ТОКИО-2020
Олимпын марафончид Саппоро хотноо 30 хэмийн халуунд уралдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын наадмын хөнгөн атлетикийн спортын марафоны төрөлд хурд, тэсвэр тэвчээрээ сорих Монголын марафончид Токио хотоос тэмцээн болох Саппоро хотыг өнөөдөр зорилоо.


Өчигдөр /2021.08.04/ Токиод очоод байсан марафонч ОУХМ Ц.Бямбажав /эрэгтэй/, Б.Мөнхзаяа /эмэгтэй/ нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт марафон гүйлтийн уралдаан болох тус хотод бэлтгэлээ базаах юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд аль эрт очоод бэлтгэлээ базааж байгаа юм.


Олимпийн наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, 8 дугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар олимпын марафонд хурдаа сорино.


Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Харин энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм байна. Өнөөдөр Саппоро хотод 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 орчим хэмийн халуун байх төлөвтэй.

Туркийн эмэгтэй боксчид алтан медалийн төлөө тулалдана

ТОКИО. /Anadolu/. Туркийн боксын хоёр эмэгтэй тамирчин Токиогийн Олимпын финалд шалгарч, алтан медалийн төлөө тус тусын жиндээ тулалдахаар болжээ.


Тодруулбал, тус улсын тамирчин Бусеназ Сурменели боксын эмэгтэйчүүдийн хагас хөнгөн жингийн төрөлд Энэтхэгийн тамирчин Ловлина Боргохайныг 5-0-ийн харьцаагаар хагас шигшээд цэвэр ялжээ.


Ийнхүү Б.Сурменели Олимпын алтан медалийн төлөөх тулаанаа БНХАУ-ын боксчин Гу Хуний эсрэг бямба гарагт хийхээр болжээ.


Харин Туркийн өөр нэгэн эмэгтэй боксчин Бусе Наз Чакироглу эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн хагас шигшээд Тайванийн тамирчин Хуан Сяовэнийг 5-0 онооны харьцаатайгаар ялж, финалд шалгарчээ. Тэрбээр Болгарын тамирчин Стойка Желязковатай мөн бямба гарагт алтын төлөө тулалдана.

Хагас шигшээд Монголын 2 бөх шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг жингийн барилдаанууд болж байгаа юм.


Олимпын дэвжээнд явагдсан үдээс өмнөх барилдаанаар хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.


Эрэгтэй 74 кг:  1/4 финал

 

Франк Чамизо (Итали) - Туран Байрамов (Азербайжан) - 3:1

 

Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) - Кайл Дэйк (АНУ) - 11:0

 

Заурбек Сидаков (ОХУ) - Бекзод Абдурахмонов (Узбекистан) - 13:6

 

Амр Хуссейн (Египет) - Данияр Кайсанов (Казахстан) - 5:8

 

Хагас шигшээ

 

Франк Чамизо (Итали) - Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

 

Заурбек Сидаков (ОКР) - Данияр Кайсанов (Казахстан)

 

Эрэгтэй 125 кг: 1/4 финал

 

Гено Петриашвили (Гүрж) - Живей Денг (Хятад) - 5:2

 

Эгзон Шала (Косово) - Амир Заре (Иран) - 2:13

 

Таха Акгюль (Турк) - Гейбл Стивесон (АНУ) - 0:8

 

М.Лхагвагэрэл (Монгол) - Геннадий Чудинович (Герман) - 6:5

Хагас шигшээ

 

Гено Петриашвили (Гүрж) - Амир Заре (Иран)

 

Гейбл Стивесон (АНУ) – М.Лхагвагэрэл (Монгол)

 

Эмэгтэй 53 кг: 1/4 финал

 

Винеш Пхогат (Энэтхэг) - Ванесса Колодинская (Беларусь). Ванесса цэвэр ялсан.

 

Жакарра Винчестер (АНУ) - Пан Ксянью (Хятад) - 2:6

 

Луиза Вальверде (Эквадор) – Б.Болортуяа (Монгол) - 5:15

 

Роксана Засина (Польш) - Маю Мукаида (Япон) - 2:12

 

Хагас шигшээ

 

Ванесса Колодинская (Беларусь) - Пан Ксянью (Хятад)

 

Б.Болортуяа (Монгол) - Маю Мукаида (Япон)

ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.


Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.


Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпын багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.







Б.Болортуяа олимпын хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн 53 кг жинд "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр яллаа.


Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег шөвгийн наймд оноогоор цэвэр /13:3/ ялснаар хагас шигшээд шалгарав. Б.Болортуяа хагас шигшээд манай цагаар 17 цаг 30 минутаас дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдана.

М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл Германы Геннадий Гудиновичийг 6:5-аар ялснаар хагас шигшээд шалгарав.


М.Лхагвагэрэл 1/4 шигшээд Казахстаны Юсуп Батырмурзаевт таарах болов уу гэсэн таамаг байсан ч тэр бөх нь Германы бөхийг илт илүүрхэж яваад цэвэр даруулж таамаг эвдсэн.


Манай бөх үдээс хойш 17 цаг 30 минутад АНУ-ын шинэ авьяастан Гэйбл Стивесонтой хагас шигшээд барилдана. Түүнтэй барилдах Г.Стивесон шөвгийн наймд алдарт Таха Ахгулийг 8:0-ээр илт давуу ялсан.

Токиод хэт халахыг анхааруулж байна

ТОКИО. /CNN/. Японы нийслэл Токио хотод лхагва гарагт Олимпын хамгийн халуун өдөр тохиож, агаарын температур цельсийн 34.5 хэмд хүрч халжээ.


Энэ нь 2021 он гарсаар Токиод тохиосон хамгийн халуун өдрийн агаарын температураас ердөө 0.2 хэмээр бага үзүүлэлт юм. Тус хотод долоодугаар сарын 19-нд цельсийн 34.7 хэмд хүрсэн нь энэ оны хамгийн халуун өдөр хэмээн бүртгэгджээ.


Токиод өнөөдөр ч мөн хэт халахыг холбогдох албанаас анхааруулаад байна. Тодруулбал, цельсийн 35 орчим хэмд дахин хүрэх төлөвтэй байгаагийн зэрэгцээ өндөр чийгшилтэй нөхцөл нь 40 хэм давсан мэт санагдуулж магадгүй байна.


Харин баасан гаргаас агаарын температур аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд амралтын өдрүүдэд үүл бүрхэн бороо орсноор агаарын температур цельсийн 32-33 хэмд хүрч буурах магадлалтай байгаа ажээ. 

Л.Лхагвагэрэл эхний учраагаа давлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53, 62 кг жингийн барилдаан  болж байгаа бөгөөд ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д эхний учраагаа давлаа.


М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарсан.Тэд хэн хэнийхээ хөлд орж, ард гарч, харилцан оноо түүсээр манай бөх 8:4-өөр хожив.


Дараагийн тойрогт 27 настай Германы бөх Геннадий Чудиновичтой барилдана. Геннадий Гудинович Казахстанд төрсөн бөгөөд украин аав, герман ээжтэй.


Герман бөх Токиогийн олимпод түрүүлэх магадлал өндөр бөхчүүдийн тоонд яригдаж байсан Казахстаны агестан үндэстэн/ бөх  Юсуп Батырмурзаевыг эхний тойрогт цэвэр ялсан.

ДЭМБ вакцины гурав дахь тунг тарихаа хойшлуулахыг уриалжээ

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг тарьж эхлэх хугацааг наад зах нь ирэх есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулахыг уриалжээ.


ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейесусийн хэлснээр, ингэснээр дэлхийн бүх улс орон хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинжуулахад хувь нэмрээ оруулна.


Одоогийн байдлаар Израил, Герман тэргүүтэй олон улс орон вакцины гурав дахь тунг тарих төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм.


Гэвч Т.Гербейесус ядуу буурай орнууд вакцинжуулалтын үзүүлэлтээрээ хол хоцрон үлдэж буйг анхааруулжээ.


ДЭМБ-ын мэдээллээр, бага орлоготой орнуудад вакцины нийлүүлэлт дутмаг байгаагийн улмаас 100 хүн тутамд ердөө 1.5 тун вакцин тарих боломжтой байгаа ажээ.


Т.Гебрейесус энэ талаар хэлэхдээ, одоогийн нөхцөл байдлыг урвуугаар нь эргүүлж, бага орлоготой орнуудад вакцины дийлэнхийг нь нийлүүлэх хэрэгтэй байна гэв.


“Бүх Засгийн газар “Дельта” хувилбараас хүн амаа хамгаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч дэлхийн вакцины нөөцийн дийлэнхийг хэрэглэсэн орнууд түүнээсээ давуулан хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Улс орнуудыг 100 хүн тутамд тарьсан вакцины тунгийн тоогоор нь өнгөөр ялган үзүүлсэн байдал


ДЭМБ өндөр болон бага орлоготой орнуудын вакцинжуулалтын ялгаатай байдлыг бууруулахын төлөө ажиллаж буй үед энэ нь хүчтэй уриалга болж байна.


Тус байгууллагын хувьд ирэх сар гэхэд улс орон бүрийн хүн амын 10 хувийг вакцинжуулахыг зорьж байгаа боловч одоогийн хурдаар уг зорилтод хүрч чадахгүй нь илэрхий байгаа юм.


Тухайлбал, Хаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конгод Улсад л гэхэд хүн амын аль ч бүлэг нь вакцины хоёр тунд хамрагдаагүй байна.


Мөн сүүлийн саруудад “Дельта” хувилбарын улмаас халдварын тохиолдол, нас барсан хүний тоо эрс нэмэгдэх болсон Индонезид хүн амынх нь ердөө 9.7 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буйг “Our World in Data” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.


Харин Израилд 60-аас дээш насны иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн бол Герман “Moderna”, Pfizer”-ийн гурав дахь тунг санал болгож эхэлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Мөн Их Британид есдүгээр сараас эмзэг бүлгийн олон сая хүнийг гуравдугаар тунд хамруулж магадгүй байна.


АНУ-ын хувьд вакцины гурав дахь тунтай холбоотой шийдвэрийг танилцуулаагүй байгаа боловч америкчуудыг бүрэн вакцинжуулахын зэрэгцээ хилийн чанад руу вакцин нийлүүлэх хангалттай нөөцтэй байгаа гэдгийг Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.


ДЭМБ-ын тэргүүн бага орлоготой орнуудад вакцин хандивлахыг чинээлэг орнуудад уриалсаар ирсэн юм. Тодруулбал, тавдугаар сард тэрбээр хүүхдүүд, өсвөр насныхныг вакцинжуулах төлөвлөгөөгөө түр хойш тавьж, бусад орнуудад вакцин хандивлахыг уриалж байсан билээ. 

Германы тамирчин Ф.Велльброк Олимпын аварга боллоо

ТОКИО. /Xinhua/. Германы усан сэлэлтийн тамирчин Флориан Велльброк өнөөдөр болсон усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн холын зайн марафон сэлэлтийн төрөлд өрсөлдөж, алтан медалийн эзэн болжээ.


Нийт 10 км зайг 1 цаг 48 минут 33.7 секундийн амжилтаар туулсан Ф.Велльброк Токиогийн Олимпын наадмаас ийнхүү хоёр дахь медалиа хүртэж байна.


Өмнө нь тэрбээр ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.


Харин усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн холын зайн марафон сэлэлтийн төрөлд Унгарын тамирчин Кристоф Расовски мөнгөн медаль хүртсэн бол Италийн тамирчин Грегорио Пальтриньери хүрэл медалийн болзол хангажээ.


Ташрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Г.Пальтриньеригийн хувьд өнөөдөр Токиогийн Олимпын наадмаас хоёр дахь медалиа ийнхүү хүртлээ. 

Олимпын хүрэл медалийн төлөө Б.Хонгорзул АНУ-ын бөхтэй барилдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг жингийн дагах барилдаан 10 цагаас болж ОУХМ Б.Хонгорзул, Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдаж цэвэр яллаа.


Энэ барилдаан эхлээд удалгүй манай бөх, өрсөлдөгчөө дэвжээний захад шидэж 4 оноо авсан. Улмаар өрсөлдөгчийнхөө хөлд орж ард нь гарч 2 оноо, эргүүлсээр 10:0-ээр цэвэр яллаа.


Монголын шигшээ багийн 20 настай залуу бөх Б.Хонгорзул үдээс хойш Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө олимпын аварга, АНУ-ын бөх Хелен Мароулистай барилдахаар боллоо.


Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан юм.

Тамирчдын комиссын гишүүдийг шинээр сонгов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын оролцогчид болох сагсан бөмбөгч Пау Газоль /Испани/, уулын дугуйчин Мая Влошовская /Польш/, усанд сэлэгч Федерика Пеллегрини /Итали/, туялзуур сэлэмчин Юки Ота /Япон/ нар ОУОХ-ны Тамирчны комиссын гишүүнээр сонгогдлоо.


Шинээр сонгогдсон гишүүд “Лос Анжелелс-2028” олимпыг дуустал олимпизмийн хөдөлгөөнд тамирчдын дуу хоолойг илэрхийлэх юм. Тэднийг 7 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 3-ны хооронд олимпод оролцогч 6825 тамирчны саналаар сонгосон байна. Санал өгөх ёстой тамирчдын 61.27 хувь нь сонгуульд оролцсон нь Тамирчны комиссын санал хураалтын түүхэн дээд амжилт болжээ.



Олимпын үеэр тамирчид нийт 11 байранд санал өгөх боломжтой байжээ. 30 улсыг төлөөлсөн 30 тамирчин тус комиссын гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн бөгөөд дээрх 4 эрхэм хамгийн өндөр санал авсан байна.



ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Кирсти Ковентри: “Сонгуульд саналаа өгөх тамирчдын ирц өндөр байсан нь үнэхээр гайхалтай. Бидэнд гайхалтай нэр дэвшигчид байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг төлөөлж нэрээ дэвшүүлсэн тамирчин бүрт баярлалаа. Тамирчдын комиссын гишүүд тамирчдаа бүхий л үе шатанд төлөөлж, тэднийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гишүүнээр сонгогдсон 4 тамирчин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг төлөөлөх учраас тэдний үзэл бодлыг илүү сайн ойлгож, чадах чинээгээрээ дэмжихийн тулд ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.



Манай тамирчдаас Х.Эрдэнэт-Од 2008 онд Тамирчдын комиссын гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв.

Токиогоос БНХАУ - 32 , АНУ - 25, Япон - 21 алтан медаль хүртээд байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 14 дахь өдрийн 10 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 85 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Протугал болон Энэтхэг улсын хамт медалийн тоогоор 65 дугаар байрт байна.


Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 32 алт, 22 мөнгө, 16 хүрэл /нийт 70/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.


АНУ-ын баг 25 алт, 31 мөнгө, 23 хүрэл /нийт 79/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 21 алт, 7 мөнгө, 12 хүрэл, нийт 40 медальтай медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Их Британи 15 алт, 18 мөнгө, 15 хүрэлтэй нийт 48 медальтай, чанараар болон медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна. Австралийн шигшээ баг 15 алт, 4 мөнгө, 17 хүрэл, нийт 36 медальтай медалийн чанараар 5 дугаарт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ.


Харин Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 14 алт, 21 мөнгө, 18 хүрэл, нийт 53 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаарт жагсаад байна.

Токиогийн Олимпын үеэр халдвар голомтлон тархсан анхны тохиолдол бүртгэгдлээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын үеэр коронавирусний халдвар голомтлон тархсан анхны тохиолдол бүртгэгдэж, Грекийн үндэсний шигшээ багийн хэд хэдэн гишүүнээс халдвар илэрсэн талаар тус наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.


Грекийн усны уран сэлэлтийн багийн 12 гишүүний дундаас тамирчин, дасгалжуулагч багтсан таван хүний шинжилгээний хариу эерэг гарсан тул тамирчид мягмар гарагт болсон тэмцээнд оролцоогүйгээс гадна баасан гаргаас эхлэх багийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болжээ.


“Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Такая Масаноригийн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, халдварын голомт багийн гишүүдийн дунд үүссэн гэж үзэж байгаа ажээ.


Мөн халдвар илэрсэн таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байгааг нэмж хэлжээ. Түүний мэдээлснээр, Грекийн багийн гишүүдээс халдвар илрэхээс өмнө тэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байсан тул бусад улсын үндэсний шигшээ багийн дунд халдвар тархаагүй бололтой байна.


Усны уран сэлэлтийн багийн бусад долоон гишүүний шинжилгээний хариу сөрөг гарсан боловч халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан тул тэднийг тусгаарлах байр луу шилжүүлжээ. 

Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын чөлөөт бөхийн 3 бөх хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 12 дахь өдөр /2021.08.05/ буюу өнөөдөр Монголын багаас чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг, 53 кг, эрэгтэйчүүдийн 125 кг жинд 3 тамирчин Токиогийн олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорино.


Тодруулбал, ОУХМ Б.Хонгорзул 57 кг-д шөвгийн наймд олимп, дэлхийн аварга, Японы бөх Р.Каваид ялагдсан. Харин Каваи финалд шалгарсан тул манай бөхөд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпын аварга, АНУ-ын бөх Хелен Мароулистай барилдах юм. Гвинейн бөхтэй Улаанбаатарын цагаар өглөө 10 цагаас барилдах бөгөөд түүнийг ялбал медалийн төлөө орой 19 цаг 55 минутаас барилдах болно.



Өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ Токиогийн дэвжээнд барилдах бөгөөд эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой хүчээ сорих сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн юм байна. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн хэн ялсантай хүчээ сорих юм.




Мөн энэ өдөр Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл /125 кг/ дэвжээнд гарч, эхний даваанд залуучуудын ДАШТ-ий медальт, Беларусийн бөх Д.Храмянковтой барилдана. Манай бөх Беларусийн бөхийг хожвол Германы бөх, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Геннадий Чудинович, Ази тивийн аварга Казахстаны бөх Юсуп Батирмурзаев нарын хэн ялсантай барилдах сугалаа татсан байна.



Б.Хонгорзул маргааш дагах барилдаан хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Монголын 20 настай залуу бөх Б.Хонгорзул маргааш Гвинейн бөх Фотоумата Камаратай дагах барилдаан хийхээр болов.  


Хэрвээ дагах барилдаанд манай бөх өрсөлдөгчөө ялбал АНУ-ын бөх Хелэн Луис Мароулистай олимпын хүрэл медалийн төлөө барилдана.



ОУХМ Б.Хонгорзул өнөөдөр энэ жингийн нэгд эрэмбэтэй олимп, дэлхийн аварга Японы бөх Рисако Каваитай барилдаж ялагдсан бөгөөд Р.Каваи, 1/4 шигшээд АНУ-ын бөх Хелэн Луис Мароулисыг ялсан юм.

Олимпоос медаль хүртсэн Их Британийн хамгийн залуу тамирчин С.Браун

ТОКИО. /The Guardian/. Их Британийн тамирчин Скай Браун өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн скейтбордингийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр улсынхаа хамгийн залуу Олимпын медальтан боллоо. 


Тодруулбал, тус төрөлд Японы тамирчид болох 19 настай Сакүра Ёсозүми алтан медаль, 12 настай Кокона Хираки мөнгөн медаль хүртсэн юм.


Харин Их Британийн тамирчин С.Брауны хувьд, 56.47 онооны үзүүлбэр үзүүлснээр хүрэл медалийн болзол хангаж, улсынхаа хамгийн залуу Олимпын медальтан болжээ.


Тэрбээр дөнгөж 13 настай бөгөөд финалын эхний хоёр гараандаа унасныхаа дараа сүүлчийн оролдлогоороо 56.47 оноо авч, үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэснээр ийнхүү гуравдугаар байр эзэлжээ.


Үүний зэрэгцээ мөнгөн медалийн эзэн болсон 12 настай К.Хиракигийн хувьд, 85 жилийн түүхэн дэх хамгийн залуу Олимпын медальтан болж байна.


С.Браун өнгөрсөн жил бэлтгэл сургуулилтынхаа үеэр хүнд гэмтэн гавлын яс нь цуурч, гараа хугалсан ч өнөөдрийн гаргасан амжилт нь гайхалтай байлаа. Тэрбээр тухайн бэлтгэлийн дүрс бичлэгээ өөрийн “Insragram” хуудсандаа "Илүү хүчтэй, илүү хатуужилтай эргэж ирэхдээ баяртай байна” гэсэн тайлбартайгаар нийтэлж байжээ.


Тамирчин охин Японы Миязаки мужид төрсөн бөгөөд ээж нь Япон, аав нь Их Британи гаралтай хүмүүс юм. Найман настайдаа АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцсон С.Браун 2018 онд Их Британийн төлөө өрсөлдөхөөр сонгогджээ.


Мөн маш олон төрлийн авьяастай тэрбээр 2018 онд бага насныхны ангилалд зохиогдсон “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлж байв. Энэхүү наадамд оролцох үеэрээ, скейтбординг, серфинг гэсэн спортын хоёр төрлөөр Олимпод оролцож, амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаа ярьж байжээ.


С.Браун 2019 онд скейтбордингийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж, дараа жил нь Бразилын Сан-Паулу хотод болсон “Park World Championships” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2020 оны Токиогийн Олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.


Мөн өнгөрсөн сард тэрбээр нэр хүндтэй “X” наадмаас алтан медаль хүртэж, Олимпын наадамд өрсөлдөх бэлтгэлээ базаажээ. Энэхүү тэмцээнд Олимпын гол өрсөлдөгчид нь болох Окамото, Хираки нарын хэн хэн нь оролцоогүй юм.

Б.Болортуяа маргааш Гуамын бөхтэй барилдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш /2021.08.05/ “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74, 125 кг болон эмэгтэйчүүдийн 53 кг жингийн барилдаан болох бөгөөд өнөөдөр сугалаа явагдаж Монголоос эмэгтэй 53 кг-д хүч үзэх Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акинотой таарлаа.


2018 оны Micronesian Games наадмын аварга. 2018, 2019 оны Далайн орнуудын аварга Ркаела Акино 22 настай. Тэрбээр Тунист болсон Африк, далайн орнуудын тэмцээнээс олимпын эрхээ авсан.


Түүний аав нь Гуамын чөлөөт бөхийн холбооны тэргүүн байсан. Төрсөн эгч Миа Лани нь чөлөөт бөхийн тамирчин бөгөөд авга ах Мариано 1988 оны Сөүлийн олимпын жүдо бөхийн төрөлд оролцож байжээ. Тэр 4 настайгаасаа спортоор хичээллэсэн юм байна.


Овог, нэр: Бат-Очирын Болортуяа


Спортын зэрэг: ОУХМ


Төрсөн он, сар, өдөр: 1997.05.15


Төрсөн газар: Ховд, Булган сум


Хэзээнээс хичээллэсэн: 2012 он


Анхны багш: С.Мөнхсүх, Б.Оюунсүрэн


Одоогийн багш: Т.Сүхбаатар


Харьяалагддаг газар: “ЖЕНКО” клуб


Барилдах жин: 53 кг


Амжилт:


2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл

- “Монгол туургатан” хүүхдийн спортын IV наадмын хүрэл

2014 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

2015 он: Залуучуудын УАШТ-ий мөнгө

- Оюутны УАШТ-ий алт

2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий хүрэл

- “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий алт

- “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл

- Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий алт

- Хөлөнбуйрын ОУТ-ий мөнгө

2019 он: Иван Ярыгиний нэрэмжит Гран пригийн хүрэл

- 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл

- “Mongolia Open” ОУТ-ий мөнгө

- Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт

- ДАШТ-ий хүрэл

2020 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт

- Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хүрэл

2021 он: “Токио-2020” олимпийн Азийн эрх олгох тэмцээний алт

Монголын багийн хамгийн сүүлчийн ээлж болох марафончид Токиог зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын төрөлд Монгол Улсаас 3 марафонч оролцож хурд, хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө.


Өнөөдөр /2021.08.04/ марафоны тамирчин Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Токио хотыг зорилоо. Марафонч Б.Сэр-Одын хувьд Японы Нагоя хотноо бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд тэндээсээ олимпын тэмцээндээ очиж оролцоно.

Японы тамирчин С.Ёсозүми Токиогийн Олимпоос алтан медаль хүртлээ

ТОКИО. /Xinhua/. Японы тамирчин Сакүра Ёсозүми өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн скейтбордингийн тэмцээнд ялалт байгуулж, алтан медалийн эзэн болжээ.


Ингэснээр зохион байгуулагч орон энэхүү төрлөөс гурав дахь алтан медалиа хүртлээ.


Өдгөө 19 настай залуу тамирчин финалын эхний үзүүлбэрээ гайхалтай гүйцэтгэж, 60.09 оноо авснаар бусад тамирчдыг тэргүүлсэн байна. 


Тус төрөлд түүний нутаг нэгт, 12 настай тамирчин Кокона Хираки 59.04 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол Их Британийн 13 настай тамирчин Скай Браун 56.47 онооны үзүүлбэр үзүүлснээр хүрэл медалийн болзол хангажээ.


С.Ёсозүми 2018 оны Азийн наадмаас эмэгтэйчүүдийн скейтбордингийн төрлөөр мөн алтан медаль хүртсэн юм.