“Босоо заяатай Монгол” дууны хөшөө сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-01 11:47:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын СГЗ, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дууны хөшөө Дархан хотын төвд сүндэрлэлээ.

Зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч М.Хунлиуз гуай энэ жил 70 нас хүрч байгаа юм. Түүний бүтээл төрийн хүндэтгэлийн дуу болох “Босоо заяатай Монгол” дуу мэндэлсэнээс хойш 20 жил болж  буй бөгөөд түүхэн ойн босгон дээр ард түмний хандив тусламжаар гэрэлт хөшөөг босгосон нь энэ аж.

Дуундаа зориулж хөшөө босгох санаачилгыг МУСГЗ М.Хунзлиуз гаргаж Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн хэсэг нөхдөд зураг, дизайн гаргах хүсэлт тавьсанаар дөрвөөс таван төрлийн хөшөөний загвар зураг, дизайныг гаргасан бөгөөд энэхүү сүндэрлэн боссон хөшөөний загвар зохиолчид таалагдаж бүтээл болох эхлэл тавигджээ.

“Босоо заяатай Монгол” дууны хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх  нарын  уран барималчид барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.

Босоо заяатай Монгол дууг анх 1998 онд Дархан хотын Залуучууд театрт МУГЖ дуучин С.Цэрэндорж олны хүртээл болгожээ.Түүнээс хойш МУГЖ дуучин Б.Батбаатар дуулсан бол төрийн хүндэтгэлийн дуу болох уг дууг хамгийн сүүлд МУГЖ, Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар дуулсан аж. 

Хөшөөний нээлтэд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, МУГЖ, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар оролцлоо. Энэхүү уран бүтээл нь 2001, 2014 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн Төрийн хүндэтгэлийн концертийн нээлт, 2001 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн тоглолтод эгшиглэж төрийн түүхийн алтан санд орсон байна.

Дархан хотод анх удаа дуунд зориулан сүндэрдүүлсэн хөшөөний нээлтэд "Босоо заяатай Монгол дуу"-г  МУГЖ, "Чингис хаан" одонт дуучин Г.Ариунбаатар хурсан олонд зориулан дууллаа.


Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ