Цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулахыг “Кибер сүлжээ” киноноос үзээрэй

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-12-03 13:55:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдааны “Уран сайхны кино” төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиол кино бүтээл болж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Соёл урлагийн газраас уг зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан. Уралдаанд нийт 8 төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр “Сарны Чулуу Анар” ХХК-ийн ТВ 6 телевиз шалгарч уг төслийг гүйцэтгэсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх зорилготой. Кино зохиолтой танилцахыг хүсвэл дараах линкээс татан авах боломжтой.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

Энэхүү уран сайхны кино энэ сарын 07-нд нээлтээ хийх бөгөөд телевизийн сувгууд болон IPTV-ээр үзэгчдийн хүртээл болох юм. Зураг авалтыг Нийслэлийн 20 дугаар дунд сургууль дээр авсан бөгөөд киноны гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулж, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход анхааруулах юм.

Холбоотой мэдээ