“Нутгийн брэнд бүтээгдэхүүн” аяныг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-06 09:45:09

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ аймгийн ХХААГ-тай хамтран нутгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах аяныг аймгийн хэмжээнд зарлаж ирэх жилийн есдүгээр сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

Орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой аяны нээлтийг арван хоёрдугаар сарын 05-нд Сайншанд хотод зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэн сайн сурталчлах, брэнд бүтээгдэхүүн бий болгох, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, өнгө үзэмж, хэрэглээний заавар, орц норм, хадгалах хугацаа, бар кодтой болох зэрэг сургалт, тэмцээнийг зохион байгууллаа.

Аяны хугацаанд  Дорноговийн шилдэг брэндийг тодруулах, үйлдвэр эрхлэгчдийг нэгтгэх, тэдэнд бизнес арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулах зэрэг олон ажлыг  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Одоогоор Дорноговь аймагт  хүний эрүүл мэндэд нэн тустай гэгддэг Загсгал цай, “Хутагтын говийн тэмээчин” хоршооны ингэний хоормог, буцалгаа,  “Гэрэлт шанд” ХХК-ний “Хөмүүлтэй хиам”, “Хөх тэнгэрийн цахиур” ХХК-ний “Суварга” торт, байгалийн чулуугаар төрөл бүрийн бэлэг дурсгал урлагчдын “Чулуун гоёл” зэрэг бүтээгдэхүүн  хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байна.Дээрх ажлыг  ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй “Нэг суурин-Нэг бахархал” аяны хүрээнд зохион байгуулж буй.

Холбоотой мэдээ