Сувдан эргийг бөмбөгдөх үеэр амьд үлдсэн хамгийн ахмад дайчин нас нөгчжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-11-22 15:01:09
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Хавай муж улсын Оаху арлын Сувдан эрэгт байрладаг тэнгисийн цэргийн бааз руу Японы агаарын хүчин гэнэт дайрах үеэр амьд үлдсэн хамгийн ахмад дайчин Рэй Чавес 106 насандаа нас нөгчсөн тухай “San Diego Union-Tribune” сонинд мэдээлжээ.

1941 онд Японы цэргүүд халдсаны дараа амьд үлдсэн дайчдаас хамгийн ахмад нь гэж түүнийг Сувдан эргийн ахмад дайчид гурван жилийн өмнө тодруулснаас хойш Чавест нэр төр алдар хүнд иржээ. Тэрбээр Цагаан ордонд зохион байгуулдаг "Дайнд амь үрэгдэгсдийг дурсах өдөр" зэрэг ёслолын арга хэмжээнүүдэд хүндэт зочноор оролцдог байсан байна.

Ахмад дайчин өөрийгөө Калифорни муж улс дахь цэргийн оршуулгын газарт оршуулахыг хүссэн тухай охин Кэтлин нь ярьжээ. Энэ асуудлыг одоо хэлэлцэж байгаа аж.

1941 оны 12 дугаар сарын 7-нд Сувдан эрэгт байрлах баазад япончууд агаараас цохилт өгсний улмаас 2400 гаруй хүн амиа алдаж, 1200 хүн шархадсан бөгөөд АНУ-ын Номхон далайн флот бараг бүхэлдээ жагсаалаас гарсан юм. АНУ тэр өдөртөө Японд дайн зарласан билээ. Япончууд Тэнгисийн цэргийн хүчин нь ялагдаж, Америк Хирошима хот дээр цөмийн бөмбөг хаясны дараа 1945 оны есдүгээр сарын 2-нд бууж өгчээ.
Холбоотой мэдээ