Барселонад жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-02 10:43:12

МАДРИД. /РИА Новости/. Испанийн Барселона хотод даваа гарагийн орой жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.


Каталони мужийг тусгаар улс болгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсны нэг жилийн ойг тохиолдуулан олныг хамарсан жагсаал цуглаан болжээ. Өнгөрсөн оны  10 дугаар сарын 1-нд болсон уг санал асуулгыг Испанийн эрх баригчид төдийгүй тус улсын Үндсэн хуулийн шүүх хүлээн зөвшөөрөөгүй юм.


Зуун наян мянган хүн оролцсон уг жагсаалыг Каталонийн нийслэл Барселона хотод оршдог парламентын ордны дэргэд зохион байгуулжээ. Жагсагчид арга хэмжээнийхээ гол хэсгийг дуусгасны дараа цагдаа нар руу лааз, шил, өндөг шидэлж, төмөр хаалтуудыг нурааж эхэлсэн байна. Тэд Каталонийн женералитетын /парламент, засгийн газар багтддаг Каталонийн өөрөө удирдах дээд байгууллага/ тэргүүн Ким Торра, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Микель Буч нарыг огцрохыг шаарджээ.


Жагсагчид парламентын ордонд шууд хүрч чадсан байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд парламентын ордон руу ухрахаас аргагүйд хүрчээ. Эмх замбараагүй байдал дэгдээгчид парламентын ордны хаалгууд дээр “Каталонийг тусгаар улс болгохыг” шаардсан зурагт хуудсуудыг наасан байна.


Оройн 22 цаг 15 минутад Испанийн эмх замбараагүй байдалтай тэмцэх хууль сахиулах байгууллагууд резинен бороохой, резинен сумтай буу хэрэглэн парламентын ордны өмнөх талбайд жагсагчдыг тараах ажиллагааг эхлүүлжээ. Ойролцоогоор цагийн дараа жагсагчид тарцгаасан боловч мөргөлдөөн гудамжинд шилжсэн байна.


Үүнээс гадна, жагсагчид хоорондоо мөргөлдөж эхэлжээ. Мөн Лайетан гудамжид оршдог Испанийн Цагдаагийн газрын байрны өмнө байдал хурцадаж, жагсагчид цагдаа нар руу лааз, шил шидэлжээ. Оройн 10 цаг орчимд цагдаа нар гудамжийг чөлөөлж, түрэмгий авир  гаргасан жагсагчдыг цагдаагийн машинд суулгаж, тусгаарласан байна. 


Холбоотой мэдээ