон мянган иргэн нийслэл Парис хотын талбайд ням гарагт цугларан баяраа тэмдэглэжээ.

Парис хотноо 2024 онд болох зуны Олимпын наадмыг зохион байгуулах урам зоригийг нэмэгдүүлэхийн төлөө Эйфелийн цамхгийн ойролцоо болсон үйл ажиллагаанд 6000 орчим хүн оролцсон байна.

Ийнхүү Токиогийн Олимпоос медаль хүртсэн Францын жүдоч Тедди Ринер тэргүүтэй бусад тамирчдыг танилцуулах үеэр цугласан иргэд тэдэнд алга ташин баяр хүргэжээ.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зуны наадмыг зохион байгуулах дараагийн хот болох Парисын захирагч Анне Идалгод Олимпын далбааг дамжуулан өгсний дараа францчууд баярлаж буйгаа ийн илэрхийлжээ.

Парист болсон үйл ажиллагаанд оролцсон нэгэн үзэгч хэлэхдээ, Токиогийн Олимпын наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулсанд япончууд сэтгэл дундуур байж магадгүй, гэхдээ тамирчдын мөрөөдөл биелсэн нь сайн хэрэг гэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, "Францчуудын хувьд 100 жилийн түүхэнд анх удаа Олимпын наадам зохион байгуулах гэж байна. Парисын зуны Олимпын наадам урьд урьдын наадмуудаас илүү гайхалтай болно гэж найдаж байна” хэмээн хэлэв.

“Коронавирусний халдварын тархалт буурч, тамирчид, үзэгчид гэх мэт бүх хүн Олимпын наадамд оролцох боломжтой болвол Франц Парисын Олимпын наадмаас ихээхэн ашиг хүртэнэ” гэж өөр нэгэн эмэгтэй ярьжээ.

Парисын зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид Эйфелийн цамхаг, Версалийн ордон гэх мэт жуулчдын очих дуртай газруудыг тэмцээн зохион байгуулах газар болгон ашиглах замаар зардлаа бууруулахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр дэлхий дахин үзэсгэлэнт Парис хотын талаар илүү ихийг мэдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.