Сонгуулийг бүсчилж явуулахыг дэмжсэнгүй хуучнаар үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-25 13:40:50

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийг нэмж хэлэлцэх ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар зарим нэг өөрчлөлтүүд, шинэ саналуудыг хуулийн төсөлд тусган, чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.

Өмнөх байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийг таван тойрогт бүсчлэн хувааж, жагсаалтаар дэвших 28 гишүүнд суудал хуваарилах болсон. Харин энэ асуудлыг УИХ-ын гишүүд нэлээд эсэргүүцэж, улсыг дотор нь хувааж болохгүй, хэрэв хуваавал цаашдаа гарах үр дагавар их гэх мэтээр шүүмжилж байсан юм. Тиймээс өчигдөр байнгын хороогоор энэ асуудлыг дахин хэлэлцэж, Монгол Улсыг таван бүсэд хуваан бүсчлэхээ больж, хуучнаараа буюу томсгосон нэг тойрог хэвээр нь үлдээх болов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч гишүүдийн нэрсийг саналын хуудаст бичихгүйгээр тогтсон байна.  

Бусад үзэл баримтлалын хувьд хэвээрээ байгаа бөгөөд “Шударга ёс” эвслийн бүлгээс “Жагсаалтаар нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүн өөрийн хүсэлтээр суудлаасаа буувал дараагийн хүнийг хэрхэн дэвшүүлэх, ямар хариуцлага тооцох” зэрэг зохицуулалтыг дэвшүүлэн саналын томъёололд оролцуулсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд саналын хуудаст нам, нэр дэвшигчдийн нэрсийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь бичих тухай заалтыг шүүмжилж байв. О.Баасанхүү гишүүн “Яагаад ингэж бүртгүүлсэн дарааллаар оруулж ирэх гэж байгаа юм бэ? Ингэх нь ямар ач холбогдолтой юм бэ? Хэрэв ингэвэл МАН, МАХН хугацааны хувьд маргана” гэхэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Өмнөх 2012 оны сонгуульд мөн УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичиж байсан. Шинэ зүйл биш. Харин өргөн барьсан хуулийн төсөлд “УИХ-д суудал авсан тоогоор нь жагсааж бичих” заалт орж ирсэнийг ажлын хэсэг дэмжээгүй учраас хуучнаараа үлдэж байгаа юм” гэж хариулав. УДШ-ээс саяхан өгсөн жагсаалтаар 1.МАН, 2.АН гэх мэтээр 24 намын дараалал ирсэн байна.

Мөн “Санал хураалт дууссаны дараа санамсаргүй сонголтоор хэсгийн хороодын 50 хувь хүртэлд Техникийн тооллого хийнэ” гэсэн саналыг ажлын хэсэг гаргасныг зарим гишүүд шүүмжлэв. Ц.Даваасүрэн гишүүн “Техникийн тооллогыг 24 цагийн дотор хийнэ гэсэн нь арай урт бишүү? 6 цаг байхад л хангалттай санагдаж байна” гэсэн бол Ц.Оюунбаатар гишүүн “Хяналтын тооллого гэсэн байсныг яагаад Техникийн тооллого гэж өөрчилсөн бэ? Техникийн тооллого будлиантай байлаа гэхэд хариуцлага тооцох зохицуулалт бий юу” гэж асуув.

Мөн 50 хүртэл хувьд гэдэг нь 1, 2-хон хэсэгт ч хийнэ гэж болно гэсэн агуулга гарч байна гэж гишүүд шүүмжлэхэд ажлын хэсгийн ахлагч А.Бакей “24 цаг хүртэл гэдэг нь цаад хязгаарыг заасан. Тэрнээс санал дуусмагц эхлээд 5-6 цагт ч амжиж болно” гээд эдгээр асуудлыг дараагийн хэлэлцүүлэгт эргэж ярилцахаа мэдэгдсэн юм.

Гишүүдийн нэлээд олон хувь нь намд биш хүнд санал өгөх нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байв. Тухайлбал Г.Уянга гишүүн жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг намаар бус нэрээр нь сонгож, санал өгөх талаар заалт оруулсан ч байнгын хороонд олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Ц.Оюунбаатар гишүүн “Хувь тэнцүүлсэн тогтолцоонд яалт ч үгүй нам дугуйлна. Гэхдээ Г.Уянга гишүүний санал болгосноор намын нэрний ард жагсах 28 хүнд нь мөн санал өгч болно. Үүнийг анхаарч үзнэ үү” гэв. Ажлын хэсгийн ахлагч А.Бакей энэ тухайд “Сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2012 оны сонгуулийн үеэр мөрдөгдсөн зарчмаар явуулах нь зөв гэж үзсэн. Хувь тэнцүүлсэн тогтолцоонд намаа дугуйлаад, нам 28 нэр дэвшигчээ туршлага, чадвараар нь үнэлэн оруулж ирэх үүргээ хүлээх ёстой. Энэ бол намын хариуцлага”  гэв. О.Баасанхүү гишүүн мөн 28 гишүүний нэрийг саналын хуудас дээр бичиж, хэнийг нь харж хэнд санал өгч байгаагаа мэдэх боломжийг иргэдэд олгохыг шаардаад, хэрэв үүнийг өөрчлөхгүй бол “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага ч авах хэмжээнд хүрч болно гэдгийг мэдэгдэв. С.Баярцогт гишүүн мөн энэ саналыг дэмжиж байлаа. СЕХ-ноос “Хэрэв бүх гишүүдийн нэрийг бичвэл дөрвөн метр урт саналын хуудас гарна” гэж тайлбарлаж байгааг гишүүд эсэргүүцэж, техникийн асуудлаар үүнийг хаацайлах нь маш буруу, зохицуулах боломжтой гэж байв. Гэвч энэ саналыг өнөөдрийн хуралдаанаар мөн дэмжсэнгүй.

Ингээд асуулт хариулт явуулсаны дараа байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалгав. Эдгээр саналуудаас дурдвал, Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тогтоох, УИХ, Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх, Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх, Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол нэр дэвшигчээр бүртгүүлэхээс 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө ажил, албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх, Сонгогчдын 28 хувийн саналыг авч чадаагүй бол хүчингүйд тооцно гэсэн “босго”-ыг хасах гэх мэт байсан бөгөөд бүх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. 

Үүнээс гадна бие даагч гишүүд 801-ээс дээш хүний гарын үсэг авч дэвшихдээ гарын үсэг зурсан хүний бичиг баримт зөрчилтэй байвал энэ тооноос хасагддаг байсныг болиулав. Ингэснээр бие даагч гишүүдэд нэр дэвших нөхцөл илүү нээлттэй болох юм.  

Харин УИХ дахь эмэгтэй гишүүдийн гаргасан “жагсаалтаар нэр дэвшигчдийг эрэмбэлэхдээ гурван гишүүн тутамд эмэгтэй гишүүдийг оруулна” гэсэн агуулгатай заалтыг байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганаар ч дэмжсэнгүй.

Ингээд санал хураалт дууссаны дараа Сонгуулийн нэгдсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ