ТОКИО-2020
Т.Бах: Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна гэдгээ Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах даваа гарагт дахин нотолжээ. Харин Японы хоёр нэртэй теннисчин энэ талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Т.Бах мэдэгдэл хийх үеэрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райаны хэлсэн үгийг эш татжээ. Тэрбээр, “ОУОХ, Токиогийн Олимпыг зохион байгуулагчид үүсэж болзошгүй эрсдэлүүдийг зохицуулах зохистой шийдвэрийг гаргана гэдэгт ДЭМБ итгэлтэй байна” хэмээн өнгөрсөн баасан гарагт хэлжээ.


“М.Райаны хэлсэн үг надад урам зориг өгсөн. ОУОХ Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын төлөө дэлхий дахины эрдэмтэн судлаачдын заавар зөвлөгөөг үргэлжлүүлэн сонсох болно” гэж ОУОХ-ны тэргүүн мэдэгдсэн байна. Гэвч Японы хоёр теннисчин түүнээс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.


Нэрт тамирчин Осака Наомигийн хувьд, наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байна хэмээн хэлжээ. Тэрбээр, “Тамирчин хүний хувьд би Олимпын наадамд оролцохыг насан туршдаа мөрөөдөж ирсэн боловч үүсээд буй нөхцөл байдлын талаар сайтар тунгааж үзэх хэрэгтэй хэмээн бодож байна” гэж ярьсан байна.


Түүнчлэн 2016 оны Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн теннисчин Нишикори Кэй мөн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндөн ярьжээ. Түүний хувьд өнгөрсөн онд коронавирусээр халдварлаж байсан бөгөөд Тамирчдын хотхонд халдвар тархах вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Токиогийн Олимпын наадмыг ирэх долоодугаар сарын 23-наас эхлүүлэхээр товлоод байгаа билээ. 

Япончуудын 60 хувь нь Олимпын наадмыг цуцлах хэрэгтэй гэж үзэж байна

ТОКИО. /Reuters/. Токиогийн Олимп болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг наадмыг цуцлах хэрэгтэй гэж япончуудын 60 орчим хувь нь үзэж буйг өнөөдөр танилцуулсан нэгэн санал асуулгын дүн харуулжээ.


Японы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд Токиод тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын эцэс хүртэл сунгаад байгаа нь Олимпыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд олон нийтийг эргэлзэхэд хүргэсэн байна.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” Олимпын наадмыг ирэх долоодугаар сарын 23-нд эхлүүлэхээр товлоод байгаа юм.


Yomiuri Shimbun” сониноос тавдугаар сарын 7-9-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 59 хувь нь наадмыг цуцлах нь зүйтэй хэмээн хариулсан бол 39 хувь нь зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэднээс наадмыг хойшлуулах талаар асуугаагүй байна.


Мөн Олимпыг зохион байгуулах хэрэгтэй хэмээн хариулсан хүмүүсийн 23 хувь нь наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Энэ удаагийн Олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр хэдийнээ гарсан боловч дотоодын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг зургаадугаар сард эцэслэн гаргах юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдээр “TBS News” телевизийн явуулсан өөр нэгэн санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 хувь нь наадмыг цуцлах юм уу дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулснаас 37 хувь нь бүрмөсөн цуцлах хэрэгтэй, 28 хувь нь дахин хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.


Үүний зэрэгцээ “Kyodo” агентлагаас энэ оны дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар япончуудын 70 хувь нь Олимпыг цуцлах юм уу хойшлуулах хэрэгтэй хэмээн үзэж байгааг тогтоосон юм.


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн хувьд “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж байгааг үл харгалзан Олимпыг зохион байгуулна гэдгээ удаа дараа нотлон мэдэгдсэн боловч түүнийг дэмжигчдийн түвшин 40 хувьд хүрч буурсныг “TBS” телевизийн санал асуулгын дүн харуулсан байна.


Өнгөрсөн ням гарагт Японы теннисчин Наоми Осака, “Миний бие Олимпын наадамд оролцохыг насан туршдаа мөрөөдсөөр ирсэн хэдий ч Токиогийн Олимпыг зохион байгуулахтай холбоотой эрсдэлийг сайтар тооцож үзэх хэрэгтэй хэмээн бодож байна” гэж хэлжээ. 

Токиогийн Олимпод оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж, тархалтыг эрт үед нь илрүүлэхийн тулд тэмцээнд оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна гэж уг төлөвлөгөөнд ойр төлөөлөгчид мэдээлжээ. Ийнхүү шинжилгээ хийхдээ голчлон шүлсээр авах ажээ.


Японы Засгийн газар тэргүүтэй бусад зохион байгуулагч байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан эмхэтгэлийнхээ эхний хэвлэлд тамирчдаас дөрвөн хоног тутамд шинжилгээ авна хэмээн тусгасан юм. Гэвч зохион байгуулагчид илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болсныг харгалзан аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгахаар шийдвэрлэжээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулах асуудал хариуцсан байгууллагууд Олон улсын олимпын хороотой хамтран тэмцээний үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд тэдгээрийг энэ сарын эцсээр гаргах хоёр дахь эмхэтгэлд дэлгэрэнгүй танилцуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.


Олимпын наадмын нээлтийн ёслол болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Токио “COVID-19” халдварын дөрөв дэх давлагаанд нэрвэгдээд байна гэж эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч Ерөнхий сайд Сүга Ёшихидэ болон наадмыг зохион байгуулах асуудал хариуцсан төлөөлөгчид Олимпыг төлөвлөсний дагуу ирэх долоодугаар сарын 23-наас эхлүүлнэ гэдгээ батлан мэдэгдээд байгаа юм. 

Токиогийн Олимпыг цуцлахад хүрч магадгүй гэв

ТОКИО. /Kyodo/. Японд “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрвэл энэ зун болох Токиогийн Олимпын наадмыг цуцлахад хүрч магадгүй гэж тус улсын эрх баригч Либерал-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро мэдээлжээ.


“Хэрэв Олимпыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл цуцлахаас өөр аргагүйд хүрнэ” гэж Н.Тошихиро өнөөдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.


Гэвч Япон улсын хувьд Олимпыг зохион байгуулах нь “томоохон боломж” гэдгийг тэрбээр онцлоод, амжилттай явуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.


Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, хүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлсний бэлгэ тэмдэг болгон Олимп, Паралимпын наадмыг “аюулгүй” зохион байгуулахаа хэдийнээ амласан билээ.


Гэсэн хэдий ч Японд сүүлийн үед халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болж, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд одоогийн нөхцөл байдлыг халдварын “дөрөв дэх давлагаа” хэмээн үзэж байна. 


Мөн Токио тэргүүтэй хэд хэдэн мужид зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийг багасгах гэх мэт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа юм.


Үүний зэрэгцээ олон нийт Олимп, Паралимпыг зохион байгуулахыг эсэргүүцэх болжээ. Тодруулбал, “Kyodo” агентлагаас саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 39.2 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй гэж хариулсан бол 32.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Олимпын бамбарын буухиа өнөөдөр эхэлнэ

ТОКИО. /Nikkei/. Токиогийн Олимпын бамбарын буухиаг Японы хойд нутгийн Фүкүшима мужаас өнөөдөр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 47 мужийн 859 хот, тосгоноор аялуулна.


Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцох ажээ. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.


COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулагчид тамирчдын буухиалах чиглэлд олноор цуглахгүй байж, телевиз, интернэтээр үзэхийг орон нутгийн оршин суугчдад уриалж байна. Мөн тамирчдаас буухианд оролцохоос хоёр долоо хоногийн өмнөөс гадуур хооллохгүй байхыг хүсэж байгаа ажээ.


Токиогийн Олимпыг 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. 

Токиогийн Олимпыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар боллоо

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж буй байгууллагуудын тэргүүн нар энэ зун болох наадмыг коронавирусний цар тахлын улмаас гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


“Зохион байгуулагчдын эн тэргүүний зорилт бол наадамд оролцогчид, Японы ард түмний аюулгүй байдлыг хангах явдал юм” гэж Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах өнөөдөр болсон цахим уулзалтын үеэр мэдэгджээ.


Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн байна.


Цахим уулзалтад Т.Бах, Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко, Олон улсын паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс, Токио хотын захирагч Койкэ Юрико, Японы Олимпын сайд Марүкава Тамаё нар оролцжээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо дотооддоо явуулсан сугалаагаар 4.45 сая орчим тасалбарыг худалдаалсан боловч өнгөрсөн онд 810 мянга гаруй хүн тасалбараа буцаах хүсэлт гаргажээ. Мөн хилийн чанадад нэг сая орчим тасалбар зарагдсан гэж үзэж байгаа ажээ.


Олимпыг зохион байгуулагчид тэмцээн болох газруудын суудал дүүргэлтийн талаарх шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард гаргахаар төлөвлөж байна. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан “Токио-2020” Олимпын бамбарын буухиа ирэх долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэх юм. 

Токиогийн Олимпыг зохион байгуулагчид гадаадын үзэгчдийн талаар хэлэлцэнэ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпыг зохион байгуулагчид ирэх даваа гарагт өндөр түвшний уулзалт хийхээр төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээлжээ. Энэхүү уулзалтын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авах эсэх асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.


Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Олимпын наадмын зохион байгуулалтын төлөвлөгөөг хариуцаж буй дөрвөн байгууллага цар тахалтай холбогдуулан зуны Олимпын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргах өндөр магадлалтай байгаа ажээ.


Японы Засгийн газар вирусний халдвар нэмж тархаж болзошгүйд олон нийт санаа зовниж, илүү хурдан халдварладаг хувилбарууд олон оронд бүртгэгдсэнийг харгалзан хилийн чанадаас үзэгчид хүлээн авах боломжгүй гэж хэдийн шийдвэрлэсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Япон улс гадаадын үзэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээснийг дурдаад, манай байгууллага “тэдний шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна” гэж мэдэгдсэн юм.


Даваа гарагт болох цахим уулзалтад Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко, Олон улсын паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс, Токио хотын захирагч Койкэ Юрико, Японы Олимпын сайд Марүкава Тамаё нар оролцох төлөвтэй байна.


Эдгээр таван байгууллага хилийн чанадаас үзэгчид хүлээн авах эсэх асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд тэмцээн болох газруудын суудал дүүргэлтийн талаарх шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргах ажээ.


Токиогийн Олимпын хорооны тэргүүний албыг энэ оны хоёрдугаар сараас хашиж эхэлсэн Х.Сэйко гадаадын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг Олимпын бамбарын буухиа эхлэхээс өмнө эцэслэн гаргах хэрэгтэй гэж өмнө нь мэдэгджээ. Бамбарын буухиаг зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас энэ сарын 25-наас эхлүүлэх юм. 

Олимпын үеэр тамирчдыг өдөр бүр шинжилгээнд хамруулж магадгүй

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамруулах талаар хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.


Одоогоор тамирчдаас дөрвөн хоног тутам шинжилгээ авахаар төлөвлөөд байгаа юм. Зохион байгуулагчид “COVID-19”-ийн шинжилгээг өдөр тутам хийхэд шаардлагатай ажиллах хүч, зардлын өсөлтийг олон нийтийн шинжилгээний хүртээмжид нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.


“Коронавирусний шинэ хувилбаруудын тархалттай холбогдуулан тамирчдад шинжилгээ хийх давтамжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэж Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко гуравдугаар сарын 9-нд мэдэгдсэн юм.


Өнгөрсөн 12 дугаар сард Японы Засгийн газрын тэргүүлсэн ажлын хэсэг тамирчдаас 96-120 цаг тутамд COVID-19”-ийн шинжилгээ авахыг чухалчлахыг тайландаа дурджээ. Ийнхүү тамирчдыг дөрвөн хоног тутам шинжилгээнд хамруулах журмыг хоёрдугаар сард танилцуулсан билээ. 

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог нэмнэ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн эзлэх хувийг 40 хувьд хүргэж, 12 эмэгтэй гишүүн нэмж ажиллуулахаар болжээ.


Одоогоор Олимпыг зохион байгуулах хорооны удирдах зөвлөлийн 34 гишүүний долоо нь эмэгтэй /20 хувь/ байгаа бол мягмар гаргийн хуралдаанаар гишүүдийн тоог 45 болгон нэмэгдүүлж, тэдний 19 нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн байна.


Олимпыг зохион байгуулах хорооны өмнөх тэргүүн Мори Ёширо эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлснийхээ төлөө албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш хийж буй шинэчлэлийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ.  


Шинэ гишүүдэд нэр дэвших хүмүүсийн нэрийг олон нийтэд танилцуулаагүй байгаа боловч Сиднейн Олимпын алтан медальт Такахаши Наоко, Паралимпын хоёр удаагийн алтан медальт Обината Күнико тэргүүтэй хүмүүс багтах төлөвтэй байгаа ажээ. 

“Токио-2020” Зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 147 хоног үлджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 147 хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базаасаар байна.


Дэлхий дахинд тохиолдсон “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулах байсан олимпын наадам бүтэн жилээр хойшлогдож, олимп, олимпизмын түүхэнд зөвхөн дайн байлдаанаас үүдэн завсарлаж байсан олимпын наадам анх удаагаа халдварт өвчин, цар тахлаас болж цуцлагдсан юм.


Дэлхий нийтээрээ энэ цар тахалтай олон сар тэмцэн ялан дийлж байна. Үүнийг батлан харуулах хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн “Олимпын наадам”-ыг ОУОХ болон энэ хүнд цаг үед олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан Япон улсын Засгийн газар, Японы Үндэсний олимпын хороо эрсдэлгүй, өндөр зохион байгуулалттай “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.


Ирэх зун /2021.07.23-08.08/ олимпын наадам /паралимп 08.24-09.05/ болно гэсэн их хүсэл тэмүүлэл, итгэлээр дэлхийн тамирчид бэлтгэлээ хийж, спорт сонирхогчид ч тэсэн ядан хүлээсээр байна. Зуны олимпын наадамд 13 удаа оролцож, нийтдээ 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин өнөөдөр Монгол Улсын үндэсний шигшээ баг тамирчид 14 дэх удаагаа олимпын наадамд оролцохоор олон улсын хүүхдийн Найрамдал төв болон Техник спортын төвд энэ оны эхээр цугларалтад гарч бэлтгэлээ хийж байна.


Олон улсын Найрамдал төвд бокс, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын баг тамирчид, Техник спортын төвд буудлага спорт, байт харваа, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрлийн баг тамирчид нэгдсэн цугларалтанд гарсан.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас нийт 19 тамирчин олимпын болон паралимпын наадамд оролцох эрхээ албан ёсоор аваад байгаа юм. Тодруулбал:


1. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа


2. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь


3. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү


4. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн


5. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа


6. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Бямбажав


7. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга


8. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг


9. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг


10. Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ багийн 4 тамирчин


11. Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд


12. Пара буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар


13. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа


14. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ


15. Пара пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ


16. Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар


Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас ирэх 3, 4, 5, 6 дугаар саруудад олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдээс жүдо, чөлөөт бөх, бокс, каратэ, байт харваа, ширээний теннис, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй баг тамирчид албан ёсны  эрх авахаар бэлтгэж байна.


“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртсэн.


Харин өнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохион байгуулах байсан ч мөн VI сар хүртэл хойшилсон, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-нд Аргентин улсын Буэнос-Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох байв.


Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн Ажлын хэсгийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн  цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар болсон. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг эрх /квот/ хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийдвэрлэжээ.


Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй боксчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээр дурдсан квотын дагуу олгоно. “Энэхүү олимпын эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна” гэж ОУОХ-ны боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгдсэн.


Олимпын эрхийн оноо олгох тэмцээн зохион байгуулах бус сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг тогтсон квотын дагуу олгох бөгөөд олон улсын чансаанд дээгүүр бичигдсэн тамирчид олимпын наадамд оролцох эрхээ шууд авна.


Харин жүдогийн тамирчдын хувьд олимпын эрхийн оноо нэмж авах Ташкентын "Гранд Слам", Тбилисийн "Гранд Слам", Анталияагийн "Гранд Слам", Парисын "Гранд Слам", Унгарт явагдах ДАШТ гэсэн 5 тэмцээн байна.


Эдгээр тэмцээнээс манай эрэгтэй жүдочдоос ОУХМ Л.Өнөболд, Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, 81 кг-д Иран гаралтай Саид Моллаей, Н.Дагвасүрэн болон Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар, эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, гавьяат тамирчин Д.Сумъяа, Л.Энхрийлэн /57 кг/, Б.Ганхайч /63 кг/ нар олимпын эрх авахад ойрхон байгаа юм.


Жүдо бөхийн хувьд 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хамгийн өндөр олимпын эрхийн оноо цуглуулсан жин тус бүрийн 18 тамирчин буюу нэг жинд нэг улсаас нэг тамирчинд Токиогийн олимпын эрх олгож байгаагаа зарлах юм.


Чөлөөт бөхийн тамирчдад олимпын эрх авах гурван тэмцээн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод явагдах Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээн, мөн сарын 12-17-нд Алматыд болон Ази тивийн АШТ, тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софид болох олимпын эрх олгох тэмцээн байгаа.


Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2021 оны тавдугаар сарын 26-30-нд Австри улсын Грац хотноо болох олимпын эрх олгох тэмцээн бий. Монгол Улсын шигшээ баг тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чех зэрэг улсын шигшээ багуудтай тоглоно. Мөн Унгар улсын Будапешт хотод эрх олгох сүүлийн тэмцээн байгаа юм.


Монголын таеквондочдын хувьд Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн тавдугаар сарын 21-23-нд Йорданы Амман хотноо болох юм. 


Байт харваачдын хувьд олимпын эрхийн тэмцээн зургадугаар сарын 28-нд Парис хотноо эхлэх юм.


Монголын ширээний теннисчдийн хувьд олимпын эрх олгох Азийн тивийн тэмцээн гуравдугаар сарын 13-15-нд Катарын Доха хотноо болно.


Мөн спортын бусад төрлийн эрх олгох тэмцээний хувьд тодорхойгүй байгаа бол зарим төрөлд өмнөх амжилтаар нь шууд эрх олгох юм байна.

“Токио-2020” ЗБХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон Сейко Хашимотод баяр хүргэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос энэ жил зохион байгуулах "Токио-2020" наадмын эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг танилцуулж байна.


“Токио-2020” зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр хатагтай Сейко Хашимото томилогдсоны дараа Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн мэдэгдлийг толилуулъя.



Тэрбээр: “ОУОХ-ны 7 удаагийн олимпод оролцсон медальт тамирчин, Японы баг тамирчдыг олимпын наадамд олон удаа тэргүүлсэн, "Токио-2020" олимпын сайд, хатагтай Сейко Хашимото нь "Токио-2020" Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр томилогдсонд баяртай байна. Тэрбээр олимпын наадмын бэлтгэл ажлыг шувтаргын шийдвэрлэх өдрүүдэд улам бүр эрчимжүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг бүх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн, ЗБХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, ОУОХ-ны хамтын түншлэлийг нягтруулж, баталгаатай аюулгүй олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө онцгой анхаарлаа хандуулах нь дамжиггүй. "Токио-2020" ЗБХ-ны тэргүүнээр эмэгтэй удирдагч томилогдсон нь хүйсийн тэгш эрхийн асуудлаар олон нийтэд чухал дохио өгсөн бөгөөд энэ нь ОУОХ-ны шинэчлэлийн хөтөлбөр бодлоготой яв цав нийцэж байна” гэж мэдэгдэв.


Түүнчлэн ерөнхийлөгч нь ОУОХ-ны Дэд Ерөнхийлөгч, "Токио-2020" олимпын наадмыг зохицуулах комиссын дарга Жон Коутсийн хамт Япон дахь ОУОХ-ны гишүүн Моринари Ватанабе, Ясүхико Ямашита нартай утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Т.Бах нь "Токио-2020" олимпын наадам хариуцсан шинэ сайдаар томилогдсон хатагтай Марүкава Тамаёод баяр хүргэв. Энэ жил 40 настай Т.Марукава нь улс төрд хөл тавихаасаа өмнө “Асахи” телевизийн хөтлөгч байсан юм.


Олимпын дүрвэгсдийн сан /ORF-Olympic Refuge Foundation/-гийн тэргүүн бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Францын спортын сайд Роксана Марачиняну нар ORF үйл ажиллагаанд Франц улс санхүүгийн тусламж үзүүлэх гэрээнд Лозанн хотноо гарын үсэг зурав. Т.Бах дүрвэгсдийн санд тусламжийн гараа сунгасан Франц улсын төрийн тэргүүн Э.Макрон, тус орны Засгийн газарт талархлаа илэрхийлж, "Парис-2024" олимп амжилттай зохион байгуулна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ илэрхийлэв. ОУОХ-ны "Парис-2024" олимпын наадмыг хариуцсан зохицуулах комиссын дарга П.Беккерс-Вьюжон тус уулзалтад байлцжээ.


Ерөнхийлөгч БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чүн Ый-Ёнийг хүлээн авч уулзав. Тэд өмнө нь "Пёнчан-2018" өвлийн олимпын наадамд БНАСАУ-ын баг тамирчдыг оролцуулах асуудлаар хэд хэд удаа уулзсан ажээ.

Жорж Вашингтоны нэрэмжит Их сургуулийн спорт бизнесийн холбооны урилгаар ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах цахим лекц уншиж, “Токио-2020” олимп, “Олимпын мөрийн хөтөлбөр 2020+5” сэдвээр 300 оролцогчдын асуултад хариулав. Олимпын бобслей, шаахай чарганы медальт, тус сургуулийг төгсөгч Е.Мейерс-Тейлор цахим уулзалтыг хөтлөн удирдсан байна. Ерөнхийлөгч ОУОХ-ны олимпын хөтөлбөрийн комиссын дарга К.Штосстой хаалттай уулзалт хийжээ.


ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 15 заалттай “Olympic Agenda 2020+5”  олимпын мөрийн хөтөлбөрийг боловсруулан, III сард хуралдах ОУОХ-ны 137 дугаар чуулганд танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ “Olympic Agenda 2020+5” нь ирэх таван жилийн хугацаанд ОУОХ, Олимпын хөдөлгөөнийг удирдан залж, зөв чиглэлд хөтлөх чиг үүрэгтэй юм. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “Мөрийн хөтөлбөр-2020”-д тусгагдсан 40 заалтын 88 хувь биеллээ олсон гэж дүгнэжээ.


Олон улсын спортын холбоод



Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Гүйцэтгэх зөвлөлийн цахим хуралдаанаар Латвийн Рига, Даугавпилс хотноо VI сарын 3-11-нд FIBA-U19 Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах болсноо зарлав. Түүнчлэн олимпын эрх олгох тэмцээн VI сарын 19-нд Канад, Хорват, Литва, Серби улсад эхлэхийг батламжилсан байна.


Олон улсын усанд сэлэлтийн холбоо /FINA/ цоо шинэ вэбсайт ашиглалтад оруулснаа мэдэгдлээ.


Үндэсний олимпын хороод


Казахстаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Крюков нь Олон улсын цанын холбоо /FIS/-ны фристайль, могулс, аэриэлс уралдаан хариуцсан захирал Андреа Ринальдиг хүлээн авч уулзан, дээрх төрлөөр энэ жил Алматы хотноо зохион байгуулах ДАШТ, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар нухацтай хэлэлцэв.


Марокко улсын ҮОХ нь “Өндөр зэрэглэлийн спорт” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, “Аваргуудын үг” хөтөлбөрөөр олимпын дугуйчин А.Куаддарыг хүндэт зочноор урьжээ.


Монголын ҮОХ байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тус хороог удирдаж байсан ахмад зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзав. МҮОХ нь 1956 онд анх байгуулагдсан цагаасаа хойш өвлийн 14, зуны 13 олимпод оролцож, нийт 26 медаль хүртсэн билээ.



Испанийн ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Бланко, Байгаль орчны шилжилт, хүн ам зүйн сорилтын сайд Т.Ридери, Спорт, соёлын сайд Х.Урибес нар хүрээлэн буй байгаль орчин, спорт ба тогтвортой байдлыг хамгаалан дэмжих гурван талт гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь байгаль орчин ба нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, олимпизмын нандин үнэ цэнийг түгээн дэлгэрүүлснээр байгалийн шилжилтийн хэв загварыг Испанийн спортын секторт бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой байдлын асуудалд олон түмний анхаарлыг төвлөрүүлэх  зорилгыг агуулжээ.


Венесуэлийн ҮОХ нь олон улсын спортын менежментийн 8 сарын дээд курсийн диплом гардуулах ёслолыг зохион байгуулж, бүх оролцогчдыг спортын гэрэл зурагчин Э.Гамесийн уран бүтээлээр бүтсэн гэрэл зургийн олимпын галерейн нээлтэд урьсан байна.

“Токио-2020” олимпын эрх олгох боксчдын чансааг ил тод зарлаж шалгаруулна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцлах тухай ОУОХ-ны Боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгдсэн талаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос мэдээллээ.


Олимпын эрх олгох боксын тэмцээн 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо зохион байгуулахаар товлосон ч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон олимпын наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” цар тахлаас сэргийлэх хорио цээрийн хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан Ажлын хэсгээс /BTF-Boxing Task Force/ эрх олгох хамгийн эцсийн болох Парисын тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулах болсноо мэдэгдлээ.


“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртээд байна.


Өнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохион байгуулах байсан ч мөн VI сар хүртэл хойшилсон, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-нд Аргентин улсын Буэнос-Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох байв.


Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн Ажлын хэсгийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн  цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг эрх /квот/ хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийдвэрлэжээ.


Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгоно.


“Энэхүү олимпын эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна” гэж ОУОХ-ны боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгджээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч мэдэгдэл гаргажээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос энэ жил зохион байгуулах "Токио-2020" наадмын эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг спорт сонирхогчдод хүргэж байна.


"Токио-2020" Олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулж, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Т.Бах: “Ерөнхийлөгч Моригийн огцрох шийдвэрийг хүндэтгэн үзэхийн сацуу уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг ойлгож байна. Түүний "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн, “2021 онд болох "Токио-2020" олимпын наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах үйл хэрэгт дараагийн залгамжлагчтай мөр зэрэгцэн ажиллана” гэж мэдэгдлээ.


"Токио-2020" олимпын наадмыг шалган зохицуулах комиссын дарга Жон Коутс “Найман  жилийн туршид Ёширо Моритой хамтран ажиллахад хүчтэй, бүтээмж өндөртэй удирдагч байсан ба цар тахлын хүнд нөхцөлд ч оновчтой шийдлүүд гаргаж байсан. Түүний дэмжлэг болон сэтгэл зүрхээ зориулан ажилладагт гүнээ талархаж байна" гэж дурдлаа. Мөн Олимпын наадам зохион байгуулахын төлөө идэвхтэй зүтгэж буй  Японы ҮОХ, ЗБХ-ны Гүйцэтгэх захирал Мүто Тоширод цаашдын үйл хэргийг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.


ОУОХ нь шинээр сонгогдох нэр дэвшигчийн хяналтын хороо байгуулахыг сайшаан, гишүүдийн бүрэлдэхүүнд хүйсийн эрх тэгш, ил тод байдлыг хангах, тамирчдын төлөөллийг хамруулах зэрэг ОУОХ-ны стратеги бодлого, "Токио-2020" наадмын төлөвлөлттэй нягт уялдуулахыг зөвлөв.


Мөн "Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ЗБХ-ны бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэртэй байдлыг сурталчлах бүлэг байгуулах төлөвлөгөөг дэмжихээ  илэрхийллээ.


Хүндэт гишүүд


ОУОХ-ны хүндэт гишүүн Хулио Сезар Малионе нь Уругвайн үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрбээр 1987 оноос хойш  уг хороог тасралтгүй удирдаж байгаа бөгөөд Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA)-ны ерөнхийлөгчийн албыг хашдаг билээ .


Олимпын эргэн тойрны бусад мэдээллээс


ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд “Токио-2020” олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ё.Моригийн гаргасан үйлдэл нь ОУОХ-ны сүүлийн 25 жилийн турш сурталчилж буй спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үзэл санаатай илэрхий зөрчилдсөн зохисгүй үйлдэл  хэмээн цохон  тэмдэглэв.


Олон улсын болон Зуны спорт холбоод


Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Заклис, Европын хөл бөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхийлөгч Александр Сеферинийг хүлээн авч уулзан, багийн спортын онцлог, цар тахлын хор нөлөө, олон улсын клубын тэмцээнүүд, Европын спортын чиг хандлагын тухай ярилцлаа.



Африкийн хөл бөмбөгийн холбоо /CAF/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ хооронд байгуулсан санамж бичгийн 2 жилийн ойн хүрээнд хоёр тал xөл бөмбөгөөр дамжуулан амьдралын чадварыг сайжруулах, боловсрол олгох, дүрэм журмыг дагаж мөрдөх,багийн ажиллагааг сайжруулах замаар дэвшилд хүрэх тухай хэлэлцэв.


Олон улсын гимнастикийн холбоо /FIG/-ноос уран сайхны гимнастикийн дэлхийн цуврал тэмцээнийг цуцлах болсныг мэдэгдэв. Эдгээр нь олимпын наадмын эрхийн тэмцээн байсан бөгөөд АНУ-ын Милуоки, Германы Штутгарт, Английн Бирмингем, Японы Токио хотод зохион байгуулах байсан юм.


Алжирийн үндэсний олимпын хороо хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах зорилгоор Ойн сангийн удирдах газартай хамтран “Эх дэлхийдээ зориулан мод тарья” сэдвийн дор олимпын хорооны төв байрны орчимд мод сөөг тарих ажиллагаа зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Алжирын ҮОХ-ны Ерөнхийлөгч Абдеррахмане Хаммад, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, спорт холбоодын төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын хугацаанд Африкийн португал хэлтэй улсуудын ҮОХ-дын дунд олимпизмын сэдэвтэй хэлэлцүүлгийг  зохион байгуулсан байна.


Колумбын ҮОХ, спортын яам, тамирчдын холбооноос “Тамирчдын тархи, мэдрэлийн системийн шинжлэх ухаан” нэртэй цахим сургалт семинар зохион байгууллаа. Эхний сургалтад 100 гаруй хүн оролцсон бөгөөд цахим сургалтын зорилго нь үндэсний хэмжээнд биеийн тамир спортоор чөлөөт цагаараа хичээллэх, спортоор дамжуулан илүү сайн сайхан улсыг цогцлоох уриан дор болжээ.


Грекийн ҮОХ, Хүйсийн тэнцвэртэй байдлын комиссоос санаачилсан 3 дугаар уулзалт хэлэлцүүлгийг “Тамирчныг хамгаалах бодлого” нэрийн дор цахимаар зохион байгуулав. Хэлэлцүүлгийн гол илтгэгчээр дарвуулт завины уралдааны олимпын алтан медальт Софиа Бекатороу оролцсон бөгөөд 2000 оны Сиднейн олимпын өмнө удирдах ажилтнуудаас бэлгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан тухай ярилаа. Мөн уулзалтад спортын сэтгэл зүйч Ани Крони, цагдаагийн офицер, сэтгэл зүйч Константина Костакоу, дээрх байгууллагын удирдлагууд байлцав.



“Парис- 2024”


Сургуулиудын дунд явуулсан өдөр бүр 30 минутын дасгал хөдөлгөөн ба Олимп, паралимпын 7 хоногийн аяны сурталчилгааны дараа “Парис-2024” клубээс санаачлан, францчуудыг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх 20 хоногийн уриалгыг 2 дугаар сарын 9-нөөс 28-ны өдрийн хооронд зарлалаа. Уг уриалгад өдөр бүрийн дасгал хөдөлгөөний хамгийн өндөр оноо цуглуулсан хүнийг тэргэнцэртэй теннисний аварга Мишель Жереми ивээн тэтгэж , адал явдалт аяллын эрхээр шагнах юм.


“Дакар-2026”


“Дэлхийн ирээдүйн спортын гарц - Сенегал” сэдэвт сурталчилгааны үеэр "Дакар-2026"  залуучуудын олимпын наадмын төлөөлөгч Ибрахима Вейд "Залуучуудын олимпын наадам нь хүүхэд залуучуудын дунд харилцан ойлголцол, хүйсийн эрх тэгш байдал, бүс нутгийн спортын хөгжлийн хурдасгуур болно  гэж мэдэгдлээ. Залуучуудын олимпын наадмын хөтөлбөр эцэслэн шийдэгдсэн бөгөөд Залуучуудын олимпын наадам анх удаа Африк тивд 2026 онд бамбараа асаах юм.



"Токио-2020" олимпын наадам эхлэхээс 7 сарын өмнө Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-гаас тамирчид, дасгалжуулагчдад зориулсан цахим сургалтын платформ гаргалаа. Олон улсын паралимпын холбоотой хамтран гаргасан уг сургалтын платформд тусгай хэрэгцээ бүхий тамирчдад шаардлагатай допингтой холбоотой бүхий л мэдээллийг оруулж өгсөн гэдгээрээ онцлогтой болжээ.






МҮОХ-ны удирдлагууд МБХ-ны ерөнхийлөгч Т.Мөнхбаярыг хүлээн авч уулзав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч Төмөрийн Мөнхбаярыг лхагва гарагт хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ.


Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.


МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар уулзалтын үеэр “Токио-2020” олимпын наадмын бэлтгэл ажил болон баг, тамирчдаа олимпын наадамд амжилттай оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо. 



Манай боксын шигшээ багийн тамирчдын хувьд “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпын наадмуудад дараалан Монгол Улсын төрийн далбаагаа мандуулаад байгаа юм.

Токиогийн Олимпыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжиж байна

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод энэ зун болох Олимп, Паралимпын наадмыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжиж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Японд халдварын тохиолдлын тоо дахин олноор нэмэгдэх болсонтой холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа үед энэхүү санал асуулгыг өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулсан байна.


Санал асуулгад оролцогчдын 35.3 хувь нь Токиогийн Олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулжээ.


Энэхүү наадмыг коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн онд нэг жилээр хойшлуулсан билээ.


Үүнээс гадна Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 41.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ.


Энэ удаагийн санал асуулгын дүнгээс үзэхэд иргэдийн 68.3 хувь нь Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 24.9 хувь нь сайшаасан байна.


Мөн санал асуулгад оролцогчдын 39.8 хувь нь онцгой байдлыг ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл тогтоосныг “зохистой” гэж үзсэн бол 46.6 хувь нь “хэтэрхий урт байна” гэж хариулжээ.


Токиогийн бүсэд онцгой байдал тогтоосноор кафе, зоогийн газрууд ажиллах цагаа багасгах шаардлагатай болсон юм. Засгийн газар уг дүрмийг мөрдөөгүй үйлчилгээний газруудад хариуцлага тооцох тухай баримт бичгийг удахгүй танилцуулах ажээ.


Харин иргэдийн 48.7 хувь нь аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох шийдвэрийг эсэргүүцсэн бол 42.7 хувь нь дэмжсэн байна. Санал асуулга санамсаргүй байдлаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогчид бүхий 715 өрхийг хамарчээ. 

Токиогийн Олимпын үеэр тамирчдад тогтмол шинжилгээ хийнэ

ТОКИО. /Kyodo/. Япон улс ирэх зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавихаар төлөвлөж байна.


COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчид халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч шинжилгээнд хамрагдана гэж Олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг боловсруулах ажлын хэсэг мэдээлжээ.


Мөн хилийн чанадаас Олимпын наадмыг үзэж сонирхохоор ирэх хүмүүсийг хүлээн авах, халдварын тохиолдол харьцангуй цөөн орноос ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөх талаар хэлэлцэж байна. Гадаадын орнуудаас ирэх үзэгчдээс ойрын хавьтал тогтоох хавсралтыг ухаалаг гар утсандаа суулгах, биеийн байдлынхаа талаар мэдээлэхийг хүсэх төлөвтэй байгаа боловч тэдэнд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй ажээ.


Арван мянган хүний багтаамжтай тамирчдын хотхонд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь Олимпын наадмыг зохион байгуулагчдын шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг юм. Үүнтэй холбоотойгоор тамирчдын хотхоныг шинжилгээ хийх, хариуг гаргах байгууламжаар тоноглохоор төлөвлөжээ. Мөн хотхонд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчдыг тэмцээнд оролцсоны дараа үзлэг хийх юм. 


“Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн тамирчдын аюулгүй байдлын хангаснаар тэд тэмцээндээ илүү сайн анхаарах боломжтой болно” гэж Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Фүкүй Цүёши хэлжээ. Гэвч шинжилгээг хэрхэн хийх, наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр халдвартай тэмцэх ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зэрэг хэлэлцэх ёстой асуудал олон байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Н.Түвшинбаяр, Хакүхо М.Даваажаргал нар цахим уулзалт хийв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын 32 дугаар наадамд оролцох Монголын багийн элч, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Хакүхо М.Даваажаргал нар өчигдөр /2020.09.07/ цахим албан уулзалт хийв.


Уулзалтаар Монголын багийн элч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, зуны олимпын XXXII наадам зохион байгуулах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл танилцуулав.


Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, "Токио-2020" олимпын наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.



МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монголын багийн элч М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлийн түвшинг хангах талаар харилцан санал солилцсон байна.


Токиогийн Олимпын тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ

ТОКИО. /Kyodo/. Японд ирэх онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний цар тахлыг бүрэн хяналтад аваагүй байвал хилийн чанадаас ирэх тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.


Токиогийн Олимпыг энэ зун зохион байгуулахаар товлоод байсан боловч цар тахал дэгдсэнтэй холбогдуулан наадмыг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан юм. Энэхүү Олимпод 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байсан бөгөөд наадмыг зохион байгуулагчид тэмцээнүүдийн хамрах хүрээг бууруулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.


Япон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналттай холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг чангатгасан юм. Хилээр нэвтрэхийг хориглосон орнуудад Алжир, Куба, Ирак зэрэг 18 орныг өнгөрсөн долоо хоногт нэмснээр уг жагсаалтад орсон улс орон, нутаг дэвсгэрийн тоо 129 болжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, тамирчид, төлөөлөгчдөөс халдвар аваагүй гэдгээ батлахыг шаардах бөгөөд Японд ирэхийн өмнө болон дараа зэрэг хэд хэдэн удаа шинжилгээ өгөх шаардлагатай болох төлөвтэй байгаа ажээ. Олимпын наадмыг ирэх оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл явуулахаар товлоод байгаа юм. 

Токиогийн оршин суугчдын талаас илүү хувь нь Олимпын наадмыг эсэргүүцэж байна

ТОКИО. /BBC/. Японы нийслэл Токио хотын оршин суугчдын тэн хагасаас илүү хувь нь ирэх он хүртэл хойшлуулаад буй Олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгааг нэгэн санал асуулгын дүн харуулжээ.


Японы хэвлэл мэдээллийн хоёр байгууллагаас энэ сарын 26-28-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 51.7 хувь нь 2021 оны Олимпыг хойшлуулах юм уу дахин цуцлаасай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүсийн 27.7 хувь нь наадмыг бүхлээр нь цуцлахыг илүүд үзсэн бол үлдсэн хувь нь дахин хойшлуулсан нь дээр гэж үзжээ.


Харин 2021 онд Олимпыг зохион байгуулахыг дэмжиж буй хүмүүсийн 31.1 хувь нь тэмцээнүүдийг танхимын үзэгчидгүйгээр явуулах зэргээр наадмын хамрах хүрээг багасгах хэрэгтэй гэж үзсэн бол 15.2 хувь нь хэвийн явуулахыг илүүд үзсэн байна.


Энэхүү санал асуулгад нийт 1030 хариу иржээ. Токиогийн Олимпын наадмыг энэ оны долдугаар сард зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулсан билээ. 

Токиогийн Олимпыг хойшлуулсантай холбогдуулан тэмцээнүүдийн хуваарийг өөрчилнө

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор олон улсын спортын байгууллагууд ирэх онд зохион байгуулах тэмцээнүүдийнхээ хуваарийг өөрчилж эхэлжээ.


Токиогийн Олимпыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулах шийдвэр энэ долоо хоногийн даваа гарагт гарсан юм.


Олон улсын усан сэлэлтийн холбоо Японы Фүкүока мужид ирэх оны долдугаар сарын 16-наас зохион байгуулахаар товлосон усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ хуваарийг дахин хэлэлцэж эхэлжээ. "Бид оновчтой шийдэлд хүрэхийн тулд 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулагчид болон бусад холбогдох төлөөлөгчидтэй зөвлөлдөнө" гэж тус холбооноос мэдээлжээ.


Мөн Дэлхийн бадминтоны холбоо ирэх оны наймдугаар сард Испанид болох ДАШТ-ий товыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Токиогийн Олимпын шинэ тов гарсантай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 6-наас АНУ-д эхлэх ДАШТ-ээ 2022 он хүртэл хойшлуулна гэдгээ хэдийн мэдэгджээ.