Баярын өдрүүдээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлага ихэвчлэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 13:10:22

Өвөрхангай аймагт шинэ жилийн баярын өдрүүдээр ноцтой гэмт хэрэг, зөрчил гараагүй, харьцангүй тайван амгалан өнгөрсөн байна. Аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 12 сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 сарын 4-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.

Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 15, захиргааны зөрчлийн шинжтэй 32 дуудлага ирсэн ба тодруулбал хулгайлах гэмт хэрэг 9, иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6, авто ослын шинжтэй 1 дуудлага бүртгэгдсэн байна.

Харин орон гэртээ архи ууж, агсам согтуу тавин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлага багагүй иржээ. Тус өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар хэв журмын зөрчил гаргасан 10 иргэнд 50 мянган төгрөгийн торгууль тавьж, согтууруулах ундаа хэрэглээд гудамж талбайд биеэ авч явах чадваргүй байсан 7 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 195 зөрчил илрүүлсэн ба 12 тээврийн хэрэгслийг саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчил илрүүлэн 20 хүнийг 844000 төгрөгөөр торгожээ. Баярын өдрүүдээр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 389 цэгт албан мэдэгдэл өгч, тусгай зөвшөөрөлтэй 50 цэгийн үйл ажиллагааг шалгасан байна.

Баярын болон амралтын өдрүүдэд Онгийн голын шалган нэвтрэх постоор 763 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бөгөөд жолооч бүрт хальтиргаа гулгаанаас болгоомжлох санамж сэрэмжлүүлэг өгсөн болохыг Цагдаагийн газраас мэдээллээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ