МАН-ын бүлэг Б.Батзоригийг огцруулах тогтоолыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-05 16:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр, "Засгийн газраас өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн” хэмээв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Манай бүлэгт албан бичиг нь хараахан ирээгүй байна. Тиймээс энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ.

-ХХААХҮ-ийн сайдаар ажиллах дараагийн хүний нэр тодорсон уу?

-Энэ асуудлыг хэлэлцээгүй.

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд мөнгөө төлж эхэлсэн үү?

-Өнгөрсөн 7 хоногийн бүлгийн хуралдаанаас зээл авсан гишүүдэд нэн даруй эгүүлэн төлөх чиглэл өгсөн. Одоогоор Ж.Энхбаяр гишүүн зээлээ төлсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавьсан байна.

Холбоотой мэдээ