ТОКИО-2020
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулсан “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ.
Монгол Улсын шигшээ баг
Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47
дугаар байрт шалгарсан.
Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол олимпын хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар тус тус хүртэж Төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт мандуулсан юм.
Монгол Улс дэлхийн улс
орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг, харьцангуй цөөн хүн амтай
хэдий ч өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл,
нийтдээ 30 медаль хүртээд байна. Ийнхүү Монгол Улс, олимпын
медаль хүртсэн үзүүлэлтээр 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.
Монголын баг тамирчид
олимпын наадамд оролцож эхэлсэн 57 жилийн түүхэндээ нийт 15 зуны олимп болж
байсан бөгөөд үүнээс 2 олимпын //Токио-1964”, “Сидней-2000”/ наадмаас медальгүй
ирж байжээ. Харин 1984 оны Лос-Анжелест болсон олимпын наадамд хоёр системийн
зөрчлөөс үүдэн оролцоогүй юм.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид “Токио-1964” олимпын наадамд
анх хөл тавьж медальгүй ирж байсан бол, 57 жилийн дараа “Токио-2020”
олимпод өрсөлдөн 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орон ирсэн билээ.
Токиогийн олимпын XXXII наадмаас
16 хоногийн дараа болсон “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд /2021.08.24-09.05/-д
Монгол Улсын баг тамирчид таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/,
жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4,
эрэгтэй 7, нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж 168 орноос
амжилтаараа 59 дүгээр байрт шалгарлаа.
Олимп болон Паралимпын наадам
дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр
хойшилж 5 жилийн завсарлагатай болсон юм.
Япон улсын нийслэлд паралимпын их наадам 13 өдөр үргэлжилсэн бөгөөд “Токио-2020” зуны
паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас
пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд Энхбаярын
Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол
Улсын 2 дахь аварга болж монголчуудаа баярлуулсан.
Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууд “Токио-2020” зуны XXXII олимп, паралимпын XVI наадамд оролцсон Монголын баг тамирчдыг дэмжих аян зохион байгуулжээ.
Тус аяныг зохион байгуулагчид Токиогийн “Нарита”-гийн
олон улсын нисэх буудлаас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эх орон руугаа
ниссэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд өрсөлдсөн Монголын
баг тамирчдад гарын бэлэг гардуулан,
спортын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
Монгол Улсаа төлөөлөн паралимпын наадамд амжилттай оролцож, харийн нутагт байгаа монголчууддаа эрч хүч бэлэглэж, эх орон ард түмнээрээ бахархах сэтгэлийг бадраасан гэдгийг Японд ажиллаж, амьдарч байгаа монголчууд онцлон хэлж байв.
Сэтгэлийн бэлэг гардуулах аяныг зохион байгуулагчдын нэг Япон улсад ирээд 27 жил ажиллаж амьдарч байгаа Рэнцэндоржийн Энхтуяа, "Япон оронд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд, эхчүүдийн Фэйсбүүк групп байдаг. Үүгээр дамжуулан "Токио-2020" зуны олимп, паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдаа дэмжих аяныг зарлахад монголчууд маань маш сайхан хүлээн авч дэмжсэн. Энэ аянд Японд ажиллаж, амьдарч байгаа 139 хүн оролцож, 427 мянган иен цугларсан. Бид үүгээр 98 бэлэг бэлдэж Токиогийн олимп болон паралимпын наадамд оролцсон баг тамирчдад гардуулж байна. Хамгийн сүүлд паралимпын баг тамирчиддаа илүү их урам зориг, амжилт хүсээд, илүү том бэлэг өгч байгаа юм. Бидний чин сэтгэлийн бэлэг бол баг тамирчдаа дараа дараагийн олимп, паралимп, тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргаарай гэж хүсэн ерөөж байгаагийн илэрхийлэл юм шүү. Бүх монголчууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж байна. Энд бидний монголчууд нэр төртэй ажиллаж, амьдарч байгаа. Монголын паралимпын тамирчид бидний үр хүүхдүүдэд тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайллыг үзүүлж, эх орноороо бахархах сэтгэлийг бадрааж өгсөнд баярлалаа” гэсэн юм.
Аяны хүрээнд, монгол төгрөгөөр үнэлбэл 11 сая 102 мянган төгрөг цуглуулан Монголынхоо баг тамирчдад сэтгэл зүрхээрээ дэмжин хүн тус бүрд ийнхүү гарын бэлэг бэлджээ.
“Нарита”-гийн буудалд хүрэлцэн ирж сэтгэлийн бэлгээ хандивласан Чүлтэмжамцын Саранчимэгийн сэтгэгдлийг сонирхоход, “Би Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул. Японд 11 дэх жилдээ амьдарч байгаа. Энд 2 хүүхэд, дүү нарын хамт амьдарч байна. Монголын нийт баг тамирчдаар, ялангуяа паралимпын хүчирхэг тамирчин залуусаараа үнэхээр их бахархаж байна. Энэ аянд чин сэтгэлээсээ идэвхтэй оролцсон Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа баярлалаа. Монголчууд дэлхийн хаана ч явж, ажиллаж, амьдарч байсан эв нэгдэлтэй, бие биедээ тус дэмтэй байдаг ард түмэн гэж боддог. Та бүхэнд улам их амжилт хүсье” хэмээн ярьсан юм.
Япон улсын олон хот,
сууринд ажиллаж амьдарч буй, 18 мянга шахам
монголчууд цахим сүлжээгээр холбогдон бие биедээ тусалж зөвлөн,
эв нэгдэлтэй аж төрж байдгийг энэхүү аян илтгэж байлаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон /2021.08.30/ хэдхэн хоногийн өмнөх баярт мөчийг эргэн дурсаж байна.
Токио хотын “Tokyo
International Forum” танхимд 2021 оны
8 дугаар сарын 30-ны өдөр болсон "Токио-2020" зуны паралимпын XVI
наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, паралимпын хүрэл медальт Э.Содномпилжээ паралимпын дээд амжилт тогтоон аваргын
алтан медаль хүртсэн баярт мөчийг газар дээрээс нь сурвалжилж, сэтгэгдлийг нь авсан билээ.
Токиогийн паралимпын аварга Э.Содномпилжээ: “Өнөөдрийн паралимпын аваргын төлөөх тэмцээнд хүчээ сорьсондоо маш их сэтгэл хангалуун баяртай байна. Миний хувьд сүүлийн 2 жил нэг ч тэмцээнд оролцоогүй ч бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж ирсэн. Хэдий өөрийнхөө тогтоосон дэлхийн рекорд амжилтыг шинэчилж чадаагүй ч гэсэн паралимпын рекорд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна. Монголынхоо ард түмэнд маш их баярласнаа онцолж хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээд бүх дэлхийн хүмүүст хандаж эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.
Тэрбээр өөрийн амжилт, хөдөлмөр зүтгэлийн талаар хэлэхдээ: “Тамирчин хүн дасгалжуулагчийнхаа хэлсэн үгийг маш сайн дагаж мөрдөж байх ёстой. За бол за, хий гэсэн үед нь хийгээд, боль гэсэн үед болиод л явах хэрэгтэй. Ямар ч үед дасгалжуулагч багшийн үгийг маш сайн хүлээн авч байж, тамирчин хүн амжилтад хүрнэ. Дасгалжуулагч, тамирчнаа нэг аргадна, нэг загнана, зэмлэнэ, магтана, нудраад авчиж болно шүү дээ. Тэр үүссэн шалтгааны гол нөхцөл нь тамирчин хүн өөрөө л байдаг. Дасгалжуулагчийн үгийг авдаггүй хүн хэзээ ч шилдэг сайн тамирчин болж чадахгүй. Дэлхий, тивийн АШТ-ээс медаль авч болно. Олимп хэмээх тамирчин хүний хүрэх ёстой ноён оргилд хүрэхэд энэ зарчим, ёс зүйг баримтлах нь зайлшгүй чухал. Хүнээс үг сонсож сураагүй хүн хэзээ ч амжилт гаргахгүй гэж боддог. Миний амжилтаа ахиулж ирсний нэг чухал зүйл бол пара төрлөөр ДАШТ-д хүчээ сорихоос гадна, энгийн тамирчдын ДАШТ-д өрсөлдөж байгаа маань маш том давуу тал юм даа. Өөрөөсөө илүү тамирчинтай өрсөлдөж байж л хүч, ур чадвар, амжилтаа ахиулна. Тугаа багшийнхаа зөвлөснөөр 2018 оноос эхлэн энгийн болон пара төрөлд хоёуланд нь зэрэг өрсөлдөж байна.
Түүний багш Дашийн Тулга:
”Бид
хоёр эх орондоо очоод
шууд бэлтгэлдээ орно. Пилжээ 2021
оны 10 дугаар сарын 21-31-нд энгийн пауэрлифтингийн ДАШТ-д очиж өрсөлдөнө. Тэгээд 11 дүгээр сарын 27-ноос
12 дугаар сарын 5-нд пара пауэрлифтингийн ДАШТ-нд хүчээ сорино. Одоо эх орондоо очихоор
Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж олон баяр, шагнал, хүлээн авалт болох байх. Харин бид
очоод л шууд үндсэн бэлтгэлдээ
гарч, дараа дараагийн тэмцээндээ бэлтгэж эхэлнэ. Энэ бол бидний зорилт, хийж ирсэн алба, үүрэг маань юм шүү дээ.
Тэрбээр шавийнхаа хүч чадал, уйгагүй хөдөлмөрч чанарын талаар хэлэхдээ: “Хүн бүхэнд цаанаас нь заяаж өгсөн төрөлхийн өгөгдөл гэж байдаг. Намайг залуу байхад, "Тугаа чи яагаад аварга болохгүй байгаа юм" гэдэг байсан. Эцэг эхээс болон байгалиас өгсөн өгөгдөл, чиний хөдөлмөр 2 яг таарч, 100 хувь болж чадаж байна уу гэдэг бол чухал асуудал. Тамирчин 100 хувь бэлтгэлээ хийж байж болно. Харин тухайн хүнд хүч чадал, тэнхээний хувьд байгалиас өгсөн төрөлхийн өгөгдөл гэж байдаг. Ийм содон хүмүүс цөөхөн л төрдөг гэж бодож байна. Төрөлхийн хүч, ур чадвар гэдэг бол үнэхээр онцгой л доо. Үүнийгээ тордож, байнгын бэлтгэлтэй, шургуу хөдөлмөрлөж байж улам төгс болно. Хамгийн эрхэм зүйл бол "Хүн байхын утга учир" юм. Тамирчин хүнд ёс зүй, хариуцлага маш чухал.
Бид хоёр чинь парагийнхаа төрөлд хоёулахнаа л тэмцээнд яваад сурчихсан. Харин энгийн пауэрлифтингийн тэмцээнд команд, багаараа явж оролцоно. Манай холбоо бол ямар нэг дэмжлэг байдаггүй ёстой бор зүрхээрээ явж ирсэн дээ. Харин БТСУХ-той болж, Ц.Шаравдорж даргаар томилогдсоноос эхлээд Э.Содномпилжээ бид хоёрыг үргэлж дэмжиж байдагт талархаж явдаг.
Ер нь бидний энэ амжилт БТСУХ, Монголын үндэсний
паралимпын хороо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, ШШГЕГ, үндэсний
шигшээ багийн хамт олон, дэмжигч найз нөхөд, гэр бүл гээд нийт монголчуудын
хамтын хүч, дэмжлэгийн үр дүн юм. Бидний дараагийн зорилт бол "Парис-2024" паралимп хүлээж байна
Энэ удаагийн паралимпын наадамд эхний өргөх захиалгаа олон өдөр бодож, тооцоолсон. Захиалгыг 243 кг-аар ч эхлэх боломж байсан ч арын тамирчдын захиалгаас их хамаарсан. Манай тамирчин өнгөрсөн 6 дугаар сард ковид тусаж, 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Их сульдсан, хүч алдсан. Халдвар аваагүй байсан бол 245 кг-аар эхэлж, хоёр дахь оролтоо 250 кг-аар хийх бодол ч байсан. Олимп их хатуу байдаг юм байна. Үүнийг мэдэрч байж л амжилт гаргана шүү дээ" гэж ярьсан юм.
Гавьяат
тамирчин Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд
хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулан Токиод аваргын алтан медаль болгож чадлаа.
Түүний амжилтуудаас дурдахад, Ази Номхон далайн орнуудын пара пауэрлифтингийн
тэмцээнд түрүүлж, Азид өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилж байлаа. Пара пауэрлифтингийн
ДАШТ-ий 105 кг-д Дэлхийн аварга болсон Э.Содномпилжээ “Жакарта-2018”
Азийн паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д дэлхийн рекордыг шинэчлэн
тогтоож, Азийн наадмын аваргын алтан медаль хүртсэн. Мөн дэлхийн цомын 3 удаагийн аварга. МУГТ
Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад болсон
ДАШТ-ээс 2 алтан медаль хүртэж 2 ч рекорд тогтоож байв.
“Токио-2020” зуны паралимпын XVI наадмын аварга Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөж Гиннесийн дээд амжилт тогтоосон агуу хүчтэн билээ.
ОСАКА. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимыпн наадмын үеэр тамирчдын унтаж байсан, картон цаасаар хийсэн орнуудыг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми бямба гарагт мэдэгджээ.
Токио хотын тамирчдын
хотхон дахь дахин боловсруулах боломжтой орнуудыг Японы баруун нутгийн мужийн эмнэлгийн
түр байгууламжид энэ сарын эцсээс ашиглаж эхлэх төлөвтэй байна. Эдгээр орыг Олимпын
тамирчдад зориулан бүтээсэн тул чанар сайтай гэдгийг Ё.Хирофүми сэтгүүлчдэд
мэдээлжээ.
Ингэснээр Токиогийн
наадмын үеэр ашиглаж байсан 200 килограмм хүртэлх даацтай 800 орчим орыг “COVID-19”-өөр халдварласан хөнгөн болон шинж тэмдэггүй
өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн байгууламж руу зөөвөрлөхөөр төлөвлөж байгаа
ажээ.
Цар тахлын улмаас
нэг жилээр хойшилсон Олимп, Паралимпын наадмын тамирчдын хотхонд 18 мянга орчим
ор ашигласан байна. Долоодугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн "Токио-2020" наадам өнгөрсөн долоо хоногийн ням
гарагт өндөрлөсөн билээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадам, паралимпын XVI наадмын шагнал гардуулах ёслол болон нээлт, хаалтын ёслолын үеэр Олимпик үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэсэн тэнгэрлэг аялгууг Японы Чиба мужийн уугуул, алдарт хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Сато Наоки зохиосон юм.
Япон улсын 2005, 2007, 2014, 2016, 2021 оны “Japan Academy Film Prize” хэмээх хөгжмийн зохиолын шилдэг шагналтай Сато Наоки нь маш олон кино, хүүхэлдэйн кино, Эн Эйч Кэй болон бусад телевизийн цуврал бүтээл, реклам зар сурталчилгаа, цахим тоглоомын гээд хөгжмийн янз бүрийн олон төрөл жанраар ажилладаг уран бүтээлч юм.
Тэрбээр Японы “Токио-2020”
олимпын наадмын албан ёсны мэдээллийн санд ярилцлага өгсөн билээ.
Сато Наоки энэхүү
ярилцлагадаа…”Паралимпын энэ удаагийн ёслолын аялгуунуудыг бичих санал авахдаа
үнэндээ итгээгүй. Миний хувьд спортыг гол агуулга болгож хөгжим бичиж үзээгүй
байсан учир гайхаж, баярлаж, бас догдолж хүлээж авсан. Энэ бол надад шинэ
сорилт, шинэ эрч хүчийг өгсөн ажил байлаа. Ингээд ажлаа өмнөх олимпын
наадмуудын ёслолын хөгжмүүдийг, бүгдийг нь сонсож, судлахаас эхэлсэн.
Олимпын наадам зохион
байгуулж байгаа улс орон болгон өөрийн онцлогийг харуулсан бас тэр цар хүрээ,
хэмжээгээр янз бүрийн үндэсний хөгжмийн зэмсэг хэрэглэсэн, гүн гүнзгий утга
агуулгатай байлаа.
Гэвч энэ удаагийн “Токио-2020” олимпын наадмын ёслолын хөгжимд би япон гэсэн утга санааг дан ганц оруулаагүй. Харин орон бүхний тамирчид сонсоод, өөр өөрийн улс орны түүх соёл, уламжлал нь шууд бодогдохоор, эх орон нь нүдэнд харагдаж, сэтгэлд нь бууж байхаар төсөөлж зохиосон юм. Тийм болохоор хамгийн сайн уламжлалыг харуулж чадсан бүтээл болсон болов уу гэж бодож байна. Хүн төрөлхтний олимпын наадмын ёслол бол дэлхийн шилдэг тамирчдын өөрсдийнх нь зүйл, тэдний л юм болохоор ганцхан Япон улсын гэдэг бодол надад бодогдохгүй байлаа. Та бодоод, тунгаагаад үз л дээ. Алтан медаль зүүх гээд индэр рүү алхах үед Японы үндэсний хөгжмийн аялгуу эгшиглэвэл ямар байх вэ?
Мэдээж, өөрийн эх орноо
нүд, сэтгэлдээ харж, төсөөлж болохуйц аялгуу эгшиглэвэл сайхан биз дээ. Залгуулаад
өөрийн улсынхаа төрийн дууллаа сонсох бол тамирчин хүнд бүр ч сайхан гэж бодож
байна. Ийм л төсөөлөл надад байсан.
Ингээд миний бичсэн хөгжмийг сонссон хүн бүр ялангуяа олимпын уралдаан тэмцээнд оролцсон орон орны шилдэг тамирчид, хүнд бэрхшээл зовлонг туулж, тэвчээр хатуужил, итгэл найдварыг дэлхийд түгээсэн паралимпын тамирчид та бүхэнд халуун сэтгэлээсээ баярлаж байна ”Аригато” хэмээн онцлон ярьжээ.
Сато Наоки уран бүтээлчийн бичсэн олимпын наадмын ёслолын хөгжим орон бүхний тамирчин бүгдийн сэтгэлд одоо ч эгшиглэж байгаа биз ээ.
Токио хот. Найдангийн
Базарсүрэн
/”Токио-2020” зуны паралимпын XVI наадам сурвалжилсан Монголын багийн гишүүн/
ЛОЗАНН. /BBC/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн наадамд баг тамирчдаа илгээгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ.
Ингэснээр БНАСАУ Бээжингийн
өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа “COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд
оролцуулаагүй юм.
“БНАСАУ-ын
Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн
авахгүй” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ.
Түүний мэдээлснээр,
ОУОХ нь “Бээжин-2022” наадамд оролцох эрхтэй БНАСАУ-ын тамирчидтай холбоотой
шийдвэр гаргах, тус улсын эрхийг түдгэлзүүлэх хугацааг эргэн харах эрхтэй ажээ.
Үүнээс гадна
Т.Бах Афганистаныг төлөөлөн Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцсон олимпын
тав, паралимын хоёр тамирчны хэн нь ч нутаг буцаагүй гэдгийг батлан мэдэгдсэн
байна.
ТОКИО. /NHK/.
Токиогийн Олимп, Паралимпын
наадмын тамирчид, төлөөлөгчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын нийт 863 тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр
мэдээллээ.
Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадамтай холбоотой 547 хүн, Паралимпын наадамтай холбоотой 316 хүнээс наадмын үеэр юм уу дараа нь халдвар илэрсэн байна.
Зохион байгуулагчид
наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоог гарын авлагад бичсэн халдварын
эсрэг арга хэмжээнүүдийг мөрдөж эхэлсэн долоодугаар сарын 1-ний өдрөөс
танилцуулж эхэлсэн юм.
“COVID-19”-өөр
халдварласан нийт тохиолдлын дунд 41 тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллагын
50 ажилтан, зохион байгуулах хорооны 29 гишүүн багтаж байна.
Мөн халдвар авсан
хүмүүсийн 254 нь буюу 30 орчим хувь нь хилийн чанадаас ирсэн бол тамирчдын
хотхонд байрлаж байсан 53 хүнээс халдвар илэрчээ. Түүнчлэн 54 хүний
шинжилгээний хариу Японд ирснийхээ дараа эерэг гарсан нь хилийн чанадаас ирсэн хүмүүсийн
нийт тооны 0.1 хувьтай тэнцэж байна.
Зохион байгуулах
хорооны эмхэтгэсэн энэхүү тоон үзүүлэлтэд Японд амьдардаг гэрээт ажилтнууд болон сайн дурын ажилтнуудыг ч мөн оруулсан бөгөөд тэдний зарим нь коронавирусний шинжилгээгээ өөрсдөө өгч, хариуг нь хороонд мэдээлсэн байна.
“Бид коронавирусний
эсрэг арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлсэн гэж хэлж чадахгүй
ч наадмын аюулгүй байдлыг хангахын тулд халдвар авсан хүмүүсийг яаралтай илрүүлж,
тусгаарласан” гэж “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн
Хашимото Сэйко даваа гарагт мэдэгдсэн билээ.
ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам дуу хөгжим, бүжиг, урлагийн тоглолтоос бүрдсэн гайхалтай ёслолоор өндөрлөлөө. Энэхүү наадамд дэлхийн 162 улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцсон нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Хаалтын ёслолын
үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн
багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч
хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна. Энэхүү наадмын нээлтийн ёслолын
үеэр Афганистаны далбааг сайн дурын ажилтан барин жагссан юм.
Паралимпын хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ. Тийнхүү Токио хотын захирагч Паралимпын далбааг Олон улсын паралимпын хорооны тэргүүнд шилжүүлэн өгч, улмаар Парис хотын захирагчид хүлээлгэн өгчээ.
2024 оны наадам Францын нийслэлд зохион байгуулагдах юм. Иймд хаалтын ёслолыг Гэрлийн
хот гэгддэг Парист шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд Эйфелийн цамхагийн ойролцоо
олон хүн цугларсан байв. Тэдний дунд Токиогийн наадмаас медаль хүртсэн тамирчид
ч мөн зогсож байжээ.
Хаалтын ёслол дуусах мөчид Паралимпын бамбарыг бөхөөж, хотын төвд орших Токио цамхагийн оройд “аригато” буюу “баярлалаа” хэмээх үгийг тод томруунаар бичин үзүүлсэн байна.
Нийт 13 хоног үргэлжилсэн "Токио-2020"
Паралимпын наадмын медалийн чансааг БНХАУ-ын баг тамирчид 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медальтайгаар тэргүүлжээ.
Харин Их Британи 41
алт, 38 мөнгө, 45 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан бол АНУ-ын тамирчид
37 алт, 36 мөнгө, 31 хүрэл медалийг эх орондоо авчирснаар гуравдугаарт бичигджээ.
Эдгээрийн араас ОХУ-ын Паралимпын хороо, Нидерланд, Украин, Бразил, Австрали,
Итали, Азербайжаны баг тамирчид жагсаалтын эхний 10 байрт бичигдсэн байна.
Харин наадмыг
зохион байгуулагч Япон улс 13 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11
дүгээрт жагссан бол нэг алтан медаль хүртсэн манай улсын хувьд жагсаалтын 59 дүгээр байрт бичигдлээ.
Токио /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.09.04/ “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд оролцсон Монголын үндэсний шигшээ багийн төлөөлөгчдийг Японы Шизүоки мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиомичи, Засаг даргын орлогч Шимояма Коожи нар өөрийн хотдоо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Номхон далайн эрэг дээр
орших Яйзү хотноо болж буй энэхүү айлчлалд Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны пауэрлифтингийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн 107 кг жингийн аваргын алтан медальт, Монгол Улсын гавьяат
тамирчин Э.Содномпилжээ, таеквондогийн дасгалжуулагч Л.Отгонбаатар тэргүүтэй
тамирчид тус хотод зочилсон юм.
Яйзү хотынхон Монгол Улсын Биеийн тамир спортын салбарынхантай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд паралимпын хөнгөн атлетик /хамгийн анх Цогтгэрэл гэж тамирчин ирсэн/-ийн тамирчид жил бүр ирж бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Мөн Монголын пара таеквондогийн баг тамирчид 2019 оноос хамтран ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчид, Монголын ахлах сургуулийн 3x3 сагсан бөмбөг, чөлөөт бөхийн баг тамирчид ч /2017 оноос/ энэ хотод жил бүр ирж бэлтгэл хийж байгаа юм. Харин коронавируст цар тахлын улмаас 2020 оноос энэ харилцаа түр тасалдаад байгаа аж.
Шизүоки муж /3,5 сая хүн амтай/-ийн 35 хотын нэг Номхон далайн эрэг дэх Яйзү /140 мянган хүн амтай/ нь загас, ан агнуурын боомт хот бөгөөд загас, загасан бүтээгдэхүүний олон үйлдвэр энд байдаг юм байна.
Ер нь энэ муж ногоон цай, гүзээлгэнэ, мандарин зэргээрээ Япондоо алдартай нутаг юм. Мөн Сузуки, Ямаха гэсэн дэлхийд алдартай Японы тэргүүлэгч компаниуд энэ нутгийнх юм байна. Яйзү хотод 4600 гадаадын иргэд ажиллаж амьдардаг бөгөөд Зүүн өмнөд Азийн болон бразилчууд байдаг. Мөн Монгол 20 гаруй иргэн IT болон компьютерын мэргэжлээр гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдардаг юм.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 84 улс паралимпын медаль хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 87 алт, 52 мөнгө, 47 хүрэл, нийтдээ 186 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 38 алт, 35 мөнгө, 40 хүрэл, нийт 113 медальтай 2 дугаарт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 35 алт, 30 мөнгө, 45 хүрэл, нийт 110 медаль хүртсэн амжилтаар дөрөвт бичигдэж байна.
Харин АНУ-ын баг 35 алт, 34 мөнгө, 26 хүрэл, нийт 95 медальтай яваа бол Украин улсын баг 24 алт, 45 мөнгө, 26 хүрэл, нийт 95 медальтай 5 дугаарт бичигдэж байна.
Монгол Улсын баг тамирчдаас пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэнээр 57 дугаар байрт бичигдээд байгаа юм.
ТЕХРАН. /IRNA/.
Ираны тамирчин Захра Немати Токиогийн
Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд алтан
медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр
гурван паралимп дараалан алтан медаль хүртсэн амжилт үзүүлж байна.
Өдгөө 36 настай
З.Немати Рио-де-Жанейро, Лондоны Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн юм. Харин энэ
удаагийн наадамд Италийн тамирчныг буулган авснаар гурав дахь алтан медалийнхаа
болзлыг хангажээ.
Ийнхүү тэрбээр Токиогийн
Паралимпын ес дэх алтан медалийг эх орондоо авчирчээ. Наймдугаар сарын 24-нд
нээлтээ хийсэн Паралимпын наадам есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэлд болж байгаа "Токио-2020"
паралимпын XVI наадмын 15 дахь өдөр Монголын баг тамирчдаас байт харвааны
төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар эрэгтэйчүүдийн ST ангилалд БНХАУ-ын тамирчинтай өрсөлдөн хожигдлоо.
Өнөөдөр Юүмэношима паркын харвааны талбай /Yumenoshima Park Archery Field/-д үргэлжилж буй байт харвааны тэмцээний ганцаарчилсан төрөлд Н.Мөнхбаатар, Хятадын тамирчин Зхао Ликсүед 0-2, 0-4, 0-6-аар тус тус хожигдлоо. Манай тамирчин Н.Мөнхбаатар 9 дүгээр сарын 4-нд холимог багийн тэмцээнд Италийн багтай оролцоно.
ТОКИО. /Kyodo/.
Токиогийн наадам эхэлснээс хойш
тамирчин “COVID-19” халдварын
улмаас эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион
байгуулах хорооноос пүрэв гарагт мэдээлжээ.
Зохион байгуулах
хорооны хэвлэлийн төлөөлөгч Масанори Такаягийн мэдээлснээр, Паралимпын наадамд
өрсөлдсөн гадаадын тамирчин мягмар гаргийн орой эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал
нь тийм ч хүнд биш байна.
Паралимпын наадамтай
холбоотой халдварын 13 тохиолдол шинээр илэрсэн талаар тус хороо пүрэв гарагт
мэдээлжээ. Ингэснээр наймдугаар сарын 12-ноос хойш бүртгэгдсэн ийм тохиолдлын
нийт тоо 275-д хүрчээ.
Үүнээс гадна Бельгийн
теннисчин Иоахим Жерар тамирчдын хотхонд ухаан алдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн
талаар Олон улсын паралимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч Крейг Спенс мэдээлжээ.
Тамирчин зүрхний өвчний улмаас ухаан алдсан байж магадгүй байна.
Өдгөө 32 настай
И.Жерар лхагва гаргийн орой эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа ухаан орж, асуултад
хариулж эхэлсэн гэж Бельгийн Үндэсний паралимпын хорооноос хожим нь мэдэгджээ.
Токиогийн Олимпын
наадам 17 хоног үргэлжлэн наймдугаар сарын 8-нд өндөрлөсөн бол 13 өдөр үргэлжлэх
Паралимпын наадмын хаалтын ёслол энэ долоо хоногийн ням гарагт болно.
Японд “COVID-19”-ийн өөр нэгэн давлагаа дэгдэж, нийслэл
хот тэргүүтэй олон бүс нутагт онцгой байдал тогтоогоод байгаатай холбоотойгоор
Токиогийн наадмыг ерөнхийдөө танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа
билээ.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэлд болж "Токио-2020" паралимпын XVI наадмын 15 дахь өдөр Монголын баг тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар эрэгтэйчүүдийн ST ангилалд өрсөлдөнө.
Өнөөдөр Юүмэношима
паркын харвааны талбай /Yumenoshima Park Archery Field/-д болох байт харвааны тэмцээн үдээс өмнө 10.00-15.00 цагт, үдээс хойш 17.30 -22.00 цагт болж медальтнуудаа
шалгаруулна.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож
байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 83 улс паралимпын медаль
хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын
наадмаас БНХАУ-ын баг 77 алт, 47 мөнгө, 44 хүрэл, нийтдээ 168 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын
баг 34 алт, 27 мөнгө, 35 хүрэл, нийт 96 медальтай 2 дугаарт байгаа бол Оросын
паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 32 алт, 23 мөнгө, 42 хүрэл, нийт 97 медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдэж байна.
Харин АНУ-ын баг 27 алт, 31 мөнгө, 22 хүрэл, нийт 80 медальтай
яваа бол Украин улсын баг 20 алт, 39 мөнгө, 25 хүрэл, нийт 84 медалтай 5
дугаарт бичигдэж байна.
Монгол Улсын баг
тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль
хүртсэн амжилтаар 56 дугаар байрт бичигдээд байгаа юм.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд 3 дахь тойрогтоо Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөгчдөө ганц оноогоор ялагдлаа.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Г.Болор-Эрдэнэ үүний өмнө Испани улсын таеквондоч Видал Алварез Алежандротой тулалдаж 33:11-ээр хожсон юм.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд хүчээ сорьж байгаа ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа 3 дахь тулаандаа өрсөлдөгчдөө ялагдлаа.
Монголын таеквондоч ОУХМ Х.Энхтуяа, Тайландын тамирчин Фуангкитча-тай 1 дүгээр үед 16-5-аар, 2 дугаар үед 6-5-аар, 3 дугаар үед 11-20-иор тус тус хожигдож нийлбэрээр 33-30 гэсэн оноогоор ялагдлаа.
Тэрбээр 2 дахь тулаандаа Марокко улсын таеквондоч Эс-Саббар Соукайна-тай хүч үзэж 37:21-ээр ялсан юм.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр болж байна.
Монголын таеквондогийн
баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, Марокко улсын
таеквондоч Эс-Саббар Соукайна-тай тулалдаж 37: 21-ээр яллаа. Тэрбээр өнөөдөр 18.00 цагаас хүрэл медалийн эрхийн
төлөөх тулааныг Тайландын тамирчинтай хийхээр болов.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын
таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхимд
өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд 3 дахь тойрогтоо Ганбатын Болор-Эрдэнэ
өрсөлдөгчөө яллаа.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Г.Болор-Эрдэнэ Испани улсын таеквондоч Видал Алварез Алежандро /Vidal Alvarez Alejandro/-той тулалдаж 33:11-ээр хожлоо. Тэрбээр өнөөдөр 19.00 цагаас Турк улсын тамирчинтай тулалдах бөгөөд түүнийг ялбал хүрлийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадмын байт харвааны төрөлд Юүмэношима паркын харвааны талбай /Yumenoshima Park Archery Field/-д Монголын тамирчин Д.Сэлэнгээ Польшийн тамирчин О.Миленатай өрсөлдөж 4:6-гаар хожигдлоо.