Орхон аймагт 15 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-31 15:33:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Авто тээврийн төвд 24 мянга 989 авто машин бүртгэлтэй байдгаас 15 мянга 900 нь замын хөдөлгөөнд оролцож байна. Үүний 12 мянга 700 нь тээврийн хэрэгслийн үзлэгт хамрагдсан гэж тус төвөөс мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн үзлэгийг Авто тээврийн төвийн үзлэг, оношилгооны хэсэгт хийдэг бөгөөд хүнд машин, механизмыг олон улсын стандартад нийцсэн зөөврийн техникээр очиж үздэг байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ жил 500 орчим техникээ тусгай, ачаа, суудлын тээвэр болон механизм гэсэн дөрвөн ангиллаар шалгуулжээ. Харин Жаргалант сум нь аймгийн төвөөс 30 км-ын зайтай оршдог тул Авто тээврийн төвийнхөн очиж үзлэг, оношилгоогоо хийдэг байна.

Жолооч нар авто машинынхаа бүрэн бүтэн байдлын үзлэг, оношилгоог цаг хугацаандаа хийлгэхгүй бол “Зөрчлийн тухай хууль”-иар торгуулна гэдгийг мөн анхаарууллаа. Дашрамд дурдахад, Орхон аймгийн 24 мянга 989 машин нь Монгол Улсад бүртгэлтэй автомашины 3.3 хувийг нь эзэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ