“Цөмөөхэй” балетад 200 гаруй хүүхэд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-11 17:10:13

Нийслэлийн ЗДТГ, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет маргаашнаас эхлэн УДБЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм.

Өнгөрсөн онд тус балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бол энэ жил таван Клара охиныг шалгаруулаад байна. Мөн тус театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангажээ.

Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.

Тоглолт энэ сарын 13, 19, 20, 26, 27-нд олны хүртээл болно. Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд хүүхдүүддээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлээрэй.

Ж.Болор

Холбоотой мэдээ