Огцруулалт-2018

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-11-25 13:58:13

Ард түмэн шинэ сонголт хийж, засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжэх болоход иргэд хүлээн зөвшөөрч чадахгүй байсан үе саяхан. Торуулбал УИХ-д 71 суудалтай МАХН-аас засгийн эрх шинэ УИХ-д 50 суудал авсан МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэлд шилжих болоход сонгочид хийсэн сонголтоддоо эргэлзэж, Ерөнхий сайд П. Жасрайг өөрчлөхийг их л хүнд хүлээн авч байсан юм. Шинэ эрх баригчид тухайн үед ардчилсан сонгуулиар засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжих нь хэвийн үзэгдэл, ардчиллын баталгаа хэмээх суртал ухуулга иргэдийн дунд өргөн хүрээтэй хийснээр намжих байдалд орсон гэж хэлж болно. Ерөнхий сайдын алба тэр үед Д. Содномоос, Ш. Гунгаадоржид, түүнээс Д. Бямбасүрэнд, түүнээс П. Жасрайд шилжсэн байсан үе. Гэхдээ иргэдийн эргэлзээ тун тайлагдаж өгөхгүй байсан гэдэг.


Харин Ерөнхий сайд МАН-ын дарга У. Хүрэлсүх Удирдах зөвлөлөөсөө УИХ дахь бүлгийн дарга Д. Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нарыг өөрчлөх тухай шийдвэр гаргаснаар “Огцруулалт-2018”-ыг эхлүүлэв бололтой.


УИХ дахь намын бүлгийн дарга Д. Хаянхярваа огцорсныхоо дараа “бүлгийн шийдвэрийг хүнтэтгэж байна. У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийг өөрийн  бланк дээр цуглуулна” гэж мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэл тэр өдөртөө шахуу хэлбээрээ олж цаасан дээр буун УИХ-д өргөн баригдсан юм. Гэхдээ түүнийг бүлгийн даргаас огцроогүй байсан ч энэ алхамыг эрт орой хэзээ нэгэн цагт хийх байсан гэсэн яриа ам дамжин ордноос халин түгж байна. Тэр үнэн биз. Түүнийг ийм алхам хийнэ гэж  мэдээд намын дарга өрссөн нь “гал дээр тос нэмсэнтэй” ижил болов бололтой.

Засгийн газрыг огцруулах УИХ-ын 27 гишүүний дотор УИХ-ын дарга М. Энхболдын гарын үсэг байсан нь дараагийн огцруулалтын галыг асаав. УИХ-ын 32 гишүүн “ М. Энхболд Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төсөлд гарын үсэг зурсан нь ашиг сонирхолын зөрчилтай байна. Түүнийг огцортол УИХ-ын чуулганд суухгүй” гэж гэдийв. Энхүү гишүүдийн гэдийлтийг улс төрийн хүрээнийхэн  боекойд гэж ярих боллоо.


УИХ-ын дарга огцрох мэдэгдэл аваад байгаа М. Энхболд, Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд би гарын үсэг зурсан нь ямар нэг хууль, эрх зүйн зөрчил байхгүй. Би энэ талаар балбан ёсныхоо хариуг өгсөн. УИХ-ын гишүүний хувьд надад тогтоол санаачлах санал өгөх эрх хадгалагдаж байгаа. Яг Засгийн газрыг огцруулах тухайн асуудлыг тэр гишүүд надаар даргалуулахгүй гэж байгаа бол дэд дарга тухайн хурлыг удирдаж болно. Засгийн газар УИХ-аас байгуулагдсан тул бүх зүйлд хариу өгөх, үүссэн аливаа асуудлаа хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй гэсэн тайлбар өгсөн байна.


Ерөнхий сайд У. Хүрэлсүх огцруулах шийдвэр гаргасан талаараа “МАНАН –г зайлуулах цаг болжээ.  М. Энхболд гэдэг хүнийг огцор гэж байгаа.  Үүнд хуулийн хүч, эрх мэдлийн хүч,  хүрэхгүй байна. Харин надад сэтгэл санааны хүч байна. Энд би нэг зүйлийг хэлье. Тэр 60 тэрбумын бичлэг үнэн шүү. Тэр яриаг М. Энхболд хийсэн. Энэ бол эвлүүлэг биш. Түүнийхээ төлөө энэ хүн огцрох ёстой. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих  гэсэн энэ оролдлогыг хийсэн үү хийсэн, ярьсан уу ярьсан. Үүнийхээ төлөө огцрох ёстой юм. Хэрэгжүүлсэн эсэхийг  би сайн мэдэхгүй байна. Энэ бол хууль хяналтын байгууллагын хийх ажил.


УИХ дахь намын бүлгийн дарга Д. Хаянхярвааг ажлаа өг гэж шаардсан нь үнэн. Тэр хүн санал хураалтаар огцорсон. Тэр хүн бүлгээ удирдаж чадаагүй, шудрага ёсны төлөө ажиллаж чадаагүй, 60 тэрбумыг хамгаалсан. Намын бүлгийн шудрага гишүүд огцруулсан байгаа.


Хотын дарга С.Батболдыг огцор гэсэн хурал нь болж байх шиг байна. Улаанбаатар хот дээр сэтгэл гаргаж утаа, замын түгжрэлтэй  тэмцэж чадаагүй. Цэцэрлэг, сургуулийг хугацаанд нь барьж чадаагүй. Удирдлагандаа байгаа  албан тушаалтнуудаа удирдаж чадаагүй. Энэ гурван асуудлыг гаргаж тавьсны төлөө Монгол Улсын Засгийн газар огцруулах асуудлыг гаргаж тавьсан юм” гэсэн тайлбар хийсэн байна.


НИТХ-ын хувьд хуралдаанаас МАН-ын болон Ардчилсан намын бүлэг хоёулаа завсарлага авах санал гарсан аж.  Ардчилсан намын бүлгийн  хувьд “ Улаанбаатар хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд У. Хүрэлсүх гаргасан байна. Асуудал тавсан хүн орж ирж тайлбар өгдөг. Түүнээс бид асуудаг. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга орж ирсэн байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулга асуудлыг авч хэлэлцэх гэж байхад Ерөнхий сайд өөрөө орж ирж тайлбар тавих ёстой. Ийм учраас У. Хүрэлсүхийг хуралдаанд орж иртэл засарлага авна гэсэн тайлбар хийжээ. Харин МАН-ын бүлэг энэ 25-ны дотор Засаг дарга төсөв өргөн барих ёстой. Хугацаа тулчихсан байхад, нийслэл Засаг даргагүй байж болохгүй. Ийм учраас 14 хонгийн завсарлага авах шаардлагатай гэж бүлгийн дарга Б. Мөнхчулуун хэлжээ.  Эдгээр тайлбарыг сонссоны эцэст НИХ-ын дарга С. Амарсайхан энэ сарын 27-н хүртэл завсарлага олгосон байна.


Ийнхүү “огцруулалт-2018” үргэлжилж байна. Энэ хэлбэрийн үйл ажиллагаа урт богино ямар нэг хэмжээгээр үргэлжлэх нь нийгэмд үлдээх хор уршиг  маш их байдаг.  Уг нь “жаргалын удаа зовлонгийн түргэн” гэдэг шиг энэ долоо хоногт шийдчихсэн бол дээр байсан гэж хэлж болно. Гэтэл огцруулах ажил дараагийн долоо хоногруу шилжлээ. Харин ирэх 2019 он руу бүү шилжээсэй. Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ