Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-16 13:33:18

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  ажлын дэд хэсэг өчигдөр хуралдав. 

Хуралдаанаар, гараар хяналтын тооллого хийх заалтыг хуулийн төсөлд тусгуулах, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд өөрийн биеэр эсвэл цахим шуудан, факс ашиглан бүртгүүлэх боломж олгох, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл дэх сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх зохицуулалтыг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тэдгээрийг хооронд нь уялдуулж нэг мөр болгох зэрэг саналаа Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүргүүлж танилцуулахаар тогтсон байна.

Ажлын дэд хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ахалж байгаа бөгөөд өмнөх хуралдаанаар одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өргөн баригдсан 3 хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа гаргажээ. 

Холбоотой мэдээ