"Hero"-гийн найруулагч Б.Баатар уучлалт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-11 13:57:09

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдаж, олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Энэ талаар өнөөдөр “Hero  entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар мэдээлэл хийв.

“Hero  entertainment”-ийн бичлэгээ архивладаг сүлжээ маш сайн хамгаалалттай бөгөөд энэхүү хэргийг удаан хугацаанд судалж, нарийн зохион байгуулалттай хийсэн байна хэмээн Б.Баатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Улсын архивт хүлээлгэж өгөхөөр хадгалж байсан Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдсан. Мөн манай уран бүтээлчид С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Уг кинонд хэрэглэхээр “хард” дискинд хуулаад тусад нь хадгалж байсан файл, сонины хайчилбар алга болсон. Хавтаст байсан дүрс, бичлэгүүд маш нарийн мэргэжлийн дагуу хуулагдсан байгаагаас харахад энэ бол эртнээс судалж хийсэн хулгай. Үүнийг улс төрийн зорилгоор ч хулгайлсан байх магадлалтай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон өөр хэд хэдэн бичлэг алдагдсан. Энэ дүрсээ алдаж хариуцлагагүй байдал гаргасандаа "Hero Entertainmment" студийн өмнөөс Н.Энхбаяр, түүний гэр бүл, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн Хөтлөгч П.Анужин нараас уучлалт хүсч байна" хэмээв.

Тэрбээр хэргийг илрүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд Монгол төр, шүүх, хяналтын байгууллагууд “тунгалаг” байж, хэргийг ямар нэгэн улс төржилтгүйгээр үнэн зөв, шуурхай илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ