ТОКИО-2020
ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмын үеэр гэрэл зургийн дуранд буулгасан тамирчдын сонирхолтой агшнуудыг Их Британийн “BBC Sport” сувгийн онцлон сонгосноор та бүхэнд танилцуулъя.
Долоодугаар сарын 26: Их Британийн тамирчин Том Дейли эрэгтэйчүүдийн 10 м тавцангаас үсрэх хосын төрөлд өөрийн оролцож буй дөрөв дэх Олимпын наадмаас алтан медаль хүртсэний дараа
Наймдугаар сарын 7: БНХАУ-ын тамирчид Олимпын 15 дахь өдөр уран сайхны сэлэлтийн төрөлд үзүүлбэрээ үзүүлж буй нь
Долоодугаар сарын 27: Бразилын тамирчин Итало Феррейра хагас шигшээ тэмцээний үеэр давлагаан дээр гулгаж буй нь
Наймдугаар сарын 2: Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд хамтдаа алтан медаль хүртсэн нь
Наймдугаар сарын 4: Өмнөд Африкийн тамирчин Эрин Стеркенбург, БНСУ-ын тамирчин Со Чэхён нар Олимпын 12 дахь өдөр эмэгтэйчүүдийн спорт авиралтын төрөлд өрсөлдөж буй нь
Долоодугаар сарын 30: Их Британийн тамирчин Бетани Шрайверыг дугуйн “BMX” төрөлд алтан медаль хүртсэнийх нь дараа түүний нутаг нэгт тамирчин Кай Уайт өргөн явж буй нь
Долоодугаар сарын 31: Их Британийн тамирчид Жеймс Гай, Адам Пити, Кэтлин Доусон нар 4х100 метрийн буухиа холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэнээ мэдэж буй нь
Наймдугаар сарын 3: Норвегийн тамирчин Карстен Уорхольм 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож буй нь
Наймдугаар сарын 7: Израилын тамирчин Линой Ашрам Олимпын 15 дахь өдөр “Ariaka” гимнастикийн хүрээлэнд ганцаарчилсан үзүүлбэрээ үзүүлж буй нь
Наймдугаар сарын 4: Скай Браун скейтбордингийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр Их Британийн хамгийн залуу Олимпын медальтан болж буй нь
Наймдугаар сарын 3: Америкийн тамирчин Симона Байлз өөрийн өрсөлдсөн төрөлдөө хүрэл медаль хүртсэн мөчөө дасгалжуулагч Сесиль Ландитайгаа хуваалцаж буй нь
Долоодугаар сарын 25: Польшийн тамирчин Дамиан Дуркач ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Габиль Мамедовыг буулган авсныхаа дараа
Долоодугаар сарын 26: Америкийн тамирчин Кевин МакДауэлл триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхөөр үсэрч буй нь
Долоодугаар сарын 22: Японы тамирчин Хитоми Хатакеда тэмцээндээ оролцохоосоо өмнө бэлтгэл хийж буй нь
Долоодугаар сарын 26: Их Британийн тамирчин Томас Пидкок Швейцарын тамирчин Матиас Флюкигерийг Изү ууланд хошуучлан явж буй нь
Долоодугаар сарын 30: Өмнөд Африкийн тамирчин Жулиа Винсент эмэгтэйчүүдийн 3 метрийн трамплины төрөлд оролцож буй нь
Наймдугаар сарын 1: Америкийн тамирчин Рэйвен Сондерс Олимпын найм дахь өдөр эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөж буй нь
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадам “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн 1 жил хойшлогдож, дахин өнжиж ч магадгүй байсан ч Япон улс амжилттай зохион байгууллаа.
Олон улсын олимпын хорооны гишүүн улс орнууд, үндэсний шигшээ багуудаа өндөр зохион байгуулалттай оролцуулж олимпын наадмыг эв нэгдлийн илэрхийлэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг гэдгийг батлан харууллаа.
Өнөөдөр 19 цагаас Япон улсын нийслэлд зохион байгуулсан "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын хаалтын ёслолыг телевизээр дэлхий нийтэд түгээн дамжуулж харуулснаар тэрбум тэрбум хүн үзэж сонирхлоо.
Энэ удаагийн олимпын наадамд оролцсон 206 улс орны Төрийн далбаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн юм. Үүний дараа үндэсний шигшээ багуудын төлөөлөл болсон наадмын сүүлийн өдрүүдэд тэмцээн, уралдаан нь явагдсан тамирчдын төлөөлөл цэнгэлдэхэд баяр хөөртэй орж ирэн байраа эзэллээ.
Уламжлал ёсоор олимпын наадам зохион байгуулагч орон Япон үндэстэний түүх, өв соёл, урлагийн эртний болон орчин үеийн хөгжлийг харуулсан гайхалтай тоглолтуудыг японы алдартай дуучин, бүжигчин, хөгжимчин зэрэг уран бүтээлчид, хамтлагууд толилуулсан юм.
Улмаар олимпын наадмын хамгийн эртний бөгөөд хамгийн хүнд хэцүү спортын төрөл болох марафон гүйлтийн эмэгтэй, эрэгтэй төрөлд олимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад медалийг нь гардуулах ёслол уламжлал ёсоор болсон билээ.
Токио хотын захирагч Койке Юрико Олон улсын олимпын
хорооны ерөнхийлөгч Томас Бах-д олимпын тугийг гардуулан өгөхөд Т.Бах
олимпын наадмыг зохион байгуулах дараагийн хот болох Парис хотын захирагч, хатагтай Анне Идалгод дамжуулан өгсөн.
Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зуны олимпын XXXIII наадмыг хүлээн авагч Франц улсын тугийг мандуулж, төрийн
дууллыг эгшиглүүлсэн юм.
Энэ үеэр Парис хотод Эйфелийн цамхаг дээр олимпын түүхэнд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох олимпын тугийг байрлуулав. Парис хотын дээгүүр Франц улсын далбааны өнгийг тэнгэрт дүрсэлсэн бол, Эйфелийн цамхгийн өмнөх талбайд “Токио, баярлалаа” гэсэн баннерыг байрлуулсан байв. Энэ мөчид Токио телевизийн цамхгийг Францын тугийн өнгөөр гэрэлтүүлэв.
Японы угсаа залгамжлах ханхүү Фүмихито Эзэн хаан
Нарүхитог төлөөлж “Токио-2020” олимпын хаалтын ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Гуравхан жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын XXXIII
наадам 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд Францын нийслэл
хотноо болно.
"Токио-2020" олимпын их наадамд нийт 93 улсын тамирчид 1-7 медаль хүртжээ. Энэ нь олимпын түүхэн дэх дээд амжилт болсныг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах онцлон мэдэгдлээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ: "Сүүлийн 16 өдрийн турш та бүхэн спортын амжилтаараа алмайрууллаа. Та бүхэн хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй байж чадлаа. Цар тахлын улмаас үүссэн асуудлуудыг даван гарсан нь энэ удаагийн олимпыг улам үнэ цэнтэй болголоо. Та бүхэн үнэ цэнтэй дэлхийг эргүүлэн авчирлаа. Энэ бол итгэл найдвар. Энэхүү гараг дээр оршин буй тэрбум тэрбум хүмүүст итгэл найдвар өглөө. Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ.
Энэ бүхэнд Японы ард түмний сэтгэл, бэлтгэл үнэлж
барамгүй их байсан юм шүү. Бүх тамирчдынхаа өмнөөс та бүхэнд баярлалаа.
Япончууддаа талархал илэрхийлье.
ОУОХ, Японы хамтрагч найзууд маань энэ олимпыг амжилттай зохион байгуулж чадлаа. Та бүхний хамтын ажиллагаа үеийн үед үнэ цэнтэй байх болно. Та бүхэн байхгүй бол энэ олимп болохгүй байсан. Хамгийн их сорилттой нүүр тулгарсан Токиогийн олимпын наадмыг өндөрлүүлж байна. Зуны олимпын XXXII наадам ийнхүү өндөрлөлөө. Гурван жилийн дараа Францын Парис хотноо эргэн уулзацгаая" гэлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын бамбар Токио хотноо 16 хоног бадамлаж, олимпын тэмцээн, уралдаанууд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр /2021.08.08/ өндөрлөж байна.
Токиогийн олимпын наадамд дэлхийн улс орны төлөөлөл болсон 206 шигшээ багийн тамирчид оролцож 93 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд Монголын Улсын баг 1 мөнгө, 3 хүрэл, нийт 4 медальтай медалийн тоогоор 71 дүгээр байрт шалгарлаа.
Манай улсын ард Аргентин болон Сан Марино улс 1
мөнгө, 2 хүрэл медальтай 72 дугаар байрт
орсон бол Киргиз манай өмнө 2 мөнгө, 1 хүрэл медальтай жагслаа.
Токиогийн олимпын медалийн тоогоор АНУ 113 медаль хүртсэн
/39 алт, 41 мөнгө, 33 хүрэл/ амжилтаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 38 алт, 32
мөнгө, 18 хүрэл /нийт 88/-тэй 2 дугаар байр эзэллээ.
Харин эзэн орон Япон улсын баг 27 алт, 14 мөнгө, 17
хүрэл, нийт 58 медальтай, медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Их Британи 22 алт, 21 мөнгө, 22 хүрэлтэй нийт 65
медальтай, чанар, медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.
Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 28
мөнгө, 23 хүрэл, нийт 71 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн
чанараар 5 дугаарт жагслаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн Олимпын наадам Монголын багийн хувьд олон амжилт, үйл явдлаар онцгой болж өнгөрч байгаа талаар "Team Mongolia"-г тойрсон онцгой содон баримтуудаас Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос хүргэж байна.
- Монголчууд энэ олимпын XXXII наадамд спортын 10 төрөлд өрсөлдсөн нь
шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ.
Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа олимп наадамд оролцсон нь
онцгой амжилт болов.
Таеквондочид эрхээ авахад ойрхон байсан, туялзуур
сэлэмний тамирчин эрхийн тэмцээнд ганц оноогоор хожигдсон, эрэгтэй сагсчид
эрхийн тэмцээнээс харамсалтай мултарсан зэргийг бодолцвол бид 10 байтугай
төрлөөр 43-аас ч олон тамирчинтай оролцох боломж бүрэн байна. Гурван жилийн
дараа болох Парисын олимпод Монголчууд түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй
оролцох болов уу.
- Түүхэнд анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний
дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь
эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14
эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд өмнөх Олимпын наадмуудад ямагт эрчүүд жин
дарж байв.
Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын
багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд
тэмдэглэгдэв.
- Монголын 43 тамирчны 16 нь Олимпод оролцож үзсэн
туршлагатай бол 27 нь Олимпын дэвжээг анхлан мэдэрлээ.
- Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй
оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Одоогоор жүдочид
11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль эх орондоо авчраад байна.
- Монгол Улс анх удаа легионер тамирчинтай Олимпын
наадамд оролцов. Монголын иргэн болсон иран бөх Саид Моллай зүгээр ч нэг оролцох
бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
- Буудлагынхан анх удаа дөрвөн тамирчинтай оролцлоо.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь Олимпдоо онч сорьж, хожим эвдэхэд
бэрх амжилтыг тогтоов.
- Жүдоч М.Уранцэцэг, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар олимп,
дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр,
Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр,
Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг,
У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч
байжээ.
- Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа олимпын
наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн
М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг
хүлээгээд байна.
- Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр
зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв. Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг
өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул,
С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн
тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол
Монголын олимпын түүхэнд байсангүй.
- Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага
гэсэн дөрвөн төрлөөр олимпын наадмаас медаль хүртэж байв. Тэгвэл ТОП дөрвөн
төрөл ТОП тав болох тун дөхлөө. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол
хүндийг өргөлт олимпын медальт спорт болох байлаа. Гэхдээ М.Анхцэцэг Парисын
Олимпын наадамд зорилгодоо хүрэх биз ээ.
- Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь
мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт
харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч
Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.
Монголчууд өмнө нь олимпын наадамд эмэгтэй шүүгчтэй
оролцож байгаагүй. Харин энэ олимпыг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй
байж, түүхийн шинэ хуудас нээв.
- Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны
гишүүнтэйгээр Олимпын наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч,
Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд
“Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны Олимп байв. Тэрбээр
Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн
юм.
ТОКИО. /Kyodo/.
Токиогийн Олимпын наадмыг урьд хожид
байгаагүй цар тахлын нөхцөлд зохион байгуулсныг үл харгалзан аливаа томоохон
асуудалгүйгээр өндөрлөлөө гэж тус наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн
Хашимото Сэйко мэдэгдлээ.
Х.Сэйко Олимпын наадмын хаалтын ёслолоос өмнө зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр,
"Олимпын наадмыг коронавирусний халдвартай тэмцэх үүднээс аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган зохион байгуулсан нь ихээхэн хүч сорилоо. Бид бүгдийг төгс зохицуулж чадсан гэж хэлэхгүй ч ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан хэмээн миний бие бодож байна" гэж хэлжээ.
Мөн спортын бараг
бүх байгууламжид үзэгчдийг нэвтрэхийг хориглох шийдвэрийг гаргахаас өөр аргагүй
байсныг нэмж хэлээд, ийм нөхцөл байдал нь энэхүү наадмын хувьд техник технологийн
дэвшлийг ашигласан шинэ, өвөрмөц үнэ цэнийг бий болгосныг онцлон тэмдэглэжээ.
Олон улсын олимпын хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 8 хүртэл Олимптой холбоотой халдварын 430 тохиолдол илэрчээ. Тэдгээрийн 29 нь тамирчид ажээ. Үүний зэрэгцээ Олимпын наадмыг зохион байгуулсан хотод сүүлийн өдрүүдэд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдсэн юм.
Токиогийн Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс эхэлнэ. Одоогийн байдлаар танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг зөвшөөрөх эсэхтэй холбоотой шийдвэр хараахан гараагүй байна.
Х.Сэйкогийн
мэдээлснээр, Японы Засгийн газар болон Токиогийн засаг захиргаа, Олон улсын паралимпын
холбоо хэлэлцсэний дүнд холбогдох шийдвэрийг гаргах ажээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг 3,4 сая шахам цөөхөн хүн амтай хэдий ч өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Монгол Улс, олимпын медаль хүртсэн тоогоороо 133 орноос 65 дугаарт байрт орж байна. “Токио-1964” олимпод анх хөл тавьж медальгүй ирж
байсан бол 57 жилийн дараа дахин Япон улсад зохион байгуулсан “Токио-2020”
олимпын наадамд спортын 10 төрөлд манай 43 тамирчин, хурд, хүч, ур чадвар,
авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 1 мөнгө,
3 хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын
шигшээ баг энэ амжилтаараа Токиогийн олимпийн наадамд оролцсон 206 орноос
медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаарт шалгарсан байна.
Ийнхүү Монгол Улс зуны олимпын наадамд оролцож ирсэн 57 жилийн түүхэнд нийт 17 олимп болсноос / Үүнээс 2 олимпын наадмаас медальгүй ирсэн. Харин 1984 олимпын наадамд оролцоогүй/ 14 олимпын наадмаас нийт 30 медалийг эх орондоо авч ирсэн үе үеийн шилдэг тамирчдаа та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын хувьд анх удаагаа оролцсон олимп бол “Токио-1964”
зуны олимпын 18 дугаар наадам билээ. Манай шигшээ баг тус олимпын наадмаас медаль хүртэж чадаагүй
юм.
“Мехико-1968” - 1 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Ж.Мөнхбат
(Чөлөөт бөх)
Хүрэл - Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх)
Хүрэл- Д.Сэрээтэр (Чөлөөт бөх)
Хүрэл - Т.Артаг (Чөлөөт бөх)
“Мюнхен-1972” - 1 мөнгө
Мөнгө - Х. Баянмөнх
(Чөлөөт бөх)
“Монреал-1976” - 1 мөнгө
Мөнгө - З. Ойдов
(Чөлөөт бөх)
“Моксва-1980” - 2 мөнгө, 2 хүрэл
Мөнгө - Ц.Дамдин (Жүдо)
Мөнгө - Ж.Даваажав (Чөлөөт бөх)
Хүрэл - Р.Даваадалай (Жүдо)
Хүрэл - Д.Оюунболд
(Чөлөөт бөх)
“Лос Анжелес-1984” - (Оролцоогүй)
“Сөүл-1988” - 1 хүрэл
Хүрэл - Н.Энхбат (Бокс)
“Барселон-1992” 2 хүрэл
Хүрэл - Н.Баярсайхан (Бокс)
Хүрэл - Д.Мөнхбаяр (Буудлага)
“Атланта-1996” - 1 хүрэл
Хүрэл - Д.Нармандах (Жүдо)
“Сидней-2000” /Медаль хүртэж чадаагүй/
“Афин-2004”: 1 хүрэл
Хүрэл - Х.Цагаанбаатар (Жүдо)
“Бээжин-2008” - 2 алт, 2 мөнгө
Алт - Н.Түвшинбаяр (Жүдо)
Алт - Э.Бадар-Ууган (Бокс)
Мөнгө - О.Гүндэгмээ (Буудлага)
Мөнгө - П.Сэрдамба (Бокс)
“Лондон-2012” - 2 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Н.Түвшинбаяр (Жүдо)
Мөнгө - Н.Төгсцогт (Бокс)
Хүрэл - С.Ням-Очир (Жүдо)
Хүрэл - У. Мөнх-Эрдэнэ (Бокс)
Хүрэл - С.Батцэцэг (Чөлөөт бөх)
“Рио-2016” - 1 мөнгө, 1 хүрэл
Мөнгө - Д.Сумьяа (Жүдо)
Хүрэл - Д.Отгондалай (Бокс)
“Токио-2020” - 1 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Саид Моллай (Жүдо)
Хүрэл -
М.Уранцэцэг (Жүдо)
Хүрэл - Ц.Цогтбаатар (Жүдо)
Хүрэл - Б.Болортуяа (Чөлөөт бөх)
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын бейсболын спортоор олимпын аваргын төлөөх тоглолтод АНУ-ын багтай өрсөлдсөн Японы шигшээ баг 2:0-ээр ялж эх орондоо олимпын аварга боллоо.
Харин Токиогийн олимпын хүрэл медалийн төлөөх тэмцээнд
Доминиканы баг БНСУ-ын багийг 10.6 оноогоор ялсан юм.
Ташрамд сонирхуулахад АНУ-ын багт 2014 оны Сочигийн
өвлийн олимпын шорт трекийн мөнгөн медалийн эзэн Эдди Алварес тоглосон нь олны
анхаарлыг ихэд татжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын волейболын эмэгтэйчүүдийн тэмцээний аваргын төлөөх тоглолтонд АНУ-ын волейболын эмэгтэй шигшээ баг, Бразилын шигшээ багийг 3:0-ээр хожиж Токиогийн олимпын аварга боллоо.
Тэд шигшээ тоглолтод Бразилын шигшээ багийг 3:0 /25:21, 25:20, 25:14/-ээр хожсон юм. Харин олимпын хүрэл медалийг Сербийн баг БНСУ-ын бүсгүйчүүдийг хожиж хүрэл медалийн эзэд болж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.08/ Улаанбаатарын 19 цагаас Япон улсад хагас сар гаруй /18 хоног/ хугацаанд үргэлжилсэн "Токио-2020" зуны олимпын XXXII наадам албан ёсоор хөшгөө хаах ёслол болно.
Өнөөдөр орой хүн төрөлхтөн эв нэгдлийг эрхэмлэн 206 улс орны 11 мянга гаруй тамирчид болон оролцогч төлөөлөгчид энэхүү олимпын наадамд оролцож, “Ковид-19” цар тахлыг ялан дийлэх итгэл, сэтгэлийг хүмүүсийн зүрх сэтгэлд бадраасан дэлхийн спортын хамгийн том баяр цэнгэл наадмын бамбар болон Олон улсын олимпын хорооны тугийг 3 жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмыг зохион байгуулах Парис хотын Захирагчид шилжүүлэн өгөх хаалтын ёслолыг зохион байгуулна.
Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн
тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд
медалийн төлөө барилдан 5 дугаар байрт орсон билээ.
Токиогийн олимпын нэг онцлог ялгаа нь хаалтын ёслолд
харьцангуй цөөхөн тамирчин, төлөөлөгчид оролцоно. Энэ нь коронавирусийн цар
тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын
тосгоныг орхих журам үйлчилж байгаа билээ.
Энэ олимпын наадамд оролцсон ихэнх тамирчин журмын дагуу
нутаг буцаад байгаа юм. Харин тэмцээн, уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд
болсон спортын төрлийн тамирчид энэ хаалтын ёслолд оролцох боломжтой юм байна.
ТОКИО. /CBS/. Токиогийн Олимпын наадмын 4х400 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд АНУ-ын баг алтан медаль хүртлээ. Ингэснээр Эллисон Феликс Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн Америкийн тамирчин боллоо.
Тэрбээр буухиа тэмцээний хоёрдугаарт гүйсэн бөгөөд багийнх нь амжилт түүнд Олимпын 11 дэх медалиа хүртэх боломжийг олгожээ.
Анх 2004 оны
Афины Олимпоос алтан медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү АНУ-ын тамирчин Карл
Льюисын амжилтыг эвджээ. Америкийн хөнгөн атлетикийн домог болсон К.Льюисын хувьд
Олимпоос 10 медаль хүртсэн юм.
Өдгөө 35 настай Э.Феликс
“Токио-2020” Олимпын наадмыг өөрийнхөө оролцож буй хамгийн сүүлийн наадам
гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн бямба
гарагт Энэтхэгийн 23 настай тамирчин Нираж Чопра эрэгтэйчүүдийн жад шидэлтийн
төрөлд 87.58 метрийн амжилт үзүүлснээр эх орондоо хөнгөн атлетикийн төрөлд
Олимпын анхны алтан медалийг авчирчээ.
Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ, өөрийнх нь хийгээд улсынх нь хувьд бахархам цаг мөч тохиож буйг онцлон тэмдэглэжээ.
Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Twitter” хуудсандаа, “Токиод түүх бичигдлээ” хэмээн
нийтэлсэн байна.
Бразилын хөлбөмбөгийн
шигшээ багийн хувьд Испанийн багийг 2:1 онооны харьцаагаар буулган авснаар эрэгтэйчүүдийн
хөлбөмбөгийн төрөлд хоёр Олимпын наадам дараалан алтан медаль хүртлээ.
Хоёрдугаар нэмэлт
цаг дуусахад 10 минут үлдээд байхад Бразилын багийн тамирчин Малком эсрэг багийн хаалганд
гоол оруулснаар бразилчууд 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын амжилтаа дахин давтжээ.
Ийнхүү Испанийн
шигшээ баг мөнгөн медаль хүртсэн бол Мексикийн баг Японы багийг илүүрхсэнээр хүрэл
медалийн болзол хангасан байна.
Мөн өнөө өглөө болсон
эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2 цаг 08 минут 38 секундэд барианд орсноор алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр
тэрбээр Олимпын наадмаас дөрөв дэх медалиа хүртэж байна.
Холын зайн гүйлтийн төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчдын нэг болох Э.Кипчоге нь марафон гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2016 оны Риогийн Олимпод мөн түрүүлсэн юм.
“Олимпын наадмын
марафон гүйлтийн төрөлд хоёр дахь удаагаа түрүүлсэндээ туйлын их баяртай байна”
гэж тэрбээр тэмцээний дараа сэтгүүлчдэд хэлжээ.
Харин Нидерландын
тамирчин Абди Нагиай 2:09:58
цагийн амжилтаар мөнгөн медаль, Бельгийн тамирчин Башир Абди 2:10:00 цагт барианд орсноор хүрэл медалийн
болзол тус тус хангажээ.
Э.Кипчогегийн
хувьд Токиогийн Олимпын дөрөв дэх алтан медалийг эх орондоо ийнхүү авчирсан
бөгөөд тус улс энэ удаагийн зуны Олимпоос нийт 10 медаль хүртээд байна.
ТОКИО. /Japan
Times/. Токиогийн Олимпын
наадамтай холбоотой 22 хүнээс
коронавирусний халдвар илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 404-т хүрлээ гэж тус наадмыг зохион
байгуулагчид бямба гарагт мэдээллээ.
Шинээр илэрсэн
халдварын тохиолдлуудын 13 нь гэрээт ажилтан, дөрөв нь наадамтай холбоотой
төлөөлөгч, хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хоёр нь зохион
байгуулах хорооны ажилтан, нэг нь сайн дурын ажилтан юм.
Харин тамирчдын
дунд сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Шинжилгээний
хариу нь эерэг гарсан 22 хүний 16 нь Японы иргэн бол тамирчдын хотхонд байрлаж
байсан хилийн чанадаас ирсэн нэг хүнээс мөн халдвар илэрчээ.
Нийт 17 өдөр үргэлжлэх
Олимпын наадам өнөөдөр өндөрлөнө. Энэхүү наадмыг зохион байгуулж Токио хотын хувьд халдварын улмаас
онцгой байдал тогтоосон хэвээр байгаа бол Японы бусад бүсүүдэд сүүлийн долоо хоногуудад
халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болоод байна.
Мөн Японы
нийслэлд пүрэв гарагт 5042 хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш
өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд баасан гарагт 4515
тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд илэрсэн халдварын нийт тохиолдлын
тоо баасан гаргийн байдлаар нэг саяд хүрсэн юм.
Тамирчдын хувьд “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хатуу арга
хэмжээнүүдийг мөрдөж буй “зэрэгцээ ертөнцөд” амьдарч байгаа тул хотхоны гаднах нөхцөл
байдалтай харьцуулахад харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдээд байгааг холбогдох
албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаан өглөө 05 цагт /Улаанбаатарын цагаар 06 цагт/ эхэлж, Кенийн тамирчин Е.Кипчоге /2:08:38/ тэргүүн байрт шалгарч Токиогийн олимпын аварга болов.
Олимпын мөнгөн медалийг Нидерланд улсын тамирчин А.Нагеейэ /A.Nageeye +1:20/, хүрэл медалийг Бельгийн тамирчин Б.Абди/+1-22/, Олимпын 4 дүгээр
байрт Кенийн тамирчин Л.Чероно /+1:24/ тус тус шалгарлаа.
Монголын шилдэг марафонч, Увс аймгийн Өлгий сумын харьяат,
Зэвсэгт хүчний 337-р анги, “Алдар” Спорт хороо, шигшээ багийн тамирчин, ОУХМ
Ц.Бямбажав хүч, тэсвэр тэвчээр, хурдаа сорьж 106 тамирчнаас 55 дугаар байрт
шалгаран Токиогийн олимпын бариандаа амжилттай орж ирлээ.
Японы Саппоро хотноо өнөөдөр халуун, бүгчим /27-28 хэм дулаан/ нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар 106 тамирчин олимпын замд гараанаас гарсан.
Токиогийн олимпын марафон гүйлтийн замаас албан ёсоор 29
тамирчин замаасаа гарсан байна. Тав дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй Монгол Улсын
шилдэг марафонч, гавьяат тамирчин Б.Сэр-Од марафоноо дуусгаж чадалгүй замаасаа
гарчээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 17 дахь өдрийн байдлаар Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багаас Токиогийн олимпын дэвжээнээс эмэгтэй баг тамирчид 1 хүрэл медалтай 47 оноогоор 4 дүгээр байр эзэллээ.
Москва хотноо 1980 онд болсон олимпын наадмаас хойших 41 жилд болсон 8 олимпод Монголын чөлөөт бөхийн баг тамирчид ердөө 4 удаа л медалийн төлөө барилдсан байдаг.
Тодруулбал, “Сөүл-1988” олимпын дэвжээнд Ло.Энхбаяр, “Барселон-1992” олимпын дэвжээнд П.Сүхбат, “Лондон-2012” олимпын дэвжээнээс С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн, “Рио-2016” олимпын дэвжээнд Г.Мандахнаран медалийн төлөө өрсөлдсөн байдаг.
Харин энэ удаа Токиогийн олимпын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас 5 хүн медалийн төлөө барилдаж, эмэгтэйчүүдийн 53 кг жингийн олимпын хүрэл медалийг ОУХМ Б.Болортуяа эх орондоо авчирлаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаан өглөө 05 цагт /Улаанбаатарын цагаар 06 цагт/ эхэллээ.
Японы Саппоро хотноо яг одоо халуун, бүгчим /27-28 хэм
дулаан/ нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар олимпын замд гараанаас 106 тамирчин
гарсан бөгөөд 1 цаг 20 минуутын байдлаар 11 тамирчин замаасаа гарч гүйлтээс хасагджээ.
Тав дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй эрэгтэй марафонч,
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав нар хурдаа сорьж байна.
ОУХМ Ц.Бямбажав марафоны замд хурдаа сорь байгаа толгойн тамирчдаас
2 минут 14 секундын алдагдалтай 56 дугаар байрт гүйж байна. Харин гавьяат Б.Сэр-Од 92 дугаарт гүйж байгаа аж. Толгойн группт 12 тамирчин гүйж явна. /1 цаг 30 мин/
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 16 дахь өдрийн Улаанбаатарын 10 цагийн байдлаар 93 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 3 хүрэл, нийт 4 медальтай медалийн тоогоор 71 дүгээр байрт явж байна.
Монгол улсын шигшээ багийн ард Аргентин болон Сан Марино улс 1
мөнгө, 2 хүрэл медальтай 72 дугаар байрт
нэхэж явна. Харин Монголын багийн өмнө Киргиз улс 2 мөнгө, 1 хүрэлтэй 70 дугаарт бичигдээд байна.
Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 38 алт,
31 мөнгө, 18 хүрэл /нийт 87/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг
тэргүүлж явна.
АНУ-ын баг 36 алт, 39 мөнгө, 33 хүрэл /нийт 108/-тэй,
медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ.
Харин эзэн орон Япон улсын баг 27 алт, 25 мөнгө, 23
хүрэл, нийт 68 медальтай, медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 25
мөнгө, 23 хүрэл, нийт 68 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн
чанараар 4 дүгээрт жагсаад байна.
Их Британи 20 алт, 21 мөнгө, 22 хүрэлтэй нийт 63
медальтай, чанараар 5 дугаарт, медалийн тоогоор 6 дугаарт бичигдэж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын
XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин
50 кг-д хүчээ сорьсон Ц.Намуунцэцэг Азербайжаны бөх Мария Стадниктай барилдаж 10:0-ээр
ялагдлаа.
Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа
Иепстай хүч сорих байсан боловч тэр гэмтлийн улмаас барилдаагүй юм.
Токиогийн хүрэл медальтан болсон Мария Стадник Азербайжаны украин үндэстэн бөх 33 настай бөгөөд
2008 оны Бээжингийн олимпын хүрэл медальт, 2012, 2016 оны олимпын мөнгөн
медальт, Дэлхийн хошой аварга бөгөөд 2009, 2019 оны ДАШТ-д түрүүлж байсан юм.
Мөн дэлхийн аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Европын наадмын хошой аварга,
Европын 8 удаагийн аварга, Исламын шашинт орнуудын наадмын аварга болсон шилдэг
бөх юм.
Мария Стадник 2006 онд Украины шигшээ багт байхдаа
Европын аварга болсон ч допингоор медалиа хураалгасан. 2007 онд барилдах эрх нь
сэргэсэн ч Украины шигшээ баг түүнийг биш Ирина Мерлениг сонгосон бөгөөд сонгон
шалгаруултад ч оруулаагүй юм. Ингээд Мария Азербайжаны багийн саналыг хүлээн
авч, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт
бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга дагах барилдаанд Унгарын
нэр дээр барилдаж буй орос бөх, ДАШТ-ий хүрэл медальт Исмаиль Мусукаевтай
барилдаж 4:2-оор ялагдлаа.
Энэ барилдаанд И.Мусукаеваас эхний даваанд торгуулийн 1
оноо авсан, төгсгөлд нь дахин торгуулийн 1 оноо авсан ч 1 торгууль, дахин 1+2 оноо алдаж ийнхүү 4:2-оор хожигдон хүрэл медаль
төлөө барилдах боломжоо алдлаа. Харин И.Мусукаев хүрэл медалийн төлөө ДАШТ-ий
алт, мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой өрсөлдөнө.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч,
"Тайкун" группийн Ерөнхий захирал П.Гансүх "Токио-2020"
олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяагийн
амжилтыг амласан ёсоор 10.000 ам.доллараар мялаажээ.
Мөн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нарыг тус бүр 5000 ам.доллараар шагнасан байна.
Токиогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн
Б.Болортуяа эхний тойрогтоо Гуамын Ркаела Акиног цэвэр ялж,идараа нь Эквадорын
Вальверде Мелендресийг 15:5 оноогоор цэвэр хожсон ч хагас шигшээд дэлхийн хошой
аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан юм. Ингээд манай
бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Жозеф Эссомбе Тиакотой
(Камерун) барилдаж, ур чадвараар илүү гэдгээ харуулж цэвэр ялсан.
Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх чөлөөт
бөхийн олимпын медальт хоёр дахь эмэгтэй тамирчин болж байгаа юм. 2012 онд
Лондонд дэлхийн хошой аварга С.Батцэцэг анхны хүрэл медалийг хүртэж байсан юм.
Монголын баг 4 /1 мөнгө, 3 мөнгө/ медальтай болсноор “Токио-2020”
түүхэн өндөр амжилттай олимпын тоонд багтаж байна.
Монголын баг тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”,
“Бээжин-2008” олимпоос 4 медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос 5 медальтай
ирж байлаа.
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Францын багийг буулган авснаар Токиогийн Олимпын наадмаас алтан медаль хүртлээ. Ийнхүү тэд энэ удаагийн зуны Олимпын 100 дахь медалийг эх орондоо авчирчээ.
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Бруклин Нетс” багийн тоглогч Кевин Дюрант 29 оноо авснаар багийн тоглогчдоо тэргүүлжээ. Энэ нь түүний Олимпын гурав дахь алтан медаль юм.
Ингэснээр америкчууд 2008 оны Бээжингийн Олимпоос хойш Олимп бүрээс сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртэж байна.
АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг оролцсон Олимп бүрээсээ медаль хүртэж буй бөгөөд нийт 16 алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг эх орондоо авчирчээ.
Франц улсын шигшээ багийн хувьд энэхүү төрөлдөө Олимпын гурван мөнгөн медальтай болж байна. Тодруулбал, өмнө нь 1948, 2000 оны шигшээ тоглолтод мөн АНУ-ын багт ялагджээ.
Харин хүрэл медалийн төлөөх Словени, Австралийн шигшээ багуудын тоглолт өнөө орой болно.
Улмаар манай тамирчинд ялалтыг өгснөөр Ц.Намуунцэцэг шууд
хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх М.Стадниктай барилдах эрхтэй болжээ.
Өчигдөр (2021.08.06) олимпын дэвжээнд зодоглосон манай
хоёр бөх болох Ц.Намуунцэцэг (50 кг), Т.Тулга (65 кг) нар хоёул эхний даваандаа
дэлхийн аварга япон бөхчүүдэд дийлдсэн ч ялагч бөхчүүд шигшээд шалгарснаар
манай тамирчдад дагаж барилдах боломж гарсан юм.
Т.Тулга өнөөдөр Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж
чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулахаар
байгаа.