“Гарааны үйлдвэрлэл”-ийг дэмжиж 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-13 11:18:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  “Эрдэнэт  ШУТП” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар

/ОНӨААТҮГ/ энэ онд 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнийгээ “Гарааны үйлдвэрлэл”-ийг дэмжихэд зарцуулахаар болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.

Ингэхдээ 19 иргэнд хүүгүй, барьцаагүйгээр хоёр хүртэлх сая төгрөгийг 18 сарын хугацаатай,  гурав хүртэлх аж ахуйн нэгжид нийт 100 сая буюу нэг компанид 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гол нь үйлдвэрлэлийн төсөлд хөрөнгө оруулалт хийнэ гэж тус паркийн захирал Г.Энхбаяр хэллээ.

Үйлдвэрлэлийн төслийг дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, инновацийг нэвтрүүлэх гол ач холбогдолтой юм.

Иймд иргэн, аж ахуйн нэгжийн төслийг  “Эрдэнэт ШУТП”  2019 оны нэгдүгээр сарын 11 хүртэл хүлээн авч, дараа нь сургалтад нэг сарын хугацаатай хамруулж улмаар хоёрдугаар сарын 11-ээс төсөл сонгон шалгаруулалт явуулж хөрөнгө оруулалтаа хийнэ. Ингэхдээ иргэдэд хүүгүй, барьцаагүй хэлбэрээр  олгоно. Харин гурав хүртэлх аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн төслийг дэмжихдээ “Эрдэнэт ШУТП” хамтарсан компани байгуулж тодорхой хувийг нь эзэмших ажээ.

“Эрдэнэт ШУТП” нь 2017 оны 10 дугаар сард байгуулагдаж гагнуурын электрод үйлдвэрлэж, хүний бие дэх хүнд металлыг илрүүлэх “Хүний Экологийн төв” лаборатори, жилийн дөрвөн улирал ашиглах хүлэмжээ туршилтаар байгуулаад байна. Тус паркын үйлдвэрлэсэн гагнуурын электродыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиглаж импортын хэрэглээгээ багасгажээ. Мөн “Хүний Экологийн төв” нь Монгол Улсад анх удаа мэргэжлийн лабораторийн итгэмжлэлээ авч Говил багийн иргэдийн үс болон ундны усанд химийн хүнд металл илрүүлэх судалгаа хийжээ.

Холбоотой мэдээ