Татварын тэгш зарчмыг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 17:53:21

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын тухай 4 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Хуралдаанаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. 1990 оноос хойш баталсан Татварын тухай хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг судлан үзэхэд татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрлийн хууль баталснаас 46 төрлийн хууль нь хүчингүй буюу үйлчлэл нь дуусгавар болж, 55 төрлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хугацаанд татварын хуульд нийтдээ 232 удаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулжээ.

Мөн зарим салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан хүнд сурталыг бий болгож татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Б.Туул

 

Холбоотой мэдээ