Ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-17 16:59:01

Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож, уул уурхайн салбарын асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцсон юм.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд

Өнгөрч буй онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль,  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид  нэгдэн орох тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байна. Одоо Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль батлагдахаар хүлээж байгаа бол Эрдэс баялгийн салбарын биржийн тухай, Цөмийн энергийн тухай хуулиудыг боловруулан өргөн барихаар зэхэж байгаа аж.

Геологийн салбар сүүлийн жилүүдэд удаашралд орж, орхигдоод байсан. Тиймээс Засгийн газар энэ салбарын удирдлага менежментийг сайжруулах, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилт тавин ажиллаж, мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын Үндэсний геологийн алба байгуулахаар тусгасан юм. Геологийн эрэл хайгуулын ажилд 2015 онд 11.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бол ирэх онд 9.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувьд, Засгийн газраас тогтоосон талбайд олгогдож байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн Засгийн газраас тогтоосон нийт нутаг дэвсгэрийн 19,9 хувь буюу 31 сая га талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувьд ямар нэгэн хэлбэрээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт 3174 Хайгуулын болон Ашиглалтын зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг аж.

2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж Улсын комисст хүлээн авчээ.  Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 орчим ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

Стратегийн ордуудын хувьд, Гачууртын ордыг стратегийн ордод хамруулсан бөгөөд төрийн эзэмшлийн хувийг тогтоохоор УИХ хэлэлцэж байгаа. Харин Цагаан суваргын ордод төр анх удаа хувь эзэмшихээргүй үйл ажиллагааг нь явуулахаар шийджээ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хувьд зэсийн үнийн уналтаас шалтгаалж эдийн засгийн үр ашиг сайнгүй байна. Шивээ овоогийн ордыг түшиглэж томоохон хэмжээний цахилгаан станц барихаар ярилцаж байгаа бөгөөд БНХАУ-ын станцыг жилд 34 сая тонн нүүрсээр хангах болж байгаа аж. Багануурын нүүрсний уурхайд мөн түшиглэн цахилгаан станц барихаар ирэх долоо хоногт шав тавихаар зэхэж байна. Тавантолгойн орд тодорхой хэмжээнд зогсолт гарсан ч энэ сарын 11-нээс үйл ажиллагаа нь дахин хэвийн боллоо. Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, олон улсын нэр хүнд бүхий 15 банк, санхүүгийн байгууллага Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор болов. Ингэснээр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой болж байна гэж Р.Жигжид сайд тодотгов. Үүнээс гадна Засгийн газрын 100 дугаар тогтоолоор стратегийн ордуудыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн доор нэгтгэхээр ажиллаж байна.  

Алтны олборлолт, тушаалтыг дэмжих зорилгоор олон чухал арга хэмжээг авч байгаа. Монголбанкинд тушаасан алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгджээ. Үүний үр дүнд энэ оны 11 сарын байдлаар алт олборлогчид 13.9 тн алт тушаасан байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2018 он хүртэл 2.5 хувиар тооцох юм. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгоход зориулж 256 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор шийдвэрлэн ажиллаж байна. Уг зээлийг олгож эхэлснээр ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрэх боломж бүрдэнэ гэж төсөөлж байгаа юм.

Цөмийн энергийн салбарт 13 аж ахуйн нэгж 41 Хайгуулын, 5 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд энэ нь Монголын нутаг дэвсгэрийн 0.8 хувийг хамрах юм. Ураны нийт 12 ордод 175 мянга орчим геологийн нөөц 1.5 сая таамаг нөөц тогтоогдоод байгаа. Цацраг идэвхит ашигт малтмалыг эрэх, хайх ажлыг идэвхжүүлж, ураныг шар нунтаг хүртэл боловсруулах бодлого барьж байгаа юм. Үүнд гадаадын орнуудын хөрөнгө оруулалтыг татахаар зорьж, Чехийн компанитай хамтран “Мон-Чех ураниум” ТББ байгуулсанаас гадна Францын Арева, Японы Мицүбиши хамтарсан компани байгуулахаар ажиллаж байна.  

Газрын тосны салбарт хайгуулын 31 талбайн 23-т нь 18 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс энэ онд дөрөв нь байгуулагдсан бөгөөд нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн сая тонн газрын тосны бүтээгдэхүүн олборлон, экспортолжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний 94 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас, хоёр хувийг БНСУ-аас, үлдсэн хувийг Литва, Сингапур зэрэг бусад улсаас импортолж байна. Бүтээгдэхүүний 54 хувийг дизелийн түлш, 36 хувийг автобензин, 1 хувийг онгоцны түлш, 9 хувийг хий, тос, мазут зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг боомтоор нь ялгавартай тогтоосноор баруун таван аймаг, зүүн гурван аймагт нефть бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийг 180-400 төгрөгөөр буулгаж чадсан юм.  

Нүүрс хуурай аргаар баяжуулах туршилтыг Японы "Нагата инженеринг" компанитай хамтран хийж байгаа аж. Хэрэв энэ туршилт амжилттай болох аваас жилд 300 мянган тонн хуурай аргаар буюу элс ашиглан баяжуулах боломжтой болно. 

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

Холбоотой мэдээ