ТОКИО-2020
Токиогийн Олимпын наадмын шинэ товыг танилцууллаа

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдээллээ. Шинэ коронавирусний цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан юм.


Паралимпын наадмын хувьд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох ажээ. Зохион байгуулагчид олон улсын спортын тэмцээнүүдтэй хуваарийг нь зөрүүлэх үүднээс хавар зохион байгуулах гэх мэт хэд хэдэн сонголтыг харгалзан үзсэний дүнд ийм шийдвэрийг гаргасан байна.


“Олимпын наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан нь олон сорилт, асуудлыг бий болгосон. Гэсэн хэдий ч шинэ товыг хурдан гаргаснаар бэлтгэл ажлаа хурдан гүйцэтгэх боломж бүрдэнэ” гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгчидтэй теле хуралдаан хийсний дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэхдээ, Олимпын наадмын тов гурван долоо хоногийн дотор гарна хэмээн найдаж байна хэмээсэн боловч энэхүү шийдвэр ердөө дөрөвхөн хоногийн дараа гарсан нь энэ юм. 


Олимпын нээлтийн шинэ тов энэ оны долдугаар сарын 24-нд болох байсан өмнөх товоос ганцхан өдрийн зөрүүтэй байгаагаас үзэхэд наадмын төлөвлөгөөг дахин боловсруулах ажлыг хөнгөвчлөхийн тулд ийм шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж "NHK" суваг мэдээлжээ.


Токиогийн Олимпод түүхэн дэх хамгийн олон буюу 10 мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа бөгөөд тэд спортын 33 төрлийн 339 тэмцээнд хүчээ сорих юм.

Токиогийн Олимпыг зохион байгуулагчид шинэ ажлын хэсэг байгуулжээ

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг хойшлуулснаас үүдэн гарах асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо байгуулжээ.


Олон улсын олимпын хороо коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг 2021 оны зун хүртэл хойшлуулах шийдвэрийг энэ долоо хоногийн мягмар гарагт гаргасан юм. Шинэ ажлын хэсгийн 30 орчим гишүүн пүрэв гарагт уулзсан байна. 


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори тэдэнд хандан, та бүхэн урьд өмнө нь тулгарч байгаагүй сорилтыг даван туулах шаардлагатай боллоо хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, сүүлийн долоон жилийн турш гүйцэтгэсэн бэлтгэл ажлыг зургаан сар орчмын хугацаанд дахин боловсруулах амаргүй даалгавартай нүүр тулгарлаа гэж хэлээд, шийдвэрүүдийг хурдан гаргах шаардлагатай гэдгийг онцолжээ.


“Олимп, Паралимпын наадмын нээлтийн хуваарийг хурдан товлохгүйгээр олон үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй” гэж шинэ ажлын хэсгийн ахлагч Тоширо Мүто хэлсэн байна. Уулзалтад оролцогчид нэн тэргүүнд шинэ хуваарийг товлож, тэмцээнүүдийг зохион байгуулах газруудыг баталгаажуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ.


Уг ажлын хэсэг сайн дурын ажилтнуудаас өгсүүлээд, байр, тээвэр, аюулгүй байдал, тасалбар зэрэг олон асуудлыг зохицуулах юм. Мөн тэд тэмцээнүүдийг зохион байгуулахаар байгуулсан гэрээнүүд гэх мэт нэмэлт зардалтай холбоотой асуудлуудын талаар цаашид хэлэлцэх төлөвтэй байна. 

Д.Трамп: 2021 оны Олимп “гайхалтай” болно

ВАШИНГТОН. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулахаар болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайшаажээ.


“Би Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой утсаар ярих үеэрээ ухаалаг шийдвэр гаргасанд нь талархал илэрхийлсэн” гэж Д.Трамп лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Мөн тэрбээр, 2021 оны Олимп гайхалтай болох болно хэмээгээд, уг наадмыг үзэхээр Токио хотод очихыг тэсэн ядан хүлээж байна гэж хэлжээ. Тэрбээр энэхүү үгээрээ өөрийгөө улиран сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


"Олимпын тэмцээнүүдийг хоосон цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаас нэг жилээр хойшлуулах нь илүү зөв шийдвэр" гэж АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын эхээр хэлсэн юм. 

Токиогийн Олимпыг хойшлуулах шийдвэрийг Олимпын хороод сайшаалаа

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг олон улс орны Олимпын хороод сайшаан хүлээн авчээ.


“Дэлхийн спортын нийгэмлэг коронавирусний цар тахлыг аль болох ойрын хугацаанд зогсооход хувь нэмрээ оруулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгийг харууллаа” гэж Германы Олимп, спортын холбоо уг шийдвэрийг сайшаасан байна.


Их Британийн Олимпын холбооны гүйцэтгэх захирал Энди Энсон мэдэгдэхдээ, бид Олимпыг хойшлуулах шийдвэрийг “гунигтайгаар” хүлээн авсан хэдий ч “COVID-19” халдварын учруулах нөлөөг бууруулахын тулд бидний дэмжиж чадах цорын ганц шийдвэр энэ гэдгийг бүрэн ухамсарлаж байна гэжээ.


Мөн тэрбээр Олимпын наадмыг “итгэл найдварын бэлгэ тэмдэг” гэдгийг онцлоод, дэлхий дахин энэ хүнд цаг үеийг даван туулсны дараа бид яг товлосон цагт Токиод очих болно гэж хэлжээ.


“Энэхүү шийдвэр гарснаар тамирчид Олимп, Паралимпын наадамдаа тайван бэлдэх боломжтой боллоо” гэж Францын Үндэсний олимпын хороо мэдэгджээ. Мөн тус байгууллага Олон улсын олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.


Австралийн Олимпын хороо тамирчдын эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв шийдэл хэмээн уг шийдвэрийг сайшаагаад, Европт коронавирусний халдварын тархалт оргил үедээ хараахан хүрээгүй байгаа тул нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрах төлөвгүй байна гэж мэдэгджээ.  

Токиогийн Олимпыг 2021 оны зун зохион байгуулахаар боллоо

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ.


“Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өнөөдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм. 


Токиогийн Олимп болон коронавирусний халдвартай холбоотой гол үйл явдлуудын он цагийн дараалал

  • 2013 оны есдүгээр сарын 7: Токио хот 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрх авав.
  • 2014 оны нэгдүгээр сарын 24: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороог байгуулав.
  • 2017 оны зургадугаар сарын 9: ОУОХ спортын 33 төрлөөр 339 тэмцээн явуулах Олимпын наадмын албан ёсны хөтөлбөрийг батлав.
  • 2019 оны тавдугаар сарын 9: Японд Олимпын наадмын тасалбарын анхны сугалаа эхлэв.
    • 10 дугаар сарын 16: ОУОХ хэт халууны улмаас марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг Саппород зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулав.
  • 2020 оны нэгдүгээр сарын 30: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлав.
    • хоёрдугаар сарын 4: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо коронавирусний тархалтыг зохицуулах ажлын хэсэг байгуулав.
    • хоёрдугаар сарын 27: Т.Бах ОУОХ Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж мэдэгдэв.
    • гуравдугаар сарын 11: ДЭМБ коронавирусний халдварыг “цар тахал”-ын хэмжээнд хүрснийг зарлав.
    • гуравдугаар сарын 12: Олимпын галт бамбарыг асаах ёслолыг Грекийн Олимпиа хотноо үзэгчгүйгээр зохион байгуулав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахыг санал болгов.
    • гуравдугаар сарын 13: Олимпын галт бамбарыг Грект буухиалах үйл ажиллагааг халдварын улмаас цуцлав.
    • гуравдугаар сарын 22: ОУОХ Олимпын наадмыг хойшлуулах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
    • гуравдугаар сарын 24: Т.Бах, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахаар тохиролцов. 
Олимпын бамбарыг Японоор буухиалахгүйгээр аялуулна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо Олимпын галт бамбарыг Японоор буухиалахгүйгээр дэнлүү ашиглан аялуулахаар төлөвлөж байгаа талаар “NHK” суваг мэдээллээ.


Уг мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Олон улсын олимпын хороо Токиогийн Олимпыг хойшлуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл бамбарын буухиаг эхлүүлэхгүй ажээ.


Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо шинэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс галт бамбарын дөлийг дэнлүүгээр аялуулах шийдвэрийг гаргажээ.


Грекийн Олимпиа хотноо энэ сарын 12-нд асаасан Олимпын галт бамбарыг өнгөрсөн баасан гарагт Японд авчирсан юм.


Урьдчилсан төлөвлөгөөний дагуу галт бамбарыг энэ долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэн аялуулах бөгөөд уг үйл ажиллагааг үзэгчгүйгээр зохион байгуулах аж. 

ОУОХ-ны гишүүн: Токиогийн Олимпыг 2021 он хүртэл хойшлуулна

ЛОЗАНН. /BBC/. Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХгишүүн Дик Паунд мэдээлжээ.


“Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Их Британийн Олимпын хорооны тэргүүн мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарсан байна. Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм.


"ОУОХ цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан Олимпын наадмыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн" гэж Д.Паунд “USA today” сонинд мэдээлжээ. “Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.


ОУОХ энэ зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон тухайгаа өмнө нь мэдээлсэн юм. Харин Д.Паундын хэлснээр, уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ. 

Канад Олимпын наадамд оролцохоос татгалзжээ

ОТТАВА. /CBC/. Канадын Үндэсний олимпын хороо коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Токиод болох зуны Олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. 


Одоогийн байдлаар олимпын наадмыг хуваарийн дагуу 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгдсэн.


“Канадын олимпын хороо, паралимпын хороо, Засгийн газар, тамирчдын комисс, үндэсний спортын холбоод хамтран Токиод болох Олимпын болон Паралимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх хүндхэн шийдвэрийг гаргалаа. Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг бид Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэг бус удаа гаргасан. Түүнчлэн хугацааг хойшлуулж байгаатай холбоотойгоор гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг даруй гаргах хэрэгтэй байгааг ойлгож байгаад нь бид Олон улсын олимпын хороонд талархаж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Канадын үндэсний олимпын хороо Токиогийн олимпын наадамд /товлосон хугацаанд нь/ оролцохоос албан ёсоор татгалзаж буй анхны улс болж байна. Канадын шигшээ баг Олимпын наадамд хоёр удаа оролцож байгаагүй аж. 1896 оны Афины олимп болон 1980 онд Москва хотод болсон Олимпын наадамд оролцохоос татгалзаж байжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.


Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 14 мянга гаруй хүн нас баржээ.

Олимпын наадмыг гурван сар эсвэл нэг жилээр хойшлуулж магадгүй

МОСКВА. /TASS/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна гэж Их Британийн “The Times” сонин мэдээлэв.


Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Олимпын наадмыг яг гурван сараар эсвэл 2021 оны долдугаар сард болгож хойшлуулж магадгүй байна.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.


Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 13 мянга гаруй хүн нас баржээ.


Т.Бах Токиогийн Олимпыг зохион байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг зөвтгөжээ

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг “ирэх бямба гарагт болох хөл бөмбөгийн тэмцээн шиг” хойшлуулж болохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах хэлжээ. Тэрбээр Германы радиод ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьжээ.


Сүүлийн үед Олимпын наадмыг хойшлуулах уриалга нэмэгдсээр байгаа юм. Т.Бахын хэлснээр, Олимпыг хойшлуулах үйл явц нь маш төвөгтэй бөгөөд уг шийдвэрийг гаргах баталгаатай, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд хариуцлагатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай ажээ.


ОУОХ-ны тэргүүнээс коронавирусний цар тахлын талаар асуухад, нөхцөл байдал хэвийн биш байгааг онцлоод, одоогийн байдлаар ямар нэгэн шийдэл байхгүй байна гэж хариулжээ. Мөн тэрбээр Токиогийн Олимпыг цуцлах нь 206 улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянган тамирчны хүсэл мөрөөдлийг үгүй хийнэ гэдгийг тэмдэглээд, уг наадмыг зохион байгуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэж хэлжээ. 

Олимпын галт бамбарыг Японд авчирлаа

ТОКИО. /Japan Times/. Олимпын галт бамбарыг Грек улсаас Япон улсын хойд нутгийн Мияги муж дахь агаарын цэргийн баазад өнөө өглөө авчирч, цомхон хүрээг хамарсан ёслолын ажиллагаа зохион байгууллаа.


Коронавирусний халдварын улмаас Токиогийн Олимп урьдчилан товлосны дагуу ирэх долдугаар сарын 24-нд эхлэх эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед “Japan Airlines”, “All Nippon Airways” агаарын тээврийн компанийн хамтран үйлдсэн нислэг Мияги мужийн Өөрийгөө хамгаалах агаарын хүчний Мацүшима баазад газарджээ.


Токиогийн Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж зохион байгуулагчид, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ зүгээс мэдэгдэж байгаа боловч хойшлуулах, цуцлах сонголтыг ч мөн боломжтой хэмээн үзэж байгаа ажээ.


“Олимпын галт бамбарыг сүүлийн 56 жилийн хугацаанд анх удаа Японд авчирлаа. Энэхүү бамбар олон хүний итгэл найдварыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэж байна” гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори хэлжээ.


Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тулгуурлан ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаатай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, наадмын үеэрх аюулгүй байдлыг баталгаажуулна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Галт бамбарыг Японд авчирсан нь Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулах байр суурийг баримталж буй ОУОХ болон наадмыг зохион байгуулагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд бамбарыг Японы нутаг дэвсгэрээр аялуулах буухиа Фүкүшима мужаас энэ сарын сарын 26-нд эхэлнэ.

Ё.Сүга: Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулахаар зорьж байна

ТОКИО. /NHK/. Япон улс Токиогийн Олимп, Паралимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бэлтгэл ажлаа үргэлжлүүлнэ гэж тус улсын Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга мэдээлжээ.


“Их 7”-гийн удирдагчид шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах чиглэлд хамтран ажиллах талаар өнөө өглөө цахимаар хуралдсаны дараа Ё.Сүга сэтгүүлчдэд ийнхүү мэдээлсэн байна. Ерөнхий сайд Абэ Шинзо бусад удирдагчид хандан, Япон улс Олимп, Паралимпын наадмыг бүрэн төгс зохион байгуулна гэж хэлжээ. Уг уулзалтын үеэр удирдагчид Олимпын наадмыг хойшлуулах талаар дурдаагүй гэдгийг Ё.Сүга онцолсон байна. 


Японы Засгийн газар Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бэлтгэл ажлаа үргэлжлүүлж, Олон улсын олимпын хороо, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо, Токиогийн засаг захиргаатай нягт хамтран ажиллана гэж Сайд нарын танхимын дарга нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Олимпын галт бамбарын Япон дахь буухиа урьдчилан төлөвлөсний дагуу Фүкүшима мужаас энэ сарын 26-нд эхлэх ажээ. 

ОУОХ спортын байгууллагуудын төлөөлөлтэй яаралтай хуралдана

ЛОЗАНН. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ шинэ коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын спортын байгууллагуудын удирдлагуудтай яаралтай хуралдахаар болжээ. Энэхүү уулзалтыг мягмар гарагт теле хэлбэрээр явуулна.


Коронавирусний халдварын улмаас “Токио-2020” Олимпын наадмын эрх олгох агаарын теннис, бөхийн барилдаан, бейсбол зэрэг олон төрлийн тэмцээн цуцлагдаж, хойшлогдсоны дараа уг уулзалт болж байна. 


Уг Олимпын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод өнгөрсөн пүрэв гарагт асааснаас нэг хоногийн дараа бамбарын буухиаг хойшлуулсан юм. Теле хуралдаанд оролцогчид цуцлагдсан тэмцээнүүдийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.


Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулахаар ажиллаж буй зохион байгуулагчдын урьдчилсан арга хэмжээнүүдэд спортын байгууллагууд хэрхэн хандах нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Д.Трамп Токиогийн Олимпыг хойшлуулахыг санал болгожээ

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан энэ зун болох Токиогийн Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахыг санал болгожээ.


"Олимпын тэмцээнүүдийг хоосон цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаас хойшлуулах нь илүү зөв шийдвэр" гэж Д.Трамп пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр Олимпын наадмын зохион байгуулалтын талаарх Японы Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн байна.


Токиогийн Олимпын наадмыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм.


Токиогийн Олимпын галт бамбарыг асаах ёслол Грекийн Олимпиа хотноо пүрэв гарагт болжээ. Энэ үеэр Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах хэлэхдээ, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо "хүнд нөхцөл байдал тулгарсныг” үл харгалзан наадмыг амжилттай зохион байгуулах үүрэг амлалтыг өгсөн гэжээ. 

Токиогийн Олимпын галт бамбарыг асаалаа

ТОКИО. /Kyodo/.  Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод өнөөдөр асаалаа. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулжээ.


Шинэ коронавирусний халдварын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадам хуваарийн дагуу зохион байгуулагдах эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед галт бамбарыг асаах ёслол боллоо. Галт бамбарыг ирэх долдугаар сарын 24-нд эхлэх Олимпын наадам хүртэл буухиалах юм.


Олимпиа хотод болсон галт бамбарыг асаах ёслолд Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах, Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах  хорооны төлөөлөгчид багтсан 100 орчим хүн оролцжээ. Галт бамбарыг Японд энэ сарын 20-нд авчрах ажээ. 

Токиогийн Олимпыг хойшлуулж магадгүй

ТОКИО. /BBC/. “Токио-2020” Олимпын наадмыг шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас энэ оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото мягмар гарагт мэдээлжээ.


“Токиогийн засаг захиргаа болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/ хооронд байгуулсан гэрээнд Олимпын наадмыг 2020 онд багтаан зохион байгуулах талаар тусгасан тул хойшлуулах боломж бий” гэж С.Хашимото хэлсэн байна.


Токиогийн Олимпыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм. “Бид Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна” гэж С.Хашимото нэмж хэлжээ.


Олимпыг зохион байгуулах гэрээний дагуу ОУОХ наадмыг цуцлах эрхтэй юм. “Токиогийн Олимп амжилттай болно гэдэгт манай байгууллага итгэлтэй хэвээр байна. Тамирчид итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгдсэн байна.


Коронавирусний халдварын улмаас спортын олон томоохон тэмцээнийг цуцалж, хойшлуулсан юм. Хятадад анх дэгдсэн коронавирусний халдвар дэлхий 70 гаруй оронд тархаж, 3000 гаруй хүн нас баржээ. 

Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

ТОКИО. /NHK/. COVID-19” коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Токиогийн Олимп, Паралимпын наадмыг хойшлуулах эсэх хэлэлцээг эхлүүлээгүй гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Олимп, Паралимпын наадмыг аюулгүй явуулахад бэлтгэхэд голчлон анхаарч байна гэжээ.


“Товлогдсон тэмцээнүүдийг зохион байгуулах эсэхийг Олимпын наадамд хэр ач холбогдолтой болохыг нь харгалзан шийдвэрлэх бөгөөд тэмцээнүүдийн үеэр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна” гэж Т.Мүто мэдэгджээ.


“Токиогийн Олимпыг цуцлах магадлалтай байгаа бөгөөд энэ талаарх шийдвэрийг ирэх тавдугаар сард гаргах төлөвтэй байна” гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгч Дик Паунд “Associated Press” агентлагт мягмар гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото уг мэдээллийн талаар ОУОХ-ноос тайлбар авахад албан ёсны шийдвэр биш хэмээх хариултыг өгсөн байна.

Олимпын наадмын галт бамбарыг ирэх сард Японд авчирна

ТОКИО. /NHK/.  Японы нийслэл Токио хотноо энэ онд болох Олимпын наадмын галт бамбарыг ирэх гуравдугаар сард авчрах үеэр тус улсын акробат нислэгийн баг үзүүлбэр үзүүлнэ гэж Токиогийн Олимпыг зохион байгуулагчид пүрэв гарагт мэдээлжээ.


Ирэх гуравдугаар сарын 20-нд болох Олимпын наадмын галт бамбарыг хүлээн авах ёслолын үеэр Олимпын бэлгэ тэмдэг болох таван өнгийн цагаригийг Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид өнгө өнгийн утаагаар тэнгэрт дүрслэх ажээ.


Грекийн Олимпиа хотод гуравдугаар сарын 12-нд асаах галт бамбарыг эхлээд Мияги мужийн Мацүшима цэргийн баазад авчрах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 2004 оны Афины Олимпоос алтан медаль хүртсэн Тадахиро Номүра, Саори Ёшида нар оролцоно. 

Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй

ТОКИО. /Kyodo/. "Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадмыг үзэж сонирхох урилгыг хүлээн авах эсэхээ тунгаан бодож байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ. Токиогийн Олимпыг үзэх саналыг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо түүнд тавьжээ.


“Бид энэ талаарх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа хэдий ч боломж гарвал үзэх болно” гэж Д.Трамп 2028 онд Лос-Анжелес хотноо болох Олимпын наадмын зохион байгуулагчидтай уулзах үеэрээ хэлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна.


Д.Трамп өнгөрсөн онд Япон улсад хоёр удаа айлчилсан юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард эзэн хаан Нарүхитог хаан ширээнд заларсны дараа гэргийн хамтаар Японд айлчилж, мөн оны зургадугаар сард Осака хотноо болсон “Их 20”-ийн уулзалтад оролцжээ.


Токиогийн Олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 24-нд болно. 

Коронавирусний тархалт “Токио-2020” Олимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй

ТОКИО. /Kyodo/. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт “Токио-2020” Олимп, Паралимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй гэж уг наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Токиогийн Олимпыг хойшлуулах эсвэл цуцлах бодолгүй байгаагаа дахин илэрхийлж байна гэж Ё.Мори Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгчидтэй хийх хоёр өдрийн уулзалтынхаа эхэнд мэдэгджээ.


"Уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн вирусний халдвараас үүдэлтэй аливаа асуудлыг зохицуулж, хариу арга хэмжээ авах чиглэлд Олимпын наадмыг зохион байгуулагчид Засгийн газартай хамтран ажиллана" гэж Ё.Мори нэмж хэлжээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлж буйгаар, эх газрын Хятадад уг вирусээр халдварласан хүний тоо 60 мянга дөхөж, нас барсан хүний тоо 1300 давсан аж.


Япон улсад лхагва гарагийн байдлаар коронавирусний халдварын 203 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд Токио хотоос 30 километрийн зайд орших Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон хөлөг онгоцны зорчигч, хөлгийн багийнхан нийлсэн 174 хүн багтаж байна. Уг вирусний халдварын тохиолдол Ази, Европ, Хойд Америкийн 20 гаруй оронд бүртгэгджээ.


ОУОХ-ны Зохицуулалтын хорооны дарга Жон Коутс шинэ төрлийн коронавирусийг “гэнэтийн асуудал” хэмээн нэрлээд, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 


Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа Токиод болох хоёр өдрийн уулзалтын үеэр шинэ төрлийн коронавирусний эсрэг авах арга хэмжээний талаар мөн хэлэлцэх ажээ. Мөн Токио хотод зуны улиралд хэт халдагтай холбогдуулан Олимпын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнүүдийг Саппоро хотод зохион байгуулахтай холбоотой зардлын асуудлуудыг уг наадмыг зохион байгуулагчид ОУОХ-ны төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Б.Отгонтуяа