Лондонд орон сууцны байшингаас гар хийцийн хоёр тэсрэх төхөөрөг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-22 13:04:00
ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт оршдог орон сууцны хоосон байшингаас гар хийцийн хоёр тэсрэх төхөөрөг олдсон тухай тус хотын Цагдаагийн газар мэдээлжээ.

“Засвар хийж буй байшинд сэжиг бүхий хоёр төхөөрөг байна гэх дуудлага лхагва гарагт орон нутгийн цагаар 09 цаг 34 минутад Крейвен-парк дүүргээс ирсэн. Цагдаагийн ажилтнууд холбогдох хаягаар очиж, шинжээчид судалж байх хооронд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, хөрш зэргэлдээ оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, гудамжнуудыг хаалаа” гэж нийслэл хотын цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.

“Урьдчилсан дүгнэлтээр, тэсрэх төхөөргүүдийг хоёуланг нь гараар хийсэн нь тогтоогдсон. Төхөөргүүдийг аюулгүй болгосон бөгөөд одоо шүүхийн шинжилгээ хийж байна” гэж Лондоны цагдаагийнхан мэдээлжээ.

Цагдаа нар орон сууцны байшингийн гадна эргүүл хийсэн хэвээр байгаа аж. Лхагва гарагийн үдээс хойш гудамжнуудын бүслэлтийг авч, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчид гэртээ харьцгаасан байна.

“Лондон хотын Цагдаагийн газрын терроризмтой тэмцэх хэсгийн мөрдөгчид одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэд уг төхөөргүүд чухам яагаад энэ газарт байсныг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээлэлд дурджээ.
Холбоотой мэдээ