Европ дахь цагаачдын тоо 64.2 саяд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Reuters/. Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудад оршин сууж буй цагаачдын тоо өмнөх онд 64.2 саяд хүрч, 2024 оныхоос 2.1 саяар нэмэгдэн түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Берлин дэх Шилжилт хөдөлгөөний судалгаа, шинжилгээний төвөөс (RFBerlin) өнөөдөр гарагт гаргасан тайланд дурджээ.
Европын Холбооны статистикийн алба болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлэлд үндэслэн гаргасан уг тайланд тэмдэглэснээр, 2010 онд энэ үзүүлэлт 40 сая байжээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь 18 сая орчим гадаад иргэн хүлээн авснаар ЕХ-ны гишүүн орнуудаас энэ үзүүлэлтээр тэргүүлсэн хэвээр байна. Тэдний 72 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна. Харин Испанид цагаачдын тоо хамгийн хурдацтай нэмэгдэж, нэг жилийн дотор 700 мянгаар өссөнөөр тус улсад оршин суух гадаад иргэдийн нийт тоо 9.5 саяд хүрчээ.
Судалгаанаас үзэхэд цагаачдын урсгал тус холбооны гишүүн орнуудад харилцан адилгүй байгаа ба Люксембург, Мальта, Кипр зэрэг орнуудын хүн амд эзлэх цагаачдын хувь хэмжээ бусад улстай харьцуулахад өндөр байна.
Түүнчлэн орогнол хүссэн өргөдлийн дийлэнх нь тодорхой хэдэн улсад төвлөрч байгаа бөгөөд нийт өргөдлийн дөрөвний гурав нь Испани, Итали, Франц, Герман улсад ногджээ. Одоогоор Герман улс 2.7 сая дүрвэгч хүлээн авснаар энэ үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байна.