Иргэдийн хурлын төлөөлөгчид "Цагаан туузтаны хөдөлгөөн” аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-06 10:45:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанд оролцож байгаа 36 төлөөлөгч "Цагаан туузтаны хөдөлгөөн” аянд нэгдлээ.


Тус аянд нэгдсэнээр энгэртээ цагаан тууз хатгаж "Цагаан туузтан хөдөлгөөн"-д нэгдсэн хэн бүхэн "Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй" гэдгээ илэрхийлж байгаа гэнэ. ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны төсөв батлах, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Хөвсгөл аймагт хийгдэж буй ажлын тухай мэдээлэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээний тухай хэлэлцэнэ.


Мөн нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах, зардлын нэгж тариф батлах, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох, 2019 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, баг шинээр байгуулах, татан буулгах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх ажээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ