ТОКИО-2020
Э.Даваахүү 30 сумны дараа 23-т эрэмбэлэгдэж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан дасгалын урьдчилсан шат явагдлаа.



Тамирчид нийт 60 сум буудах ёстой бөгөөд өнөөдөр 30 сум буудав. Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23 дугаарт жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав. Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ.


 

Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. Маргааш өглөө 07 цаг 30 минутаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг 8 нь финалд шалгарах юм. Харин медалийн эздийг тодруулах финалын буудлага 13 цаг 30 минутаас эхэлнэ.

 

Ямайка улсын гүйлтийн тамирчин Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

ТОКИО. /CBS/. Ямайка улсын гүйлтийн тамирчин Элейн Томпсон-Хера Токиогийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд 10.61 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.


Ийнхүү тэрбээр Америкийн тамирчин Флоренс Гриффит-Жойнерын 1988 оны Сөүлийн Олимпын үеэр буюу 33 жилийн өмнө тогтоосон амжилтыг /10.62 секунд/ шинэчилжээ.


Риогийн Олимпын 100, 200 метрийн төрөлд алтан медаль хүртсэн тамирчин Э.Херагийн хувьд 200 метрийн гүйлтийн тэмцээнд мөн оролцохоор төлөвлөж буй ажээ. 


Бямба гарагт болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайка улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг гурвууланг нь хүртсэн байна.


Тодруулбал, Бээжин, Лондоны Олимпын алт, Риогийн Олимпын хүрэл медальт Шелли-Энн Фрейс-Прайс 10.74 секундэд барианд орсноор мөнгөн медаль, Риогийн Олимпын хүрэл медалийн эзэн Шерика Жексон 0.02 секундээр удаалснаар хүрэл медалийн болзол хангажээ.



“Токио-2020”-д зориулсан виртуал “Mongolia house” аппликэйшн нээлтээ хийлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо //МҮОХ-ноос 2020 оны Зуны олимпын XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа.

 

AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм.

 

Уг апп-ыг МҮОХ-оос AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ.

 

Олимпын наадамд оролцож буй улс орнууд өөрсдийн улс, соёлоо танилцуулах зорилгоор тусгай орчин, байшин засдаг уламжлалтай. Манай улс ч 2020 оны олимпын наадамд өөрийн улсыг сурталчлах “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, Токио цамхагийн дор засахаар ажиллаж байсан юм. Харин цар тахлын улмаас төрөл бүрийн хязгаарлалт дор зохион байгуулж буй энэ удаагийн наадамд манай улс анх удаа уг уламжлалыг дижитал орчинд шилжүүлэх санаачлага гаргаж, ийн аппликэйшнээ танилцуулж байгаа нь энэ юм байна.

 

Дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн эрэлттэй чиг хандлагуудын нэг AR-ийг ашигласнаар уг апп нь хэрэглэгчдэд гар утсаараа Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрээр аялах боломжийг олгоно.

 

Мөн “Токио 2020” наадамд оролцож буй Монголын багийн танилцуулгыг үзэж, Монгол соёлыг танилцуулсан төрөл бүрийн контентыг хүлээн авах боломжтой ажээ.

 

“Өнгөрсөн жил явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр Монгол Улс анх удаа дижитал хэлбэрээр улсаа танилцуулах зорилготой байгаагаа зарласан нь ийнхүү биеллээ олж байна. Виртуал орчинд Монголчуудын бахархал болсон, тэр дундаа сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрийг AR технологийн тусламжтайгаар хэрэглэгчдийн гарт ойртуулж байгаадаа баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс апп-ийг маань хэрэглэгчид уг гэрт орж, машид нарийн урласан хийц, чамин тансаг эдэлбэр бүрийг нь мэдрэх боломжтой. Энэ апп таныг Монголын өнө эртнээс уламжлалтай түүх соёлтой танилцуулахаас гадна спортын арвин амжилтыг маань хуваалцах боломжийг олгох болно” хэмээн уг апп-ийг санаачлагч ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлон тэмдэглэв.

 

Уг апп нь Монгол, Англи, Япон хэлээр ашиглах боломжтойгоос гадна iOS, Android үйлдлийн системд бүрэн нийцэн ажиллана.

 

Технологийн дэвшлийг өв соёлолтой хослуулан дэлхийд таниулах боломж олгосон уг төслийн алтан ивээн тэтгэгчээр “Скайтел”, “И-Март”, “Хас Банк”, “Ачит Ихт” ХХК-ууд ажилласан бол мөнгөн ивээн тэтгэгчээр “Богд Банк”, “Аргун”, “МПлас”, “iLaw” компаниуд ажилласан байна.

 

Та бүхэн дараах холбоосоор апп-ыг татаж аван, Монгол гэрээр зочлон Монголын багаа дэмжээрэй.

 

iOS: https://apps.apple.com/us/app/mongolian-house/id1576716558

Android: https://play.google.com/store/apps/details...

Өнөөдөр Монголын 3 тамирчин 3 төрөлд өрсөлдөнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 9 дэх өдөр буюу 8 дугаар сарын 01-нд Монголын баг тамирчдаас буудлага спорт, бокс, чөлөөт бөхийн төрөлд тус бүр нэг тамирчин онч мэргэнээ болон хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

 

Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутад эрэгтэйчүүдийн 25 метрийн олимпын хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөхөөс Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11 цаг 30 минутаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд уг дасгалаар олимпийн наадамд анх удаа оролцож байгаа юм.

 

Олимпын хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа багасаад байдаг. Тухайлбал, эхний таван сумаа найман секундэд амжиж буудах бол дараа нь энэ хугацаа зургаа, дөрвөн секунд болон багасна. Дөрвөн секундэд таван сум буудна гэдэг тамирчдаас багагүй ур чадвар шаардах нь тодорхой. Энэ төрлийн финалын буудлага 8 дугаар сарын 2-ны 13 цаг 30 минутаас эхэлнэ.


 

Монголын боксдоос ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 цаг 48 минутаас Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанаа хийнэ.

 

Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Олимпын аварга болчихоод мэргэжилд шилжих том амбийц тээж яваа. Ташрамд дуулгахад Монголын боксчид сүүлийн 3 олимп дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.

 

Монголын спортын төрлүүдээс анхлан олимпын медальт тамирчдыг төрүүлсэн чөлөөт бөхийнхөн Токиогийн олимпын дэвжээнд хүчээ сорьж эхэлнэ.

 

Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.


 

Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагт эхлэх бөгөөд манай бөх тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм.

Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш нь дагах болон медалийн төлөөх барилдаанууд явагдах юм.



 

Францын жүдочид Японы багийг ялж, олимпын алтан медаль хүртэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр /2021.07.31/ болж, дэлхийн шилдэг 12 орны шигшээ баг өрсөлдөж, олимпын аваргын төлөөх тулаанд Япон, Францын багууд хүч, ур чадвараа сорьж дэвжээний эздийг 4:1-ээр ялж аварга боллоо.


Энэхүү олимпын багийн тэмцээний хүрэл медалийг Герман, Израилийн шигшээ багууд шалгарч Токиогийн олимпын хүрэл медалийн эздээр тодорлоо.


Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ баг Оросын багийг хожсон ч Германы шигшээ багт 2:4-өөр ялагдаж, 7 дугаар байрт шалгарч тэмцээнээ дуусгалаа.

К.Дрессел Токиогийн Олимпоос гурав дахь алтан медалиа хүртлээ

ТОКИО. /USA Today/. АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Калеб Дрессел эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд түрүүлснээр Токиогийн Олимпын наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ. 


Өдгөө 24 настай К.Дрессел 49.45 секундэд барианд орсноор өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.


Тэрбээр энэ зуны наадмаас 100 метрийн чөлөөт сэлэлт, 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд тус тус алтан медаль хүртсэн юм. 


Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн тэмцээнд Унгарын тамирчин Кристоф Милак мөнгөн медаль, Швейцарын тамирчин Ное Понти хүрэл медалийн болзол хангажээ. 

О.Есүгэн 27 дугаар байр эзлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын буудлага спортын эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шатны төрөлд өнөөдөр 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.


Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27 дугаар байрт жагсав.


Энэ дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байлаа. Шилдэг наймд шалгарсан тамирчид 15.00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.


Германы багт хожигдсоноор жүдочид олимпын тэмцээнээ дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг Германы шигшээ багт 2:4-өөр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.


Манай баг торгуулийн барилдаанд Германы багт 2:4-өөр хожигдоход Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Токиогийн олимпын мөнгөн медальт Саиед Моллай нар өрсөлдөгчдөө ялсан юм.

Оросын багт 4:2-оор хожигдож, дагаж Германы багтай хүч үзэх болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны багтай хүчээ сорьж 2:4-өөр хожигдлоо.


Эмэгтэйчүүдийн 57 кг-д Оросын бөх Дарья Межецкая, манай жүдоч Д.Сумъяатай барилдлаа. Эрүүндээ гэмтсэн орос жүдоч эцсээ хүртэл хамгаалсаар вазари үнэлгээгээр ялж 1:0 ОХУ тэргүүлж эхэллээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ОХУ-ын жүдоч Муса Могушков ялснаар тооны харьцаа 1:1 болж тэнцлээ.



Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Б.Ганхайч, Мадина Таймазоватай барилдав Тэрбээр өмнөх барилдаанд БНСУ-ын жүдочтой 10 минут барилдсан юм. Энэ удаа М.Таймазовад торгуулиар ялагдаж, 2:1-ээр оросууд тэргүүлж эхэлсэн.


Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Европын хошой аварга Михаил Игольниковтой, Монголын жүдоч Саиед Моллаи барилдаж, тэд нэг нэг вазаритай цаг сунгаж барилдахад Саиед цэвэр /Иппон/ ялж, тооны харьцааг 2:2 болгов.


Улмаар эмэгтэйчүүдийн +70 кг-д Александра Бабинцева, манай жүдоч О.Мөнхцэцэг хүчээ сориход манай бөхийг даралтаар цэвэр ялснаар 3:2 Орос тэргүүлж эхлэв.


Ингээд эрэгтэйчүүдийн +90 кг-д Францын алдарт жүдоч Тэдди Ринерийг энэ олимпын дэвжээнд ялсан Токио олимпын хүрэл медальт Тамерлан Башаев, манай жүдоч Ө.Дүүрэнбаярыг вазаригаар ялснаар ОХУ 4:2-оор манай багийг ялж, Японтой барилдахаар болов

Их Британи 4x100 метрийн холимог буухиа төрөлд тэргүүллээ

ТОКИО. /CNN/. Их Британийн баг Олимпын түүхэн дэх анхны 4x100 метрийн холимог буухиа төрөлд түрүүлж, 3:37.58 минутын амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Их Британийн багийн хувьд энэ төрөлд түрүүлэх магадлал тун өндөр байсан юм. Харин хоёрдугаар байрыг БНХАУ-ын баг эзэлж, мөнгөн медалийн эзэд болсон бол Австралийн тамирчид хүрэл медаль хүртжээ.


Тодруулбал, Их Британийн тамирчид болох Кэтлин Доусон, Адам Пити, Жеймс Гай, Анна Хопкин нар Хятадын тамирчдаас 0.43 секундийн өмнө барианд орсон бол Австралийн тамирчид 0.09 секундээр удаалсан байна. 


Тэмцээн болохоос өмнө АНУ-ын багийг медалийн төлөө өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан боловч тавдугаар байр эзэлжээ. Тус багийн тамирчин Лидия Жейкобийн нүдний шил тэмцээний үеэр унасан нь медаль хүртэл боломжид нь нөлөөлжээ. 

Монголын шигшээ баг, БНСУ-ын багийг 4:1-ээр яллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээний Токиогийн олимпын наадмын медальт багуудыг тодруулах тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг эхний учраагаа яллаа.

 

Манай багийн эхний шатанд БНСУ-ын багтай таарсан бөгөөд тэднийг 4:1-ээр илүүрхэн хожлоо. Одоо шөвгийн наймд ОХУ-тай, дараа нь зохион байгуулагч Японы багтай хүч, ур чадвараа сорино.


Монгол Улсын шигшээ баг, БНСУ-ын шигшээтэй халз барилдааны эхэнд хүнд жингийн бөх /+100 кг/ Ө.Дүүрэнбаяр, БНСУ-ын Ким Минжон /Kim Minjong/-д цэвэр ялагдаж, 1:0-ээр БНСУ-ын баг тэргүүлж эхэлсэн.


Улмаар дараагийн барилдаанд Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, Солонгосын Ким Жисү /Kim Jisu/-тэй багийн оноог тэнцүүлэх хариуцлагатай барилдааныг хийсэн юм. Манай жүдоч түүнийг базари үнэлгээгээр ялж багтаа ялалт авчирч чадлаа.


Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, БНСУ-ын жүдоч Ан Чангрим /An Changrim/-ыг торгуулиар ялснаар багийн онооны харьцааг 2:1 болгосон юм.


Дараагийн халз барилдаанд ОУХМ Б.Ганхайч /63 кг/, дээд жингийнхээ /70 кг/ жүдоч С.Ким /Kim Seongyeon/-ыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожиж багтаа ялалт авчирснаар 3:1-ээр Монголын шигшээ илүүрхэж эхэллээ.


Хоёр багийн 5 дахь даваанд Монголын баг ялвал дараагийн барилдааныг хийлгүй Монголын шигшээ илүүрхэн ялах боломжтой болох байв. Энэ барилдаанд ОУХМ Г.Алтанбагана Гвак Донгхан /Gwak Donghan/-ыг торгуулиар ялснаар Монгол шигшээ баг 4:1-ээр илүүрхэн хожлоо.


Монголын шигшээ багийн дараагийн учраа бол Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны  шигшээ багтай хүчээ сорих юм.

Сан Марино Олимпын наадмаас анхны медалиа хүртлээ

ТОКИО. /NHK/. Сан Марино улсын буудлагын тамирчин Алессандра Перилли эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэнээр улсынхаа түүхэн дэх анхны Олимпын медалийг эх орондоо авчирлаа.


Италийн газар нутгаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй, Европын жижиг улс болох Сан Марино нь 34 мянга орчим хүн амтай юм. Ингэснээр тус улс нь Олимпын медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай орон болж байна.


Түүний өрсөлдсөн төрөлд Словакийн тамирчин Зузана Рехак Стефесекова алтан медаль, АНУ-ын тамирчин Кейл Браунинг мөнгөн медаль тус тус хүртжээ.


Өдгөө 33 настай А.Перилли өмнө нь хоёр Олимпод оролцож байсан юм. Сан Марино улсын хувьд 1960 онд анх Олимпын наадамд оролцож байсан түүхтэй.


“Залуучууд хэзээ ч бууж өгч болохгүй” хэмээн А.Периллийн хэлснийг Сан Мариногийн Олимпын хороо эш татан уламжилжээ. 

Жүдо бөхийн холимог багийн тэмцээнд хүч үзэх Монголын баг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр /2021.07.31/ болж, Токиогийн олимпын медальтнуудаа тодруулах бөгөөд Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарсан.


Энэ багийг ялахад шөвгийн наймд ОХУ-тай, дараа нь зохион байгуулагч Японы багтай хүчээ сорино. Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн 6 жинд болно. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай.

 

Монголын шигшээ баг

 

Эмэгтэй, 57 кг

 

Д.Сумъяа, Л.Сосорбарам

 

Эмэгтэй, 70 кг

 

Б.Ганхайч

 

Эмэгтэй, +70 кг

 

О.Мөнхцэцэг

 

Эрэгтэй, 73 кг

 

Ц.Цогтбаатар, Ё.Басхүү

 

Эрэгтэй, 90 кг

 

Г.Алтанбагана, Саид Моллаи

Эрэгтэй, +90 кг

 

Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр

Токиогийн олимпын эргэн тойронд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эргэн тойронд өчигдөр /2021.07.30/ болсон сонин, содон мэдээг Монголын үндэсний олимпын хорооноос толилуулж байна.


Японд бүртгэгдэх Ковидын халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа. Пүрэв гарагт улсын хэмжээнд халдварын 10,699 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Олимпын наадам явагдаж буй Токио хотод 3865 тохиолдол илэрсэн нь мөн л сөрөг дээд амжилт болжээ. Олимпын наадмын үеэр халдвар тархахаас сэргийлж Токио хотод онц байдал зарласан ч нөхцөл байдал улам дордсоор байна. Энэ өдөр олимпын наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний 3 нь тамирчин байв.


Тамирчид тогтоосон дүрэм журмыг зөрчих явдал гарсаар байгааг Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэллээ. Үүнээс улбаалан хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлсэн гэсэн боловч аль улсын хэн гэдэг тамирчин болохыг тодорхой хэлсэнгүй. Ямартай ч Гүржийн нэгэн жүдоч тогтсон маршрутыг зөрчиж аялал жуулчлалын бүс болох Tokyo Tower-т очсон болохыг Такая хэвлэлийнхэнд ярьжээ.


ӨАБНУ Токиогийн олимпын анхны алтаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр хүртлээ. Татьяна Скунмакер эх орондоо анхны алтыг авчрахдаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож (2:18.95 минут) баяр дээрээ баяр нэмэв. Энэ төрөлд АНУ-ын Лили Кинг мөнгө (2:19.92), мөн тус улсын Энни Лазор хүрэл медаль (2:20.84) хүртлээ. Өмнөд Африк анхны алтаа авснаар 23 дугаар байр руу дэвшжээ.



Оросын усанд сэлэгч Евгений Рылов энэ олимпын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь 100 метрийн араар даллах төрөлд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн араар даллах төрөлд мөн шаргал өнгөтэй медаль авав. Тэрбээр өөрийн зайг 1:53.27 минутад туулж, олимпын рекордыг шинэчлэн тогтоожээ. Оросууд энэ зайд түүхэндээ анх удаа олимпын аваргатай болж байна.


Ямайкийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Кристофер Самуда энэ олимпын үеэр хэд хэдэн улсын төлөөлөлтэй хамтран ажиллах санал солилцож, эдгээр яриа хэлэлцээг ойрын өдрүүдэд албажуулан баталгаажуулахаар болсон талаараа сэтгүүлчдэд ярив. “Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бидний хувьд маш чухал. Харин олимпын наадам бидэнд ийм яриа хэлэлцээ өрнүүлэх боломж олгодгоороо давуу талтай” хэмээн ноён Самуда өгүүлжээ.



Каноэ завины тамирчин Жесс Фокс олон жилийн уйгагүй оролдлогын эцэст олимпын аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болж чадлаа. Австралийн 27 настай бүсгүй ДАШТ-ий 10 алтан медальтай ч олимпын наадамд шагналын хамгийн дээд тавцанд гишгэж чадаагүй байв. Тэрбээр Лондоны олимпоос мөнгө, Риогоос хүрэл медаль хүртэж байжээ.

Олимпод өрсөлдөж буй 206 орноос 68 улс медаль хүртэж, Монголын баг 45 дугаарт бичигджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдрийн байдлаар 68 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Индонез улстай хамт 45 дугаар байрт бичигдэж байна.


Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 19 алт, 10 мөнгө, 11 хүрэл, нийт 40 медальтай 206 орныг тэргүүлж явна.


Харин эзэн орон Япон улсын баг 17 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 28 медальтай 2 дугаарт, АНУ-ын баг 14 алт, 17 мөнгө, 11 хүрэл, нийт 42 медальтай 3 дугаарт бичигдээд байна.


Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 10 алт, 14 мөнгө, 10 хүрэл, нийт 34 медальтай 4 дүгээрт, Австралийн баг 9 алт, 2 мөнгө, 11 хүрэл, нийт 22 медальтай 5 дугаарт жагсчээ.

Өнөөдөр жүдочид олимпын багийн тэмцээнд хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдөр буюу долдугаар сарын 31-нд Монголын баг тамирчдаас буудлага спорт, жүдо бөхийн багийн төрөлд онч мэргэнээ болон хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.


Тухайлбал, өнөөдөр буудлага спортын эмэгтэй урт бууны 50 метрийн дасгалын медальтнууд тодрох бөгөөд Улаанбаатарын цагаар өглөө 11.00 цагаас эхлэх урьдчилсан шатанд тамирчид гурван байрлалаас /босоо, суугаа, хэвтээ/ тус бүр 40, нийт 120 сум буудах бөгөөд эхний наймд шалгарсан нь 15.00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө. Нийт 49 тамирчин оролцохоор бүртгүүлсний дотор Монголын залуу мэргэн бууч О.Есүгэн байна.


Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулна. Манайхан эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулах сугалаа татсан билээ. Энэ багийг хожвол шөвгийн наймд Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны багтай, дараа нь зохион байгуулагч Япон баг хүлээж байгаа юм..


Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болох юм. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийднэ. Тухайн жингүүдэд хэнийг барилдуулахаа дасгалжуулагч нар барилдааны өмнө шийдэх болно.


Жишээлбэл, эрэгтэйчүүдийн -90 кг-д Г.Алтанбагана, С.Моллай хоёрын хэнийг гаргах, +90 кг-д Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын хэнийг барилдуулахаа тухайн өрсөлдөгчөөсөө шалтгаалан сонгоно гэсэн үг. Урьдчилсан шатны барилдаан 10.00 цагаас болох бөгөөд медалийн төлөөх барилдаанууд 16.00 цагаас эхлэх юм.



Монголын усан спортын тамирчид хурдаа сорив

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын усанд сэлэлтийн спортын баасан гараг /2021.07.30/-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын 2 тамирчин хурдаа сорин өрсөлдлөө.


Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү өрсөлдөж, 24.63 амжилт үзүүллээ. Энэ зайд түүний дээд амжилт энэ зайд 23,93 байсан юм. Тэрээр 5 дугаар гараанд Босни, Армен, Дүрвэгчдийн баг, Филиппин, Кипр, Эритрей, Мавританы тамирчидтай уралдсан. Нийт 73 тамирчин оролцсон бөгөөд манай тамирчин 43 дугаар байрт шалгарч, 25 тамирчинг ардаа орхилоо.



Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд уралдсан Б.Энххүслэн 27.29 секундын амжилтаар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоов. Өмнөх дээд амжилтыг /27.66 сек/ тэр, өөрөө тогтоосон юм. Олимпын наадамд уралдана гэдэг сэлэгч бүрт олдоод байдаггүй ховор боломж билээ.  





Токиогийн Олимпын наадамтай холбоотой 27 хүнээс халдвар илэрчээ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадамтай холбоотой 27 хүнээс коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ. 


Тодруулбал, гадаадын гурван тамирчнаас халдвар илэрснээс хоёр нь тамирчдын хотхонд байрлаж байжээ. Тэдний нэг нь АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, Дэлхийн хоёр удаагийн аварга, тулгууртай харайлтын тамирчин Сэм Кендрикс бөгөөд ийнхүү Олимпын наадамд өрсөлдөх боломжгүй болжээ.


Долоодугаар сарын 1-нээс хойш Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдол өдөрт хамгийн олноор нэмэгдэж буй нь энэ бөгөөд пүрэв гарагт бүртгэгдсэн өмнөх өндөр үзүүлэлтийг давлаа гэж зохион байгуулагчид  мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар халдварын ийм тохиолдлын тоо 220-т хүрсэн байна. 


Японд лхагва гаргийн байдлаар, Олимпын наадмыг зорин 39 мянга гаруй хүн хилийн чанадаас иржээ. 

Эдгэрсэн хүний тоо 178 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 197 сая 387 мянга давж, эдгэрсэн хүний тоо 178 сая 537 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

БНХАУ-ын тамирчид медалийн чансаагаараа тэргүүлж эхэллээ

ВАШИНГТОН. /ABC/. Японы нийслэл Токио хотноо энэ сарын 23-наас албан ёсоор эхэлсэн “Токио-2020” Олимпын наадам амжилттай үргэлжилж байна.


Олимпыг зохион байгуулагч орон медалийн чансааны тэргүүн эгнээгээ хадгалж байсан боловч БНХАУ-ын баг тамирчид пүрэв гаргаас жагсаалтын нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ.


Тодруулбал, БНХАУ-ын баг 16 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэнээр наадмыг хошуучилж байгаа бол зохион байгуулагч Япон улс 15 алт, 4 мөнгө, 7 хүрэл медальтайгаар удаалж байна.


Эдгээр улсын араас АНУ, ОХУ-ын Олимпын хороо, Австрали, Их Британи, БНСУ, Нидерланд, Франц, Герман эхний 10 байрт жагсаж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын 44 дүгээрт бичигдэж байна.


Ийнхүү Токиогийн Олимпоос пүрэв гарагт эх орондоо алтан медаль авчирсан 17 тамирчныг танилцуулъя.

Уран сайхны гимнастик

  • Эмэгтэйчүүдийн төрөлд: АНУ-ын тамирчин Суниса Ли

Жүдо

  • Эмэгтэйчүүдийн -78 кг: Японы тамирчин Шори Хамада
  • Эрэгтэйчүүдийн -100 кг: Японы тамирчин Аарон Вольф

Сэлүүрт завь

  • Эмэгтэйчүүдийн хосын хөнгөн жингийн төрөлд: Итали
  • Эрэгтэйчүүдийн хосын хөнгөн жингийн төрөлд: Ирланд
  • Эмэгтэйчүүдийн хосын төрөлд: Шинэ Зеланд
  • Эрэгтэйчүүдийн хосын төрөлд: Хорват

Туялзуур сэлэм

  • Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний багийн төрөлд: ОХУ-ын Олимпын хороо

Усан сэлэлт

  • Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд: АНУ-ын тамирчин Калеб Дрессел
  • Эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд: АНУ-ын тамирчин Бобби Финке
  • Эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд: Австралийн тамирчин Изаак Стаблти-Кук
  • Эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд: БНХАУ-ын тамирчин Жан Юфэй
  • Эмэгтэйчүүдийн 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд: БНХАУ

Буудлага

  • Эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд: Словакийн тамирчин Зузана Рехак Стефесекова
  • Эрэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд: Чехийн тамирчин Иржи Липтак

Каноэ завь

  • Эмэгтэйчүүдийн каноэ завины төрөлд: Австралийн тамирчин Жессика Фокс

Ширээний теннис

  • Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: БНХАУ-ын тамирчин Чен Мэн