Б.Болор: Төрийн албаны ажилчдын цалинг хасах бус цалингийн үлдэгдлийг арилгахыг даалгаж буй хэрэг
МОНГОЛЫН МЭДЭЭТөрийн байгууллагуудын төсвийн хуваарилалтын талаар болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.
-Төрийн албан хаагчийн цалинг хасахгүй гэж Төсөв баталсан ч одоо зарим төсвийн байгууллагуудад “Цалингийн сангаас 10 хувь хасах” чиглэл Сангийн яамнаас очсон байна. Яагаад ингэж байгааг тайлбарлаач?
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт байгууллагуудаас бусад төсвөөс санхүүждэг төрийн бүх байгууллага руу төсвөө 10 хувь багасгаж, хэмнэх чиглэл өгсөн. Гэхдээ энэ бол ажилтны цалинг хас гэсэн чиглэл огт биш. Нэг ч байгууллагад цалин хас гэсэн чиглэл өгөөгүй. Цалинд өөрчлөлт оруулах заалт ярьж байсан ч хуулиар энэ заалт байхгүй болсон. Тэгэхээр цалин ямар ч өөрчлөлтгүй олгогдоно.
Харин төсвийн байгууллага бүтцээ 10 хувь хэмнэ гэдэг нь маш олон байгууллагуудад гардаг цалингийн үлдэгдлийг л байхгүй болго гэсэн үг. Манай яаманд ч жилийн эцэст цалингийн хэмнэлт гарч үлдэгдэл үлддэг. Үүнийг л байхгүй болгочих гээд байгаа юм. Тэгсэн байхад одооныхоо бүтэц орон тоогоор авдаг цалингаа аваад ажиллаад байж болно.
-Сангийн яам цалингаас өөр санхүүжилт хийхгүй байгаа. Ер нь энэ оны төсвийн орлого хэр хэмжээгээр тасарсан юм бэ?
-Төсвийн орлого, зарлага хоёрын зөрүү алдагдал их байна. Төсвийн алдагдлыг хуулиараа таван хувьд барих ёстой. Ингэхийн тулд тодорхой хэмжээний зардлуудыг он гартал хэмнэж, он гарсны дараа шийдвэрлэх шаардлага гарсан. Энэ бол жил бүр л гардаг зүйл. Харин ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас зарим газар улстөржүүлээд байна. Өнгөрсөн жил хамтарсан Засаг алдагдлаа бүр хэтрүүлж байсан шүү дээ.
Төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа учраас төсвийн орлого хэр хэмжээгээр тасарсныг хэлэх боломжгүй байна. Эхний есөн сарын байдлаар нэлээн их тасарсан байсанд бид тодотгол хийсэн. Харин сүүлийн гурван сарын хугацаанд орлого сайн төвлөрсөн. Гэхдээ төсвийн орлого тасарсан ч цалин, тэтгэвэр гэх мэт зайлшгүй хийх гүйлгээнүүдээ хийгээд л явна.
-Төсвийн данс улайчихсан байна гэж хүртэл ярьж байгаа. Ер нь төсөв хэр хүндэрсэн бэ?
-Ер нь төсөв хүнд байгаа нь үнэн. Нуух зүйл байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдал, зэсийн үнийн уналт гээд хүндрэлд орох шалтгаан олон байна.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль амжилттай хэрэгжиж байгаагийн үр ашиг хэзээ гарах вэ?
-Ил тод байдлын хуулийн үйлчлэл үр дүн энэ жил харагдахгүй. Ер нь энэ хууль маш зөв хууль байсан гэдэг нь харагдаж байна. Одоогийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болсон байна. Гэтэл манай төсвийн жилийн орлого 6 их наяд шүү дээ. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаж байна. Ингэснээр илүү олон иргэн хамрах боломжтой болох юм. Аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамарч байгаа ч иргэд сайн ойлголтгүй байсан учраас хугацааг нь сунгаж өгөөч гэх хүсэлт ирүүлсэний дагуу сунгаж байгаа.
-Энэ сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй гэж байна. Ямар шалтгаанаар хүүхдийн мөнгө орохгүй байгаа юм бол?
-Хүүхдийн мөнгө Хүний хөгжил сангаас олгогддог. Хүний хөгжил сан орлоготой байж хүүхдийн мөнгө олгогдоно. Орлого нь хүрэхгүй байвал хүүхдийн мөнгө олгоход хүндрэлтэй. Гэхдээ 11 дүгээр сарыг дуустал хүүхдийн мөнгө асуудалгүй олгогдсон. 12 дугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоно.
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гааль, татвар хоёрыг нэгтгэнэ. Хичнээн хүн цомхотголд орж байгаа вэ?
-Гааль, татвар хоёрыг нийлүүлж байгаад нэг буруу ойлголт яваад байна. Энэ хоёр байгууллагыг нэгтгэснээр мөнгө хэмнээд, хүн халах зорилготой юм биш. Дэлхий дахины жишгээр гааль, татварын уялдаа холбоог сайжруулахын тулд энэ хоёр байгууллагыг нэгтгэж байгаа. Энэ хоёр байгууллага мэдээллээ солилцоход хүртэл хоёр сарын хугацаа зарцуулдаг байсан. Энэ хэмжээгээр улсад хохирол үүсдэг. Маш энгийнээр хэлэхэд л гаалиар 10 хадаас оруулж ирсэн гээд мэдүүлчихсэн мөртлөө татвар дээр таван хадаас зарсан гэж бичсэн байдаг. Үүнийг арилгахын тулд дэлхий дахинд гааль, татвараа нэгтгэж ажиллаад байгаа юм. Үүнийг манай гааль, татварынхан ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэрнээс гааль, татвар нэг болсноор Архангай аймгийн Чулуут суманд ажиллаж байгаа татварын байцаагч, Бичигтийн боомтод ажиллаж байгаа гаалийн байцаагч ажлаа хийгээд л явна. Жирийн ажилчдын дунд ямар нэгэн цомхотгол хийгдэхгүй. Захиргааны зардал дээр л өөрчлөлт гарч давхардсан ажлын байрыг багасгана.
-Өнгөрсөн оныг Сангийн сайдын хувьд дүгнэвэл?
-2015 он эдийн засгийн хувьд хүндхэн байсан. Үнэхээр Монгол Улс үйлдвэржигч орон байх ёстой гэдгийг харуулж байна. Манай улс социализмаас хойш л олборлогч болсон.Тиймээс түүхий эдийн үнэд, экспортод баригдаад байна. Мөн хөрш ОХУ-ын эдийн засаг хасах руугаа орсон, БНХАУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд байгаагүй бага хэмжээний өсөлттэй байна. Энэ бүхнээс үүдэж манай улсын эдийн засаг хямарсан ч ирэх жил сайхан болно гэж итгэж байна.
Н.Гантуяа