ОХУ гадаад худалдаандаа Үндэсний валютаа ашиглана

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-10-04 16:34:47
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын бизнесийн олон байгууллага АНУ болон Европын орнуудын эдийн засгийн хоригт өртөөд буй билээ. Энэ хориг ойрын хугацаанд чангарах төлөв ажиглагдаж буй учир тус улс доллараас татгалзаж гадаад худалдаандаа аль болох үндэсний валютаа ашиглахыг зорьж байна.

Дэлхийн нийт худалдааны 40 орчим хувийг доллараар хийж байгаа энэ үед олон орны эдийн засгийн нөхцөл байдал АНУ-ын валютаас ихээхэн хамааралтай. АНУ-ын  хоригт автаад буй ОХУ-ын нийт экспортын 70 хувь, импортын 36 хувь доллараар хийгддэг. Тэгвэл ОХУ-ын Засгийн газар экспортлогчдоо доллараас өөр валютад шилжих нөхцөл бүрдүүлэхээр болсныг Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, Сангийн сайд А.Силуанов мэдэгдлээ.

Тэрбээр “Гадаад худалдааны төлбөр тооцоог тогтворжуулахын тулд бид тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Энэ нь хамгийн түрүүнд үндэсний валютаа ашиглах явдал юм. Үндэсний валютад шилжсэнээр экспортлогчид экспортын барааны татварын буцаан олголт зэрэг татварын системийн үйл явцыг хэд дахин хурдасган хөнгөвчлөх боломжтой. Доллараас бусад валютаар хийх гадаад худалдааны татварт тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх нь үндэсний валютыг эргэлтэд оруулах хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Бид 2017, 2018 онд гадаад хүчин зүйлээс хамааралтай нефтийн үнийн өөрчлөлтийн үед рублийн ханшийг тогтвортой барьж чадлаа. Гэвч эдийн засгийн хоригийн үед рублийн ханшийг 100 хувь тогтвортой байлгахад хүндрэлтэй. Ерөнхийдөө үүсч буй нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах нь бидэнд ойлгомжтой болсон” хэмээн онцлов.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, Сангийн сайд А.Силуановын хэлснээр эдийн засгаа доллараас ангижруулах ажиллагаа энэ оноос хэрэгжиж эхлэх бөгөөд ирэх онд ОХУ нефть болон байгалийн хийгээ рубль, евро, юань зэрэг доллараас бусад валютаар экспортлох аж.

Тэрбээр “Энэ бодлого банкинд хадгалагдаж буй долларыг хамрахгүй. Валютын хадгаламж тэр дундаа долларын хадгаламжтай иргэдийг өөр валют руу шилж гэж хэн ч шаардахгүй учир санаа зовохгүй байж болно” хэмээсэн юм.

 

Холбоотой мэдээ