“Эрдэнэт үйлдвэр” ХХК орон нутгийн компаниудаас 30-аад тэрбум төгрөгийн бараа худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-09 18:54:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 19 аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэдний санал бодлыг сонсохын дашрамд 2016 оноос хойш орон нутгийн үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа талаараа товч тайлагнасан юм.

Тухайлбал, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК Орхон аймгийн 11 үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан ажиллаж 7.7 тэрбум, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11.5 тэрбум төгрөгийн бараа худалдан авчээ. Тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээндээ “Үндэсний үйлдвэрлэгч, компаниудаа дэмжих” бодлого баримталж 2018 оны хоёрдугаар сард 16 аж ахуйн нэгжийг хүлээн авч уулзан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Нийт 143 худалдан авалтын гэрээ байгуулжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжтэй 488 худалдан авалтын гэрээ байгуулсанаас 29 хувь буюу 28.9 тэрбум төгрөгийн 143 гэрээг Орхон аймгийн аж ахуйн нэгжтэй байгуулжээ. Үүнийг 2017 онтой харьцуулахад, 15 хувиар өссөн байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс нийт 150 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ онд хийсэн гэрээний 80 хувь нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж тус үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэллээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь орон нутгийн үйлдвэрлэгчдээс хүнс, барилгын материал, даавуу, бэлэн хувцас зэрэг олон төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг байна.


Холбоотой мэдээ