ТОКИО-2020
Э.Цэндбаатар өрсөлдөгчөө илүүрхэн 5:0-ээр ялав

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар, Вьетнамын Нгуен Ван Донгтой олимпын ринг дээрх 2 дахь тулаанаа хийж 5:0-ээр яллаа.


Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Вьенамын тамирчинг 3 үеийн турш илт илүүрхэн яллаа.


Тэрбээр эхний тоглолтонд нэлээд хөшүүн байсан бол өнөөдөр маш хөнгөнхөн, хурдтай, хүчтэй тэсрэлттэй цохилттой байгаа нь түүний бие, сэтгэл тайвширч форм /хэмнэл/-доо орсон гэдэг нь тодорхой байлаа.


Манай тамирчин 8 дугаар сарын 1-нд медалийн төлөө тоглох бөгөөд дараагийн учраа нь Оросын үндэсний олимпын хорооны /ОХУ/ тамирчин Альберт Батыргазиев байх юм.




АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг анхны хожлоо авлаа

ТОКИО. /Xinhua/. АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр “Токио-2020” Олимпын наадмын анхны хожлоо байгуулж, Ираны багийг 120-66 онооны харьцаагаар буулгаж авлаа.

 

АНУ-ын шигшээ баг А хэсгийн эхний тоглолтоо Францын багтай ням гарагт хийж, 83-76 харьцаагаар хожигдсон юм. Харин өнөөдөр болсон тоглолтод Ираны багийг хожсоноор ийнхүү шөвгийн наймд шалгаран үлдэж байна.  

 

Тоглолтын эхний хагасыг Америкийн тамирчид 60-30 онооны харьцаатай тэргүүлсэн бөгөөд тус багийн тоглогч Дамиан Лиллард гурван онооны шидэлтийг долоон удаа амжилттай оруулж, нийлбэр дүнгээр 21 оноо авчээ. Тэрбээр Францын багтай хийсэн тоглолтод 11 оноо аваад байсан юм. 

Б.Отгонболд Хятадын тамирчинд 4:6-гаар ялагдлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Yumenoshima Final Field” талбайд өнөөдөр олимпын байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэллээ.


Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Бишиндээгийн Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27)-гаар хожигдсон.


Харин эрэгтэйчүүдийн 1/32-т шалгарахын төлөө 109 дүгээр бай дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Ли-тэй цэц сорилоо. Манай тамирчин 4: 6-гаар ялагдлаа.

Монголын 5 шүүгч Токиогийн олимпын тэмцээнийг дэнсэлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын спортын 33 төрлийн  уралдаан тэмцээнээс бокс, жүдо бөх, хүндийг өргөлт, байт харваа гэсэн 4 төрлийн спортын тэмцээнийг дэнслэн шүүхээр Монголын 5 шүүгч ажиллахаар сонгогдсон Монгол Улсын хувьд шинэ дээд амжилт болж байна.


Тодруулбал, олимпын жүдо бөхийн тэмцээний шүүгчээр Т.Энхцэцэг, хүндийг өргөлтийн тэмцээний шүүгчээр Л.Одгэрэл, байт харвааны тэмцээний шүүгчээр Э.Саруул, олимпын боксын шүүгчээр О.Мандахбаяр, Т.Цогтгэрэл нар тус тус ажиллаж байгаа юм.


Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгийн хувьд олимпын наадмын финалыг дэнслэн шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч болоод байгаа билээ.

Токиогийн Олимптой холбоотой халдварын тохиолдлын тоо 169 болжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамтай холбоотой 16 хүнээс коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэв. 

Тодруулбал, наадамтай холбоотой арын албаны ажилтнууд болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудаас халдвар илэрсэн байна.

Харин гадаадын нэг ч тамирчнаас халдвар илрээгүй болохыг зохион байгуулагчид мэдээлжээ. Олимпод оролцож буй тамирчдын дунд сүүлийн гурван өдөр дараалан халдвар илрээд байсан юм.

Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн Олимпын наадамтай холбоотой коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 169-д хүрчээ.

Хүндийг өргөлтийн баг тамирчид өнөөдөр Токиог зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн спортын төрөлд Монгол Улсаас 2 тамирчин, 1 дасгалжуулагч, 1 шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.


"Ковид-19" цар тахлын улмаас олмпын наадамд оролцох тэмцээнийхээ хуваарийн дагуу 2 дахь ээлжээр манай тамирчид болон дасгалжуулагч нар арлын Япон улсыг өнөөдөр зорьж байна.


Манай тамирчдын тэмцээн: Улаанбаатарын цагаар 8 дугаар сарын 2-ны 10 цаг 50 минутаас ОУХМ Э.Билэгсайхан +87 кг-д хүчээ сорих бол тус өдрийн 14 цаг 50 минутаас Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 кг-д хүчээ сорин өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар ОУХМ Ц.Хосбаяр, олимпын шүүгчээр Л.Одгэрэл тус тус ажиллах юм. 

Чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Токиог зорив

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр Зуны олимпын XXXII наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Япон улсын нийслэлийг зорьж байна.


Монголын ууган олимпын медальтнуудыг төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож 4 мөнгө, 5 хүрэл, нийт 9 медалийг эх орондоо авчирсан билээ.


Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаас эрэгтэй гурав, эмэгтэй 6 тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.


Монголын бөхчүүдээ Токиогийн дэвжээнд бахдам амжилт үзүүлэхийг монголчууд тэсэн ядан хүлээж байна.



Токиогийн олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдах бөхчүүд:


Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)


65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)


125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)


Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)


53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)


57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)


62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)


68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)


76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)

Олимпын таван удаагийн аварга К.Ледецки алтан медаль хүртлээ

ТОКИО. /Xinhua/. АНУ-ын усан сэлэлтийн тамирчин, Олимпын таван удаагийн аварга Кэтлин Ледецки өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд ялалт байгуулж, “Токио-2020” зуны Олимпоос анхны алтан медалиа хүртлээ.

 

Даваа гарагт болсон эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд К.Ледецки төдийлөн амжилт гаргаж чадаагүй боловч өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 15 минут 37.34 секундын амжилтаар илт давуу ялж, өөрийн чадвараа нотлон харууллаа.

 

Тэмцээний хоёрдугаар байранд түүний нутаг нэгт тамирчин Эрика Салливан 15 минут 41.41 секундын амжилтаар орж, мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Сара Колер хүрэл медалийн болзол хангажээ. Хятадын 19 настай тамирчин Ван Жяньжяхэгийн хувьд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. 

Жүдоч Г.Алтанбагана Дэлхийн хошой аваргад ялагдлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн Бүдокан ордонд Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, энэ жингийн чансааг тэргүүлэгч, дэлхийн хошой аварга Испанийн Николос Шеразадишвилид ялагдлаа.


Монголын жүдоч зоригтой сайхан барилдаж, үндсэн цагт хэн нь ч үнэлгээ авч чадаагүй. Харин нэмэлт /Golden Score/ цагт Испанийн жүдоч Николос Шеразадишвили мордох мэхээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа.


Тэрбээр энэ жил дэлхийн аварга болохдоо манай бөхийг ялсан, энэ удаа ч дахин давж, олимпоо үргэлжлүүлэхээр болж байна. 

Австралийн усан сэлэлтийн тамирчин А.Титмус Олимпын алтан медаль хүртлээ

ТОКИО. /Xinhua/. Австралийн усан сэлэлтийн залуу тамирчин Ариарне Титмус “Токио-2020” зуны Олимпын наадмын өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Энэ долоо хоногийн даваа гарагт болсон эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олимпын таван удаагийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Кэтлин Ледекиг ялсан 21 настай тамирчин А.Титмус өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1 минут 53.50 секундын амжилтаар тэргүүлж, Олимпын аварга боллоо.


Харин Хонконгийн тамирчин Сиобан-Бернадет Хауги тус төрөлд мөнгөн медаль хүртэж, 1 минут 53.92 амжилтаар Азийн дээд амжилтыг тогтоосон бол Канадын тамирчин Пенелопе Олексиак 1 минут 54.70 секундэд барианд орж, хүрэл медалийн болзол хангасан байна. 

Боксчин М.Мягмаржаргал тэмцээнээ дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн сумо бөхийн Кокүгикан ордонд болж байгаа бөгөөд өнөөдөр манай 2 тамирчин тулалдахаас эмэгтэйчүүдийн 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдаж ялагдлаа.


Токиогийн олимпод Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож М.Мягмаржаргал. Б.Чинзориг нар ийнхүү тэмцээнээ дуусгаад байна.


ОУХМ М.Мягмаржаргалыг ялсан Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй дэлхийн шилдэг тамирчин юм.


Лоурен Прайс үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин гэдгээ харуулж манай боксчинг илт илүүрхэн шүүгчдийн саналаар 5:0-ээр яллаа.


Өнөөдөр 18 цаг 06 минутаас эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар Вьетнамын Нгуен Ван Донгтой энэ олимпын 2 дахь тулаанаа хийхээр рингэнд гарах юм.

Өнөөдөр Э.Цэндбаатар Вьетнамын боксчинтой хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 5 дахь  өдрийн байдлаар 206 орноос 52 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 35 дугаарт бичигдэж байна.


Өнөөдөр  буюу 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын үндэсний шигшээ багаас бокс, жүдо бөх, байт харвааны тамирчид Токиогийн дэвжээнд гарч хүч, хурд, ур чадвараа сорино.


Олимпын наадмаас 3 медаль хүртсэн Монголын жүдочид энэ олимпоос хүртсэн медалийн тоогоор өмнөх олимпуудын амжилтуудаа давуулан дээд амжилт /Монголын жүдочид 1980 , 2012 оны олимпоос тус бүр хоёр, 1996, 2004, 2008, 2016 оны олимпоос тус бүр нэг нэг медаль хүртэж байв/ тогтоогоод байгаа юм.


Өнөөдөр Nippon Budokan ордны татами дээр Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх жүдо бөхийн тэмцээнд Монголоос ганц жүдоч хүчээ сорино. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90 кг жинд Гантулгын Алтанбагана хоёрдугаар татами дээр 2 дахь барилдаанд 25 настай 2021 оны Дэлхийн аварга Испанийн жүдоч Шеразадешвили Николоз-тай хүч үзнэ.


Байт харвааны тэмцээн энэ өдөр “Yumenoshima Final Field” талбайд ганцаарчилсан төрлийн хасагдах шатны тэмцээн болох юм. Эмэгтэй байт харваачид шилдэг 32-д үлдэхийн төлөө өрсөлдөх бөгөөд 69 дугаар бай дээр Бишиндээгийн Урантунгалаг 12 цаг 50 минутаас Японы Азуса Ямаучитай халз харваж өрсөлдөнө.


Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 16 цагт 18 минутаас 109 дүгээр бай дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэцээ сорих юм.


Мөн энэ өдөр сумо бөхийн ”Kokugikan Arena ордонд манай 2 тамирчин тулаанаа хийнэ. Тодруулбал, 10 цаг 30 минутаас эмэгтэйчүүдийн 75 кг жинд Мөнхбатын Мягмаржаргал Монголын эмэгтэй боксчдын түүхэн дэх олимпын анхны тулааныг Их Британийн Лорен Прайстай хийх юм.


Харин өнөөдөр 18 цаг 06 минутаас эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар Вьетнамын Нгуен Ван Донгтой энэ олимпын 2 дахь тулаанаа хийхээр рингэнд гарах юм.

Япон софтболын төрөлд алтан медаль хүртлээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын софтболын төрөлд Японы баг 2-0 онооны харьцаатайгаар АНУ-ын багийг ялснаар алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр зохион байгуулагч орны алтан медалийн тоо 10-т хүрэв.


Софтболын тэмцээний энэхүү үр дүн өмнөх түүхийг дахин давтжээ. Тодруулбал, 2008 оны Бээжингийн Олимпын наадамд Япон алтан медаль, АНУ мөнгөн медаль хүртэж байсан юм.


Ахмад шидэгч Үэно Юкико улсынхаа багийг ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн тэрбээр 13 жилийн өмнөх Олимпод багаа ялахад мөн ихээхэн хувь нэмэр оруулж байжээ.


Харин теннисний төрөлд өндөр найдлага тавьж байсан тамирчин Наоми Осака гуравдугаар шатанд Чехийн тамирчин Маркета Вондроусоватай хийсэн тоглолтдоо ялагдал хүлээлээ.



Н.Осака тоглолтын дараа сэтгүүлчдэд, “ийнхүү ялагдсандаа ихэд сэтгэл дундуур байна” хэмээн хэлжээ. Олимпын нээлтийн ёслолын бамбарыг асаасан тэрбээр медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчдын нэгд тооцогдож байсан юм.  


Харин Тайванийн хувьд Токиогийн Олимпын наадмын анхны алтан медалиа хүртлээ. Тодруулбал, хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн Го Син Чунь алтан медалийн болзол хангажээ.



Өнгөрсөн баасан гарагт болсон Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр Тайванийн тугийг барьсан тэрбээр 236 кг-ыг өргөснөөр Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Өдгөө 27 настай Го Син Чунь 2016 оны Риогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Токиогийн Олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа, “дараагийн Олимпоос медаль хүртэнэ хэмээн найдаж байна” гэж хэлжээ. 

Монголын жүдоч С.Моллай Токиогийн олимпын мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын жүдоч Саиед Моллай шигшээ барилдаанд Японы жүдоч 27 настай Нагасэ Таканоритай хүч үзэн Н.Таканори-д ялагдаж олимпын мөнгөн медалийн эзэн болов. 

 

Монгол Улсын иргэн болж олимпын аварга болох мөрөөдлөө гүйцэлдүүлэх чин хүсэлтэй дэлхийн аварга, Ираны жүдоч С.Моллай Монгол Улсын шигшээ багт олимпын мөнгөн медаль авчирсан амжилтаараа монголчуудыг төдийгүй, аав, ээж, ах, эгч дүүсээ баярлуулав.


Саиед Моллайд иргэншил олгосон Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийн тавцанд түүнд шагналыг нь гардуулсан юм.


Тэр үнэхээр гайхалтай амжилтыг тэвчээр, өндөр ур чадвар, сэтгэлийн тэнхээ гэдэг ямар их эрч хүч, энерги хадгалж байдгийг Монголын залуу үеийнхэнд үлгэр дууриал болохуйц бие, сэтгэлээрээ харуулж чадлаа.

 

Токиогийн олимпын татамид түүнтэй хүч үзсэн жүдочид бүгд түүнээс нас залуу энэ цаг үеийн шилдгийн шилдэг тамирчид байсан бөгөөд тэднийг ялж олимпын мөнгөн медаль хүртэнэ гэдэг үнэхээр бахархууштай.  


Ташрамд дуулгахад, Монголын Улсын шигшээ баг Токиогийн олимпын наадамд өрсөлдөж байгаа 206 орноос медалийн тоогоор 42 дугаар байрт жагсаж байсан бол жүдо бөхийн төрлөөр олимпын мөнгөн медаль хүртсэнээр 33 дугаар байрт бичигдээд байна.



  






Саиед Моллай олимпын аваргын төлөө барилдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын жүдоч Саиед Моллай хагас шигшээ барилдаанд Австри улсын Гүрж гаралтай бөх Шамил Борчашвилитэй учраа таарч, түүнийг эхлээд вазари, улмаар дахин вазари үнэлгээ авч цэвэр яллаа.

 

Хагас шигшээгийн нөгөө талд Бeлгийн жүдоч Кассе Матдиас /24 настай 2021 оны Дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгөн медальт/, Японы жүдоч 27 настай Нагасэ Таканоритай хүч үзэж Н.Таканори  түүнийг вазари үнэлгээгээр хожсоноор олимпын аваргын төлөө С.Моллайтай барилдахаар болов

Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 150 давлаа

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадамтай холбоотой долоон хүнээс коронавирусний халдвар шинээр илэрснээр энэ сар гарсаар бүртгэгдсэн ийм тохиолдлын тоо 155-д хүрлээ гэж тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гадаадын тамирчин юм. Тодруулбал, тэдний нэг нь Данийн теннисчин бөгөөд хоёул тамирчдын хотхонд байрлаж байсан гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Бусад тохиолдлын хувьд, гурав нь наадамтай холбоотой ажилтан бол нэг нь гэрээт ажилтан, нэг нь зохион байгуулах хорооны гишүүн байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн долоон тохиолдлын тав нь хилийн чанадаас ирсэн хүмүүс бөгөөд ням гаргийн байдлаар, Японд гадаадын орнуудаас 37579 хүн иржээ. Долоодугаар сарын 1-нээс хойш зохион байгуулагчдын нэгтгэж буй “COVID-19”-ийн тоон үзүүлэлтэд төв болон орон нутгийн засаг захиргаанаас танилцуулж буй мэдээллийг оруулдаггүй юм.


Токио хотын Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлснээр, Токиогийн Олимпыг баасан гарагт албан ёсоор эхлэхээс өмнө наадмын спортын байгууламжуудын аюулгүй байдлыг хариуцаж байсан өөр гурван ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр ийм ажилтнуудын дунд илэрсэн халдварын тохиолдлын тоо 12-т хүрсэн байна. Мөн халдвар илэрсэн тэдгээр ажилтантай ойр байсан 40 орчим хүн өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ. 

Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчид, сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн зуны олимпын XXXII наадамд багийн спортын төрлөөр анх удаа оролцсон Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо.

 

Монголын багийн мэргэн бууч Э.Чимэддолгорыг хугарсан байсан ч шүд зуун тоглосоор таван оноо авч, багаа тэргүүлсэн юм. Монгол охид олимпын дэвжээнээ ялалт байгуулж чадаагүй ч олимпын эрх авч өрсөлдсөн гэдгээрээ том амжилт байлаа.


Түүнчлэн дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү тоглож, ур чадвараа сорьж, тэднийг хожиход ойрхон байгаа гэдгээ харуулж чадсан гэдгээрээ Монголын багийн спортын түүхэнд анхдагч болж бичигдэх нь тодорхой юм. 

Наоми Осака Чехийн тамирчинд ялагдлаа

ТОКИО. /CNN/. “Их дуулга” тэмцээний ганцаарчилсан төрлийн дөрвөн удаагийн аварга, Японы талбайн теннисний залуу од Наоми Осака “Токио-2020” зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн теннисний ганцаарчилсан төрөлд гуравдугаар тойргийн тоглолтоо Чехийн тамирчин Маркета Вондроушоватай хийж, ялагдал хүлээлээ.


Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Н.Осакаг эх орондоо зохион байгуулж байгаа Олимпын наадамд түрүүлнэ хэмээн найдлага тавьж байсан боловч ийнхүү медальгүйгээр өндөрлүүлэхээр болж байна. 


Энэ нь түүний хувьд 2020 оны Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтоо Америкийн Кори /Коко/ Гауффтай хийн ялагдсанаас нь хойших анхны ялагдал болжээ.


Японы Осака хотод төрсөн Н.Осака нь "Токио-2020" зуны Олимпын наадмын бамбарыг асааж, Олимпын наадмыг албан ёсоор нээх хүндтэй үүрэг хүлээсэн билээ.


2019 оны Францын нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан 22 настай залуу теннисчин М.Вондроушова Н.Осакатай хийсэн тоглолтдоо 6-1, 6-4-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Тэрбээр дараагийн шатанд Испанийн тамирчин Паула Бадоса болон Аргентин улсын тамирчин Надя Подорошкатай өрсөлдөнө. 

Токиогийн олимпоос Монголын анхны медалийг хүртсэн М.Уранцэцэг
Монголын жүдоч Саиед Моллай хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын жүдоч Саиед Моллай шөвгийн наймд Гүрж улсын 21 настай залуу жүдоч Тато Григалашвилитэй учраа таарч гайхалтай яллаа.

 

Унгарт болсон 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй хийсэн энэ барилдаанд эхлээд түүнд вазари үнэлгээ алдсан ч зөрүүлээд вазари үнэлгээ авч чадсан юм.


Улмаар Гүржийн бөхийн хийсэн мэхэнд хариу мордох мэхээр цэвэр яллаа. Ийнхүү хагас шигшээд шалгарсан бөгөөд түүний дараагийн учраагаар Австри улсын Гүрж гаралтай бөх Шамил Борчашвили хүлээж байна.