Өмнөд Солонгос, Япон гэрээ байгуулсныг Бан Ги Мүн сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 10:16:46

НҮБ. /Xinhua/. Дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар Өмнөд Солонгос, Японы Засгийн газар тохиролцоонд хүрч чадсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сайшаав.

Дайны үеийн харгислалдаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор уучлалт гуйж, бие махбодь, сэтгэл санааны “эдгэршгүй шарх олж, хүнд зовлон амссан бүх хүний төлөө чин сэтгэлээсээ уучлалт эрснээр” хоёр улс гэрээ байгуулсан юм.

“Хоёр талын харилцааг сайжруулахад уг гэрээ хувь нэмрээ оруулна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга найдаж байна” гэж Бан Ги Мүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Зүүн Хойд Азийн орнууд түүхээ хүлээн зөвшөөрөх замаар ирээдүйд чиглэсэн харилцаа тогтоох нь чухлыг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн” гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Солонгос, Японы харилцаанд хэдэн арван жил сэв суулгасан асуудлаар гэрээ байгуулсан нь хоёр орны харилцаанд гарч буй дэвшил гэж үзэж болох юм. Дайны үеэр  гэмт хэрэг үйлдсэнээ Япон улс анх удаа “албан ёсоор” хүлээсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ