Үндэсний урлагийн их театр өвөл цагийн нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын шинэ он гартал тоглох тоглолтын хуваарь гарлаа.
Тус театрын уран бүтээлчид 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ сарын энэ сарын 28, 29, 30-нд "Наран тамгатай талын монгол " концертоор нээнэ.
Төрийн шагналт,
УГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан энэхүү бүрэн
хэмжээний концертод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадын
нэрэмжит дуучид, Монгол төрийн Их Найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ардын
жүжигчин, Төрийн шагналт, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох юм.
Харин ирэх сарын 1, 2 нд "Монголын их хатад"
бүжгэн туульсын 5 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөний
тайзнаа болно. Уг тоглолтын ерөнхий продюсерээр УГЗ Г.Цоггэрэл, эх зохиолыг Н.Болд, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт Б.Мөнхболд, дэглэн
найруулсан УГЗ Д.Баярбаатар, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, хөгжмийн
найруулга М.Бирваа, бүжиг дэглээчээр МУГЖ А.Даваахүү, Х.Хашхүү, удирдаачаар
УГЗ Н.Буянбаатар нар ажиллаж байна.
Мөн ирэх сарын 18, 19 нд "Уул усны шивнээ " шинэ
уран бүтээлийг үзэгчдэд өргөн барих
юм. Энэхүү уран бүтээл нь шинэлэг эрэл
хайгуул хийх, монгол өв уламжлал, ёс заншил, уул, ус, газар шороогоо дээдэлж
язгуур уламжлалыг сурталчлах, уран сайхны чанар чансааг эрхэмлэх, график
төлөвлөгөөний дагуу ажиллах, уран бүтээлчдийн ур чадварт дэвшил авчрах, театрын
урын санг сонин содон хөгжмийн зэмсгүүдээр баяжуулах, тус театрын урын санг
язгуур уламжлалаар хөгжүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэнэ гэдгийг уран бүтээлчид
хэлж байна. Тоглолтод ҮУИТ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин
Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон, Үндэсний Их Найрал Хөгжим, Төрийн шагналт,
Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид оролцох юм.